Гологдмол эрчүүд

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монгол эрчүүдийн тухай таагүй бичлэгүүд үзэгдэх болсон. Харь эрчүүдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүд, монгол эрчүүдийн тухай мөнөөх л архичин, залхуу, арчаагүй гэсэн тодорхойлолтоо л давтана. Миний таних , өрх толгойлж, амьдралаа авч яваа нэг бус бүсгүйчүүд ч энэ шалтгаандаа дээрхи тодорхойлолтуудыг нэрлэхийг ч сонсож байсан. “Уужуу ухаантай, уул шиг түшигтэй”, ” Гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр”, ” монгол эрийн жавхаа, сүлд хийморь ” гэхчилэн, хуурай нойтон олон магтаалын цаана, өдгөө бүсгүйчүүддээ гологдоод байгаа мөнөөх шалтгаанууд  нуугдаж л байгаа.

Эрчүүд бүгдээрээ биш ч, тодорхой хэсэг нь өнөө цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч, хоцрогдож, энэ нь монгол эрчүүдийн нэр хүнд үнэлэмжинд муугаар нөлөөлж байгаа нь  гашуун боловч үнэн. Түүгээр ч үл барам энэ байдал нь Монголын үндэсний аюулгүй байдал, нийгмийн харилцаанд муугаар нөлөөлж болзошгүйд хүрч байгааг бид мэдэрсээр хэрнээ дуугүй байсаар.

Монгол эрчүүдийн энэ хоцрогдол нь бие биенээ доромжлох, заналхийлэх, эрлийз хурлийз болон яс үндсээр цоллон доромжлох, эв нэгдэлгүй бүдүүлэг, замбараагүй байдлаар илэрсээр л байгаа. Хүчирхийллээр бус, ухамсар ухаарал, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр бүх зүйл шийдэгдэх болсон өнөө цагт бид энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй болж байнаа.

Эх орон нь хүнд хэцүү цагт эрчүүдээ дуудан, тэдний сэтгэл зүрх, хөлс хүч, дусал цус, алтан амиар тусгаар тогтнол, эрч чөлөө, газар нутгаа авч үлддэг байсан бол, энэ л ороо бусгаа цагийн, хатуу хайрууд тэднийгээ үл анзаарахын учир юун. Эх орны тусгаар тогтнолд эр хүний эр зориг, дусал цус, хөлс хүч хэрэгтэй байдаг бол, энх амгалан , их хөгжлийн эрин үед ч тэдний ур ухаан, мэдлэг хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээр нь хэрэг бопох л учиртай.

“чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө, чиний төлөө  үхье гэж эх орондоо л би хэлдэг” хэмээн халамцуу үедээ омогшин хөөрөлхөх тэр эрийн сэтгэлд эх орны дуудлага үгүйлэгдэж байгаа. Агсам хөлгийн нуруун дээр, хөөргөсөн дээлнийхээ дэрвээнд хийсэж, айл хэсэж алсын мөрөөдлөө дэвэргэн ярих хөдөөх эрийн сэтгэлд эх орны  дэмжлэг үгүйлэгдэж л байгаа. Ажил олдохгүй, амьдрал хэцүү байна хэмээн эрхэлж, аав ээжийнхээ тэтгэвэрийн мөнгөөр найрлаж, тэжээлгэж, хатуу хэцүү бүхнээс халширч яваа эрийн ичингүйрсэн сэтгэлийн чанадад, эх орны хатуурхал үгүйлэгдэж л байгаа.
Тийм ээ! Эх орны минь тулгуур түшиг, эрэлхэг хаадын омголон удам, эр зоригт, босоо заяат гэж худлаа хөөргөөд яах вэ? Энэ цаг үед монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байна. Архичин, арчаагүй, залхуу хэмээн адалж цоллоод яах вэ? Ачааны хүндийг үүрч, амьдралын төлөө өөрөө зүтгэх боломжийг нь олгох цаг болжээ. Ад үзэн шоовдорлож, айж төвөгшөөн зугатаад яах вэ? Албадаад ч болов ойлгуулж, ухааруулж, сургах цаг нь болжээ.

Учирлах нь:

-Нэгэн үе удам залгаж, өрх толгойлно хэмээн хүүгээ голомтдоо авч үлдэн, дөрвөн хана эсвэл нэгэн жалгын аманд эргэлдүүлсээр хорвоогийн хөгжлийг мэдэрч, холыг харж, уулс давж сэтгэх ухааныг нь “чөдөрлөж” орхисноос

-Дэргэдээ байлган амьдрал зааж, армид явуулан эрдэмд сургаж, наадамд ноцолдуулан бяр суулгаснаар эр хүний есөн шинжийг бүрдүүлдэг гэж андуурах жалгын сэтгэлгээнээс

-Энхрий багаас нь эрхлүүлж, эмээл гаанс бэлтгэж, хүлэг зүсэлж, эхнэр авч голомт бадраахад нь өрх гэр, унах унаа, өмчлөх хөрөнгийг нь бэлтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас өнөө цагийн их хөгжлөөс хоцорч, өөртөө арчаагүй, өрөөл бусдад гологдох эхлэлүүд нь тавигдаж байгаа. Цагийн юм цагтаа гэдэгчлэн хөгжил хөгжлөө дагаж байх болохоос хуучинсаг үзэл, хатуу ёс заншил гэгч заавал мөрдөх хууль цааз бишсэн.

Учирлах нь:

Зохиолч Д.Маамын “Газар шороо “  нэртэй түүхэн романы гол баатар “Хангай”  хэмээх Базар “эр хүн ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан хоолой 2 -оос болж үхдэг юм даа” гэж өгүүлсэн нь өнөө ч хуучраагүй үг.
Архидалт өнөө цагт Монгол орны хувьд том эмгэнэл болон хувирч байна даа. Тэр тусмаа монгол эрчүүдийн хувьд. Ажил олдохгүй байна гэж, амьдрал хүнд хэцүү байна гэж, наймаанд шатлаа гэж, найз нөхөдтэйгээ уулзалдлаа гэж, баяр боллоо гэж, шараа тайлж, сэтгэлээ тайтгаруулж, гутарч гуньж, ерөөж харааж ууцгаасаар…
Урсан урсах өдрүүдийг хөлчүү нүдээр үдэж, угтан сөрж давах зовлон бэрхшээлээс манантай сэтгэлээр зугатаж, болж бүтэхгүй олон үйлийн шалтгийг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн агсамнасаар хорвоог барж боломгүй.
Архидалт олон олон гэмт хэрэг, зовлон шаналал, цөхрөл уйтгар, гэр бүл салалтын шалтаг нь болсоор. Ядахнаа баар цэнгээний газраас өөр чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрүүлж болох газар төдий олон бус.
Найз нөхдийн сэтгэлийн үнэнчийг хундага дарсаар хэмжиж, учирч тохиолдсон зовлон жаргалаа хундага дарсаар даруулж, урам талархлын сайхан үгсээ дарстай шүлсээр будаж, ухаанаа алдан согтож, шогтож, зодолдож дуусдаг энэ эмгэнэлт жүжиг хэдий болтол үргэлжлэх бол? Энэ эмгэнэлт үзэгдэлээс эрчүүд бид өөрсдөө л гарахгүй бол, монгол эрийн хийморь, цог цолбоо энэ цаг дор үгүй болох нээ.

Учирлах нь:

Хүн гэгч ямагт ухаанаа тэлж, орчлон ертөнцийн түмэн явдал, хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг оюуны мэлмийдээ мэдрэхийн тулд их унших хэрэгтэй болдог.

“Ном бол ертөнцийг харах цонх”  хэмээн Оросын их зохиолч М.Горький нэгэнтээ өгүүлж байсан бол, өнөө үед ертөнцийг бүрэн мэдрэх боломжийг цахим хөгжил олгож байгаа. Ном уншихгүйгээр, мэдээллийг хурдан авч ашиглахгүйгээр хэрхэн хөгжиж холч ухаанаар сэтгэх билээ.

Дунд сургуульд сурч байхаасаа хичээл тасалж , тамхи татаж, тэнэж явсан сурцаараа өнөө цагт уншихгүй, мэдэхгүйгээсээ аман мэдээлэл, хов жив, тулга тойрсон яриа сэтгэхүйгээр бүхнийг хэмждэг эрчүүд зөндөө бий. Үүний уршгаар бусдыг өөртэйгээ адилтган төсөөлдөг, гүвээ даваад баригдах худал үнэний хоооронд бүдэрдэг, бусдад ухаантай, мундаг, баян нэгэн болж харагдах хүслээс үүдэлтэй хоосон жүжиглэл үүсгэх. Богино давчхан ухаандаа мөнгөөр бүхнийг хэмжиж, мөнгөөр бүхнийг худалдан авахыг хүсэгчид ч зөндөө бий. Мөнгө хэдий хэрэгтэй ч мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны олон үнэт зүйлс байдгийг төсөөлж мэддэггүйгээрээ тэд бусдад гологдож байдаг. Мөнгөтэй боломжтой атлаа юу ч уншдаггүй, мэддэгүй олон эрчүүд өнөөгийн монголын хоцрогдол, тэнэглэлийн жишээ болж байна даа.

Учирлах нь:

Бусадтай маргалдаж мэтгэлцэхдээ учирлан ойлгуулахын оронд, нударга хүчирхийллээр бүхнийг шийдэх гэдэг, бүсгүй хүнтэй харилцахдаа өөрийгөө л дөвийлгөн гайхуулах гэдэг, бусдыг хүндлэхгүй атлаа өөрийгөө л хүндлүүлэх гэдэг үйлдлүүд биднийг бусдад бүдүүлэг, тэнэг болгон харагдуулдаг. Найзууд нь шоолж мэднэ гэж хайртай бүсгүйгээ эрхлүүлэхээс ичдэг, бусдад долигонсон болж харагдана гэж урам талархлын сайхан үгээ харамладаг, бусдаас дутуу дорой харагдана гэж эелдэг найрсаг зан гаргахаас эмээдэг залуус зөндөө бий.

Эр зориг, өөртөө итгэлтэй, бас хүчтэй байна гэдэг бүдүүлэг зан гаргахаас тэс өөр зүйл гэдгийг ухаардаггүйдээ бид тэнэг байдалд ордог.  Эрчүүд биднээс, эелдэг найрсаг зан, чин сэтгэлийн хүндэтгэл, соёлтой даруу харилцаа хүсч байдаг бүсгүйчүүдэд гологдоод байдгийн нэгэн шалтгаан энэ. Сонгодог жентэльмен, ордны хэт ёсорхуу жүжигчилсэн харилцаа бус, энгийн хэрнээ чин сэтгэлийн соёлтой, хүндэтгэлтэй, найрсаг харилцааг л тэд биднээс хүлээдэг. Ийм харилцаанд суралцахыг бүсгүйчүүд төдийгүй цаг үе ч биднээс шаардаж байна.

Учирлах нь:

Гэр бүл салалтын олон олон шалтгуудаас бүсгүйчүүд ямар эр хүнийг хүсээд байгааг анзаарсан юм. Тэд өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй эр хүнийг хүсдэг аж. Амьдралаа эр хүн л авч явах учиртай бөгөөд эхнэр нь гар хумхилгүй түүнд тусалж дэмжиж байх хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрдөг. Амьдралаа авч явах чадвар гэдэгт эрдэм боловсрол, ухаан овсгоо, мөнгө олох чадвар багтдаг. Өөртөө итгэлтэй гэдэгт бүх зүйлийг хийж чадна гэдэг, тулгарсан олон асуудлыг зөвөөр зохицуулж чадна гэдэг, алив бэрхшээлийн өмнө сөхрөхгүй заавал гарц олж чадна гэдэг ойлголтууд багтдаг. Эрч хүчтэй байна гэдэгт үргэлж урагш тэмүүлж маргаашийн сайхандаа, хүрч чадах урам зориг багтдаг.

