”Лондон 2012”-ын хамгийн баян тамирчид

Forbes сэтгүүл “Лондон 2012″-т оролцогчдоос ашиг орлогоороо тэргүүлж байгаа тамирчдын жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтыг Швейцарийн теннисчин Рожер Федерер тэргүүлжээ.

30 настай теннисчин залуу сүүлийн нэг жилд 54.3 сая ам.долларын орлого олсон байна. Түүний араас хоёр, гуравт АНУ-ын сагсан бөмбөгч Леброн Жеймс, Кобе Брайнт нар удаалжээ. “Миами Хит” багийн тоглогч Леброн Жеймс нэг жилд 53 сая ам.доллар халаасалсан бол “Лос-Анжелес Лейкерс”-ийн Кобе Брайнт 52.3 сая ам.долларын орлогоороо эхний гуравт багтжээ.

Леброн, Кобе хоёрын хувьд Бээжингийн олимпод АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй баг аваргын алтан медалийг хүртэхэд гол хувь нэмэр оруулж байсан билээ. Энэ хоёроос гадна жагсаалтын эхний аравт “Оклахома-Сити Тундер” багийн залуу “мэргэн бууч” Кэвин Дюрант, “Нью-Йорк Никс”-ийн Энтони Кармело, “Лос-Анжелес Клипперс”-ийн Крис Пол нар байгаа нь АНУ-ын сагсан бөмбөгчид “мөнгө хийж” чаддаг улс гэдгийг харуулж буй.

Бүр тодруулбал, тэдний нэрс тав, зургаа, есөд бичигджээ. АНУ-ын сагсчдын их хүч түрэлт дунд завсар гаргаж, энэ жагсаалтад ОХУ-аас ганц тамирчин багтсан нь Мария Шарапова. 25 настай орос бүсгүй 27.1 сая ам.долларын орлогоороо дөрөвт орсон бол дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Сербийн теннисчин Новак Жокович долоо, найм, Хятадын теннисчин Ли На аравт бичигдсэн байна.

Д.БИЛЭГ

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих