Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Британийн бизнес форумыг нээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржийн  2012 оны 7 дугаар сар 30-ны өдрийн арилжааг нээлээ. Энэхүү арилжаа нь “Лондон 2012” зуны 30 дугаар олимпийн наадам эхэлснээс хойшхи анхны арилжаа юм.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал ноён Ш.Ролетэй уулзаж ярилцлаа. Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа үр дүнтэй , амжилттай үргэлжилж байгаа талаар ноён Ш.Роле ярив. Тэрээр  “Бид Монголын хөрөнгийн биржийг дэлхийн хэмжээний сонгодог хөрөнгийн  бирж болгохыг зорьж хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд монгол дахь хөрөнгийн зах зээлийн орчинг сайжруулах, зэх зээлд оролцогчдын сонирхлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон ажил хийж байна” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц болж буйг онцлов.

Дараа нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондонгийн хөрөнгийн биржид эхэлсэн Монгол-Британийн бизнес форумыг нээж үг хэллээ. Мөн энэхүү нээлтэд Кентийн хунтайж Майкл,  Бизнес инновац, ур чадварын яамны сайд  Лорд Грийн,  Монгол- Британийн Худалдааны танхимын тэргүүн Ж.Гроган нар  оролцсон юм.

Ноён Лорд Грийн  Монгол Улсын Ерөнхийлөгчийг нээлтийн үг хэлэхийг урихдаа “  Эрхэм Ерөнхийлөгч таныг Саяхан  хүртсэн олон улсын нэр хүнд бүхий “Эх дэлхийн манлайлагч “ шагналтай адилтгаж бид Авилгын эсрэг манлайлагч хэмээн нэрлэж байна. Авилгагүй нийгэмд эдийн засгийн үр өгөөж хүртээмжтэй байх нь зүйн хэрэг билээ” гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ардчилал, хүний эрхийг баталгаажуулж, хууль эрхзүйн шинэчлэлийг эрчимжүүлж, олон талт эдийн засгийг хөгжүүлж, баялгийн хуваарилалтыг  хүртээмжтэй байлгах бодлого баримталж байгаа талаар танилцуулав.

Монгол- Британийн бизнес форумд хоёр орны 200 гаруй бизнес эрхлэгчид оролцлоо. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, Британид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийг сурталчлах, бодит хөрөнгө оруулалтыг өсгөх, бизнесийн түншийн холбоог бий болгох, бизнес төлөөлөгчдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэмжээ болж буйг хоёр талын бизнесийн төлөөлөл санал нэгтэй хэлж байлаа.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад Британийн 51 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий 100 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулжээ. Монголд хөрөнгө оруулсан хэмжээгээрээ Британи нь ЕХ-ны гишүүн орнуудаас 2 дугаарт орж байгаа юм. 2011 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 100 сая америк доллар байна.

Монголын эдийн засгийн хурдацтай хөгжлийг даган Британийн хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагууд, тухайлбал  Лондонгийн хөрөнгийн бирж, Европын сэргээн босголт банк, Хөгжлийн банк зэрэг Лондонд төвтэй банк санхүүгийн байгууллага манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол нэмэгдэж байгаа билээ.  Дэд бүтэц уул уурхай, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн томоохон төсөл хөтөлбөрийг санаачлах, туршлага солилцох, Монголын бизнес, аж ахуй эрхлэгчидтэй холбоо тогтоох олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү 2012 оны 7 дугаар сар 30-ны өдөр Монгол-Британийн бизнес форум юм.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих