Зүүн Азийн хөрөнгө оруулалтын экспо болно

Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтын наймдугаар экспо энэ жил есдүгээр сарын 6-11-ний хооронд БНХАУ-ын Чанчунь хотын “Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төв”-д болох гэж байна. Энэ нь Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан олон улсын хурал, үзэсгэлэн бөгөөд жилээс жилд өөр улс орнууд ихээр хамрагдах болжээ. Энэ үеэр Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос Япон, Монгол, ОХУ, Тайвань, Хонгконг, Макао, Малайз, зэрэг улс орнуудын 100 гаруй мянган бизнес эрхлэгчид тогтмол оролцдог байна. Үзэсгэлэн, олон улсын хурлын зорилго нь Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалтыг татахад чиглэдэг гэнэ. Үүнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд бүртгэж байгаа ажээ.

Монгол Улсын нийт бараа эргэлт долдугаар сарын хагасаар гэхэд, өмнөх оны мөн үеийнхээс 857.2 сая ам.доллар буюу 18.2 хувиар нэмэгдсэн. Үүний дотор импортын хэмжээ 587.7 сая ам.доллар буюу 21.6 хувь, экспортын хэмжээ 269.5 сая ам.доллар буюу 13.5 хувиар өссөн нь нөлөөлжээ. Улс орны эдийн засгийг бүрдүүлэгч чухал хүчин зүйл болох экспортын 98.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт  ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл болон эд анги эзэлж байгаа аж. Тиймээс эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулж, хөрөнгө оруулалт татахын тулд дээрх хурал ач холбогдолтой талаар албаныхан онцолж байна.

У.БОЛОР

URL:

Сэтгэгдэл бичих