АНУ-д хүүхэд хулгайлсан эмэгтэйд 12 жилийн хорих ял оноожээ

1987 онд Нью-Йоркийн эмнэлгээс19 хоногтой нярай охиныг хулгайлсан эмэгтэйд АНУ-ын шүүхээс12 жилийн хорих ял оноосон байна.

Өдгөө 50 настай Анн Петтуэй гэх эмэгтэй эмнэлгээс хулгайлсан охиноо төрсөн хүүхэд шигээ өсгөж Нэтти Нэнси гэж нэрлэжээ. Харин өнгөрөгч хоёрдугаар сард шүүхээс түүнийг хүн хулгайлсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.

Тэрбээр хоёр удаа үр зулбаж байсан тул хүүхэдтэй болохыг маш ихээр хүсдэг байсан тухайгаа шүүхэд мэдүүлээд энэ нь дээрх хэргийг үйлдэх гол шалтгаан нь болсон гэжээ. Анн Петтуэй шүүх хурлын үеэр охины гэр бүлээс уучлалт гуйж тэдэнд ямар хэцүү байгааг ойлгож байна гэсэн байна.

Хохирогч охиныг Карлин Уайт гэдэг бөгөөд тэрбээр 2010 оны нэгдүгээр сард жирэмсний хяналтанд орох болж Петтуэйс төрсний гэрчилгээгээ хүссэн боловч авч чадаагүй байна. Энэ нь түүнд сэжигтэй санагдаж Сураггүй алга болсон хүүхдийн үндэсний төвд ханджээ. Гэтэл түүний ДНХ-ийн шинжилгээгээр Карлин Уайт 1987 онд хүүхдээ алдсан Карл Тайсон, Жой Уайт нарын төрсөн охин байсан нь тогтоогдсон байна.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих