Махны үнэ өмнөх сарынхаас бага зэрэг буурчээ

Наймдугаар сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Махны дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.7-3.4 хувь, адууны махны үнэ 1.2 хувь, хонины махны үнэ 2.8 хувиар буурсан бол, ямааны махны үнэ 1.8 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 0.4-3.6 хувь, хонины махны үнэ 0.7 хувь, адууны махны үнэ 4.2 хувь, ямааны махны үнэ 6.2 хувиар өсчээ.

Наймдугаар сарын 1-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7250 төгрөг, хонины цул мах 7842 төгрөг, үхрийн /ястай/ мах 7963 төгрөг, үхрийн цул мах 8888 төгрөг, ямааны мах 5920 төгрөг, адууны мах 6250 төгрөгийн үнэтэй байлаа.

Гурилын үнэ: Наймдугаар сарын 1-ний байдлаар гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.3 хувиар өссөн бол, савласан дээд гурилын үнэ тогтвортой байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан дээд гурилын үнэ 0.4 хувиар буурсан байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2012 оны 8-р сарын 1-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх 6-р сарын үнэтэй болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.4 хувиар өсчээ. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.