“Найрын ширээний ууц” мюзикл дахин тайзнаа

“Дорнод нутаг” клубын санаачилгаар Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг  мюзикл хэлбэрт хөрвүүлж, өнгөрсөн тавдугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа хоёрхон удаа тоглосон юм. Гэхдээ намар цагт дахин тайзнаа тоглоно гэсэн уран бүтээлчдийн амлалт чухам хэзээ биеллээ олох талаар тус жүжгийн ерөнхий продюсер, жүжигчин Амбий  буюу Ц.Батхуягаас тодрууллаа. Тэрбээр одоогоор хараахан товлоогүй байгаа ч энэ сарын дундуур үзэгчдийн хүртээл болгохоор жүжигчидтэйгээ холбогдсон тухай мэдээ дуулгав. Тиймээс “Найрын ширээний ууц” жүжиг тун удахгүй тайзнаа амилах нь ээ.

Анх 1980-аад онд Дорнод аймгийн театрт мюзикл хэлбэрээр тавьж байсан жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Болд ажиллаж, хөгжмийн зохиолыг  Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн В.Боролдой, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү нар хамтран бичжээ.

Мюзиклийн гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзаан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ нар тоглосон. Жүжгийн ерөнхий продюсераар ажиллаж байгаа жүжигчин Амбий өөрөө уг мюзиклийн нэгээхэн хэсэгт дүр бүтээжээ.

Олон удаа тайзнаа амилж байсан энэхүү гайхамшигт бүтээлийг тус хамт олон мюзикл болгож, гурван давхар тайз зассан үзэгчдэд хүргэснээрээ өвөрмөц мэдрэмж төрүүлсэн юм. Жүжиг эхлэхдээ хамгийн доод талын тайзан дээр өрнөн өрнөл хэсэг дээд давхруудад болж, тайлал нь үндсэн тайзнаа өндөрлөдөг юм.

“Найрын ширээний ууц” жүжиг нь үе үеийн жүжигчдийн чадварыг сорих талбар байсаар ирсэн хамгийн алдартай жүжигт зүй ёсоор тооцогддог бүтээл билээ. Мюзикл хэлбэрээр, шинэ өнгө төрхөөр тайзнаа амилсан “Найрын ширээний ууц” мюзикл үзэгчдэд тун удахгүй дахин хүрэх нь ээ.

Г.Даша


URL:

Сэтгэгдэл бичих