С. Баяр яагаад дуугарахгүй байна вэ

АНУ-д түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр гэж хэн мэдэх билээ. Өдийд тэрбээр саравчтай малгай өмсчихсөн аль үнэтэй буудалд Ази жуулчны маягаар тухлаад л явж байгаа. Тансаг буудлын үйлчлэгч нар “Энэ их мөнгөтэй хөгшин хужаа мөн ч их хэсч байна даа” гэж бодохоос өөр яах билээ. Түүнийг энд тэнд явна гэсэн таамаг төдий зүйл сонсохоос, УИХ-ын чуулган гээд түүний байх ёстой газарт барааг нь харахаа болиод удав. Саяхан  болж өнгөрсөн “Эх орон, шударга ёс хэлэлцүүлэг дээр Ерөнхий сайд асны нэр хамгийн ихээр дурьдагдсан.
Тэгэхээр энэ эрхэм Монголын нийгэмд ийм хэрэгтэй хүн үү, эсвэл томоохон гэмтэн болоод тэр үү, мэдэх юм алга. Ямар ч гэсэн олны анхаарлыг ихээр татаж, түүнийг их багагүй үгүйлж суух болжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд тэнд цугларсан бүх л хүмүүс түүнийг сайн гэхээс саараар дурсав. Харин Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний үймээний үеэр Ерөнхий сайд байсан С.Баяр онц байдал зарлуулсан хэмээн ярив. Маш ноцтой байж мэдэх мэдээллийг тэрбээр өгөв.
Н.Энхбаяр тэр үед хамгийн том хүн байсан учраас түүний үг үнэтэй мэдээлэл байж таараа. Би улсын нууц гэж юу байдгийг мэднэ гэж байгаад ярьсан байна лээ. Гэтэл “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Н.Бямбаа хэмээх эмэгтэй “Долдугаар сарын 1-ний үймээнийг дээд зэрэгт хүргэсэн хүн бол Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн С.Баяр. Тэр хүн хаа байна гэвэл Нью-Йоркийн хамгийн үнэтэй буудалд л байж байна” хэмээн хамт буудалд байгаад ирсэн шиг баталж хэлсэн.
Харин О.Магнай тэргүүтэй хэсэг нөхөд түүнийг Европын улсууд болон АНУ-д хэл тавиулахгүй баихыг сануулсан баримт үйлдээд Элчин сайдын яамдад барьсан. Зарим нь бүр Б.Хурц шиг баривчлуулахыг ч хүсэмжилсэн бололтой. Энэ мэт гаргалгааг хүн бүр л өөр өөрийнхөөрөө барин тавин хэлж байлаа.
“Олны үг ортой” гэдэг. Тэгэхээр Ерөнхий сайд асан АНУ-ын хотуудаар л зугаалж явах нь. Түүний хамгийн дотно анд болох орос ах нар бол түүнээс нэгэнт нүүрээ буруулсан учир хойд хөрш рүү хэл тавихгүй. Тэрийгээ ч мэдэх толгой юм байгаа биз.
Хүмүүсийн түүнийг эрэлхийлсэн байдал, нийгмийн уур амьсгал тэр чигтээ түүнийг гэмт хэрэгтэн мэт бодож, бараг л зугтаад Монголд ирэхгүй байна гэсэн харыг төрүүлж байх шиг. Түүнчлэн хамтран зүтгэгч нарын хувьд ч түүний тухай ямар ч хариулт, тайлбар өгөхгүй байгаа нь сэжигтэй. Мэдээж, хамтран зүтгэгч гэдэг нь МАН-ын нөлөө бүхий хэсэг нөхөд. Харин эсрэг талынхан бол тэр хаа яваад байна. “Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур” түүнийг бараг л барьж хорих тухай л ярих юм.
Чухам дэргэд нь харагдаад байсан бол ингэх эсэхийг бүү мэд. С.Баяр биеийн байддаасаа ч бай, бэлчээрийн байдлаасаа ч бай ийн алга болоод байгаа нь түүнд эсрэгээр нөлөөлж эхэллээ. С.Баярыг улс төрийн жижиг хүчнүүд, нийгэм тэр чигээрээ долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгаж, томоохон хөрөнгө оруулалтын гэрээг хууль бус баталсан хэрэгт сэжигтнээр “татчихав”. Бодвол тэдэнд баримт байгаа биз ээ. Зарим нь бүр ялын тогтоол төлөвлөж сууна. Мэдээж түүнийг байхгүй хойгуур шүү дээ.
Гэхдээ л түүнийг хэрэгтний ширээнд суулгах гэсэн бүлэглэлийн анхны шан нэгэнт татагдлаа. Шан татна гэдэг бол ямар нэг зүг рүү хөтлөх нь лавтай. Чухам яагаад эх орондоо байхгүй байгаа нь л тун их сонирхол татаад байгаа хэрэг. Улс төрийн жижиг хүчнүүд, иргэний төлөөллүүд гээд бүгд л түүнийг буруутгах аянд нэгэнт дөрөөлчихөв. Ингэх тактикийг хийж байгаа хүн хүчин ч бий байх. Ерөнхий сайдын ажлаа яах гэж өгсөн тухай тайлбар, фактууд хэвлэл мэдээллээр үзэгдэх болов.
Зугаа цэнгэл хөөх гэж ажлаа өгсөн гэсэн явган шог ярианаас эхлээд томоохон хөрөнгө оруулалтын гэрээг батлах нь түүний хувьд хамгийн том ажил байв. Нэгэнт хэргээ бүтээсэн хүн ажлаа өгөхөөс яахав гэх зэрэг тайлбаруудыг удаа дараа хүргэж байна. Туйлшрах дуртай ард түмний засгийн тэргүүнээр ажиллаж байсан хүн нэгийг бодож хоёрыг тунгааж, өнөөдрийн Засгийн газар бусад удирдлагуудад ихээхэн найдаж яваа байхыг үгүйсгэмгүй.
Харин хөнддөнгөөс ажихад С.Баяр гэдэг нөхрийн хутгаж орхисон бантанг далдруулах гэж МАН-ынхан ихэд зовж байна. Засгийн газар ч сандарч байна.
Ингэхэд ер нь С.Баяр гэдэг нөхөр хаа явна вэ. “Солонгост архи ууж, Сингапурт шараа тайлж явна уу” эсвэл Ныо-Йоркийн хамгийн үнэтэй буудалд баян хужаа мэт харагдаад явна уу. Эртний сайхан Дайду хотод Тогоонтөмөр шиг тамгаа аваад зугтахад бэлэн байна уу. Олны дүгнэж цэгнэж байгаагаас үзэхэд тэр лав биеэ эмчлүүлээгүй бололтой. Чухам яагаад харьд гуниж, бор дарсанд хөллүүлж байсан эртний хаад шиг яваад байна вэ. Тэрбээр дуугүй байх тусам хэрэгт гүн хутгалдах эсэхийг хэн мэдлээ. Гэхдээ Н.Энхбаярын мэдээллийн мөрөөр 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт шинэ тайлбар, хуудас нэмэгдэх нь гарцаагүй боллоо.
Энэ хэргийн талаар С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авч, Н.Энхбаярыг гэрчээр татахаар болсон байна Хэргийн үнэн мөнийг л олоосой .

С. Ууган


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих