Иргэд үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалахгүй байна

-Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна-

Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн н.Бурмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед усархаг бороо ихээр орж, үерийн аман дээр буусан айлууд үерт автаж, эсвэл усанд осолдох тохиолдол нэмэгдэх боллоо. Иргэдийг дээрх аюулаас урьдчилан сэргийлэхээр ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах албан даалгаврын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтраад завьтай эргүүл ажиллуулж байна. Өдөр болгон эргүүлд гарч байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлээд наймдугаар сарын 25-ныг хүртэл энэ ажил хийгдэнэ.

-Завьтай эргүүл хаагуур явж байгаа вэ. Ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?
-Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх зайнд завьтай эргүүл хийнэ. Энэ замын дагуу сэрэмжлүүлэг хийж, чанга яригчаар ярьж, зурагт хуудас тарааж байна. Мөн аврах бүлэг, цагдаа нар хамтран ажиллаж байгаа юм.

-Одоогийн байдлаар хичнээн хүний амийг авраад байна. Үр дүн хэр байгаа вэ?
-Одоогийн байдлаар 46 хүний амь насыг аварчихаад байна. Усанд орсон, боогдсон, автомашинтайгаа голын дунд ороод зогссон, усанд хөл алдсан гэх мэт олон дуудлага ирсэн. Аврах ажиллагаа явагдаад гурван жил болж байна. Өнгөрсөн жил голд хүн осолдоогүй. Ер нь үр дүн сайтай байдаг. Харин энэ жил хоёр хүн голд осолдсон.

-Хэдэн насны хүмүүс голд осолдох нь элбэг байна вэ?
-Насны хувьд янз янз. Ер нь эрэгтэй хүн, хүүхэд, залуучууд л ихээр өртөж байгаа. Эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс болж хүүхдүүд осолдож байна.

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хичнээн айл үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа вэ?
-Манай судалгаагаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2269 айл үерийн аюултай бүсэд байна. Үүний 80 хувьд нь биечилж очин шаардах хуудас өгсөн. Энэ жил усархаг жил болж байна. Дахиад усархаг бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна.

-Энэ жил харьцангүй хур ихтэй байна уу?

-Сүүлийн хэдэн жил хуурайвтар байсан учраас намагтай газар амьдардаг хүмүүс тайвширсан. Усархаг жил болж байгаа учраас хуучин намагтай байсан газрууд эргээд усанд автаж байна.

-Ер нь иргэд ямар тохиолдолд танайд хандаж байна?
-Ард иргэд өрөөсгөл ойлголттой байдаг. Жорлон нь бохирын усаар дүүрэхэд өөрсдөө цэвэрлэдэггүй. Онцгой байдлын газрыг ирж усыг нь соруул гээд утастаад байдаг. Бид айлын жорлон соруулахаас илүүтэй хүний амь насыг аврахаар очно шүү дээ. Гэтэл Онцгойгийнхон ирсэнгүй гээд гомдоллодог. Үүнд иргэдийн хамтын ажиллагаа, чин сэтгэл дутагдаад байгаа юм.

-Үерийн аман дээр буусан айлуудад шаардах хуудас өгөөд байдаг. Энэ дагуу нүүж байна уу?

-Зарим усанд автсан айл зундаа нүүчихдэг. Өвөл болохоор буцаад ирдэг. Хавар очиход нөгөө айл нь дахиад л байх жишээтэй. Эсвэл усанд автдаг газраа мэдэхгүй хүмүүст намар нь зарчихдаг. Тэгээд газрыг авсан иргэн хохирох тохиолдол нэлээд гарсан. Тиймээс иргэд хашаа хороо худалдаж авахдаа анхаарах хэрэгтэйг сануулъя.

Д.Минжмаа, М.Төгс-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих