Албан тушаалын шунал

Шунал ихэдвэл шулам болдог гэж өвөг дээдэс сургадаг. Энэ үг зүгээр ч нэг хэлсэн ишлэл биш биз. Аливаа юм ихэдвэл юу болдгийг хэн хүнгүй мэдэх хойно энэ тухай нуршаад яахав. Сүүлийн үед улстөрчдийн албан тушаалын шунал хэрээс хэтэрлээ. Арай дэндэж байна. Бүр элэг доог хүрмээр, зэвүүцэл төрүүлмээр болж. УИХ-ын даргаа сонгох хариуцлага бүхий анхдугаар чуулган, МАН-ын Бага хурал, Цэцийн асуудал гээд өнгөрсөн долоо хоногт улс төрийн халуухан үйл явдлууд өрнөлөө.

Улс орны эрх ашгийн төлөө ажиллана хэмээн ард түмний итгэлийг хүлээсэн намууд төрийн машиныг хурдлуулах болохоор яг л нэг тэргэнд том жижиг дугуй хийчихсэн аятай бие биедээ чирч, чирэгдэн явсаар эцэст нь нам зуураад зогслоо. Үүнийгээ төрийн ажил гацаж байна ч гэж нэрлэх. Хэн нь буруутай вэ гэдэг асуултад аль аль нь өөрсдийгөө өмөөрч эвтэйхэн аргалаад гарахыг хичээж буй. Чухам юунаас болж төрийн ажил гацаж байна вэ гэдэг нь өнгөрсөн долоо хоногт намуудад өрнөсөн үйл явдлаас илэрхий.

Хатуухан хэлэхэд ердөө л хэн, хаана дарга болж, ямар сандал дээр суух вэ гэсэн албан тушаалын төлөө яс булаацалдсан ноход шиг “үзэлцлээ”. МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН болоод гурван бие даагчид аль нь ч ялгаагүй эрх мэдлийн төлөө гүйсээр засаг төрөө эмхэлж чадахгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөө төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн уриа тангараг болсон улстөрчид маань сонгуулийн дараа шунал, мөрөөдөл хоёроо ялгаж ядан, тэнтэр тунтар яваа бололтой.

ИХ-ын сонгууль өнгөрснөөс хойш намууд зөвхөн юуны төлөө амьсгалж буй билээ. Ердөө л албан тушаалын төлөө унтах нойр идэх хоолоо умартан тэнэгтэцгээж байна.

МАН-ын Бага хурлыг төрийн ажлаас намын эрх ашгийг илүүд үзсэн хурал хэмээн дүгнэх нь оргүй хоосон зэмлэл биш гэдэгтэй өөрсдөө ч санал нийлэх биз. Цоожтой хаалганы цаана гурван өдөр дараалан хуралдсан уг хурал хариуцлага хүлээх нэртэй “тулаан” байлаа. Албан тушаалын төлөөх шунал энд язганав.

Тойрог сонгогчдынхоо итгэлийг хүлээж, УИХ-д дөрвөн жил сууж эцэст нь “муу” гэсэн үнэлгээ авчихаад намынхаа удирдлагад орно хэмээн зүтгэж байгаа хүмүүсийн нэрс ч мэр сэр дуулдлаа. “Би ямар бие даагчид ялагдсан болохоос намд ялагдаагүй” хэмээн өөртөө бус намдаа бурууг өгч, тэгээд намдаа шинэчлэл авчрах тухай том бодол тээгсдийг юу ч гэмээр юм бэ дээ. Энэ бол нийтэд ил байсан энгийн жишээ. Нэгхэн тойргийн сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй хана мөргөсөн нөхөр нэр хүнд нь навс уначихаад байгаа намдаа ирэх дөрвөн жилийн хугацаанд сэргээш хийж барах уу. Хөх инээд хүрэм. Энэ асуултад цэцэрлэгийн хүүхэд ч дөмөгхөн хариулт өгөх байх.