Өнөөдөр амьдралаа авч явах чадваргүй, аав ээж, ах дүү, эхнэрээрээ тэжээлгэж, үүнийгээ байж болох зүйл хэмээн итгэтлээ  арчаагүй байдалд орсон залуус бишгүй бий. Бүсгүй хүнээр тэжээлгээд, дээрээс нь дарамталж, архи уун, олон ааш гарган зовоодог хүнийг эр хүн гэж нэрлэх үү? Эрчүүдийн энэ арчаагүйдэл өнөөдөр олон олон эмэгтэйчүүдийн өрх толгойлон амьдрах шалтаг нь болж байгаа. Арчаагүй байдлын улмаас, амьдралаа авч явж чадахгүй эрчүүдийн өмнөөс олон олон бүсгүйчүүд харьд хөдөлмөрлөж, хатуу бэрх бүхнийг нуруундаа үүрч яваа. Энэ нь монгол эрчүүдийн гологдох болсон том шалтгаан.

Эрчүүдээ өөрчлөгдөхөд тусалья

…Нэгэн хошин шогийн тоглолт дээр, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд туслах олон байгууллагууд байдаг хэрнээ, эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, “эрүүлжүүлэх байр” наас өөр байгууллага байдаггүй тухай хошигнож байсан.

…Нэгэн сонин дээр БНСУ-д гадаад эхнэр авах хүсэлтэй хөдөө тосгоны эрчүүдэд тусгай сургалт явуулан, сургадаг тухай мэдээлсэн байсан.

…АНУ-д эхнэрийг нь төрөхөд , нөхрийг нь дэргэд нь байхыг зөвшөөрдөг төдийгүй, хүүхдээ хэрхэн арчилж өсгөх, аюулгүй байдалд яаж авч явах тухай сургалтанд хамтад нь оролцуулдагийг мэднэ. Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг. Тэд эх орныхоо нүүр царай болж, хилээ хамгаалж, улсаа хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор тэдэнд өөрийгөө хөгжүүлэх олон боломжуудыг олгох шаардлага зүй ёсоор гарна.

1. Цэргийн насны бүх эрчүүдийг заавал цэргийн алба хаалгаж, дарангуйлал дэглэлтээр бус бие бялдар, оюун санааг нь хөгжүүлж, зөв харилцаанд сургах хэрэгтэй байна. Тэр ч бүү хэл төрийн алба хаших хэнийг ч заавал цэргийн алба хаасан байхаар хуульчлахад буруу зүйл болохгүй.

2. Залуу гэр бүл болон эрчүүдэд зөвлөлгөө өгч туслах, сургах олон төвүүдийг байгуулж, төрөөс дэмжин хөгжүүлж байх хэрэгтэй байна. Ядаж л үр хүүхдээ өсгөх болон гэр орны ажил хийж сургахад ч залууст туслах шаардлага гарч байна.

3. Архидалт, бэлгийн хүчирхийллийн эсрэг төр өөрийн хатуу бодлого барьж, үүний төлөө залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв сайнаар өнгөрүүлэх /фитнес, спорт цогцолбор, үзвэр үйлчилгээ, номын сан, интернет төвүүд гэхчилэн/ олон газруудыг байгуулж дэмжих хэрэгтэй байна.

4. Монголд шинээр хөгжиж байгаа уул уурхай болон аялал жуулчлал бусад олон салбарт залуусыг ажиллахыг дэмжиж, тэдэнд зориулсан олон сургалтуудыг заавал зохион байгуулж байх хэрэгтэй байна.

5. Монголын боловсролын салбарт шинэчлэл хийж, бага дунд сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэлхи бүх шатны сургуулиудад гэр бүл бэлгийн хүмүүжил, гоо сайхны боловсрол, харилцааны соёлын хичээлүүдийг заавал оруулж судлуулах хэрэгтэй байна.

“Эзэн хичээвэл заяа хичээнэ’ гэдэгчлэн монгол эрчүүд маань өөрсдөө ойлгож хичээх хэрэгтэй байна даа. Таны эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжил, соёл хэвшил тань өөр хэнийх бус зөвхөн таны л баялаг. Та өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй болж чадвал, бусдад хүндлэгдэж хайрлагдах болно. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Хэрэв бид дор бүрнээ хичээн өөрчлөгдөж чадвал, монгол үндэстэн өөдлөн дэгжиж, өрх гэр нь бат бөх, төр нь түвшин амгалан байх болно.

Монгол эрчүүд өрх гэрийн тэргүүн, монгол төрийн тулгуур түшиг, түвшин амьдралын эзэн нь болох болтугай. Танд амжилт хүсье.

e-mail:

gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих