Өнөөдөр манай улсын гурван тамирчин хүчээ үзнэ

Будант Албьоны нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр Монголын жүдочдын сүүл мушгиж, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн -100 кг-д, ОУХМ П.Лхамдэгд эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Лондонгийн татамид зодоглоно. Бээжингийн олимпийн наадамд аваргыг давж аваргалсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийнэ. Ялбал дараагийн учраа нь Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагч байх юм. Тус жинд 30 жүдоч өрсөлдөх ажээ.

Харин Азийн хошой аварга П.Лхамдэгдийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирез нарын ялсантай хүч үзэх юм. Энэ жинд 21 жүдоч өрсөлдөхөөр болжээ. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16.30 цагт эхэлнэ.

Мөн өнөөдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг цэц сорино. Эхний тойргийн харваанд Английн тамирчныг нутагт нь ялж, шуугиан тарьсан тэрбээр удаахь тойрогт АНУ-ын тамирчныг хожсон билээ. Харин өнөөдөр 17.30 цагт наймны нэг шигшээд Афины олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын тамирчин, дэлхийн аварга, Лондонгийн олимпийн багийн харваанд аваргалсан, БНСУ-ын тамирчин И Сун-Жинтэй халз харвах юм.


URL:

Сэтгэгдэл бичих