Таминь энэ улстөрчдөд чинь өөрийгөө голох, дүгнэж үзэх ухаан байна уу. Уг нь 90 жилийн нүүрийг үзэж буй энэ намд албан тушаал эрх ямбанд бал мэт дурлахаасаа өөртөө дүгнэлт хийж нэг гараа нөгөө гараараа бариад авах ганц ч болов боловсон хүчнийг бэлдсэн л байх учиртай даг.

Тус намын бага хурал дээр энэчлэн албан тушаалын шунал олон янзаар илэрч байна аа. Нэг нөхрийн элэг авам жишээг хэлье. Дүүргийн засаг байж байгаад огцорсон гэж байгаа, тэгээд яаж яваад ч юм бүү мэд хотын удирдлагад очжээ. Ингээд зогссонгүй УИХ-д нэр дэвшжээ. Ингээд ялагджээ. Тэгснээ намын Удирдах зөвлөлд орно гэхэд нь намын нэг залуу нөхөр зөвлөх зэмлэхийн хоорондоо хэдэн үг хэлж толгой сэгсрэн хэлэх үг олдохгүй байсан гэнэ лээ. Үнэхээр хэлэх үг олдохгүй үе байдаг даа.

МАН бутарч МАХН хэмээх намыг Н.Энхбаяр байгуулсан нь ч мөн эрх мэдлийн төлөөх шунал хэмээн ажиглагчид болоод түүнийг сайн мэдэх хүмүүс хэлсэн байдаг. Үнэндээ намыг байгуулахаасаа эхлээд унаж босох бүртээ ард түмний сэтгэлээр наадаж, тархийг нь угааж явсан энэ эрхмүүд өнөөдөр төрийн сэнтийд заларсныхаа дараа харц нь хаашаа байна вэ гэдгийг олон хүн анзаарч байгаа байлгүй.

АН-д ч мөн адил дүүрэгт өрсөлдөж, мулт үсэрчихээд намын ялалтаар түрүү барьж дарга болох тохироогоо бүрдүүлж авсан ч түүндээ сэтгэл нь ханалгүй бүр намын удирдлага болохоор нүүрээ ширлэсэн хүмүүсийн сураг дуулдаж эхэллээ. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүний суудалд ард түмний дэмжлэгээр морилчихоод болоогүй ээ, Засгийн газар сайдаар суучихвал гээд шүлсээ залгилж яваа эрхмүүд ч түрүүчээсээ зэс нь цухуйж эхэллээ.

Яг л “алтан загас”-ны эмгэн шиг авирлацгааж, шунал хүсэлдээ бачууран төрийн нурууг гуйвуулан явна. Тэр ч байтугай бүхэл бүтэн нам толгойлж сонгуульд оролцож зөвхөн өөрсдөө гарчихаад аль нэг ялсан нам руу нь наарлан унаж сайдын суудал горилон хэл гэсэн үгийг нь тоть адил давтан яваа ИЗНН-ын удирдлагуудыг энд дурдахгүй өнгөрч боломгүй.

Шунал ихэдвэл шулам болно гэж жаахан байхад хүмүүс хэлдэгсэн. Манай төр түшилцэх гэж буй түшээд маань яг л шарсан махны амтанд орчихоод эргэж гарч чадахгүй болчихсон муур шиг албан тушаалын төлөө хумсаа нуун гэтэцгээх нь. Бүгдээрээ шахам тэрбумтан гэх гунших зүүх болсон хэр нь нүдэнд харагдаж, гарт баригдах зүйлсийг юуг ч үлдээхгүй шахам шунах нь тэр. Уг нь нэр алдар, магтаал албан тушаал гэдэг өөрөө шатаад дуусах хүжтэй адил гэдгийг эртний сургаал номонд бичсэн байдгийг эрх биш төр түшилцэх гэж яваа эрхмүүд маань уншсан л биз.

Гэтэл албан тушаал, эд мөнгөний төлөө нүүрээ ширлэх нь битгий хэл нүдээ ухаад өгөх нь холгүй яваа эрхэм улстөрчид нам, фракциараа хуваагдан зөвхөн өшөө хорсол тамга тэмдгийн тухай бодож явах нь улс орны хөгжил дэвшил ирээдүйг хааш нь юунд хүргэх вэ, бурхан минь.

Б.Даваа

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих