Томчуудын хүүхдүүд “томордог” бичигдээгүй хууль МАН-д үйлчилж эхэллээ.

МАН чинь залуу хүмүүст жигтэйхэн их хайртай юм байна гээч. Магадгүй генсек нь цагтаа цэргийн дарга байсан болохоор тэр биз”. Олон хүн ингэж бодсон, овоо зөв юм хийж байна гэж магтсан. Гэтэл үгүй юм байнаа. Үүнийг намын онц их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнд  дандаа “томчууд”-ын хүүхдүүд сонгогдсон явдал нотолно. Хэний хүү хэн байсныг түмэн олон бараг хэлүүлэлтгүй мэдэх биз. Тоймтой хэдээс нь дурьдах юм бол”Эрдэнэт” хэмээх вант улсын эзэн байсан Ш.Отгонбилэг агсны хүү Содбилэг. Тэрээр Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч. Намаа хамгаалан “пулемёт”-ын амыг цээжээрээ хааж мэдэх л залуу.  “МАК” –ын Нямтайширын хүү Н.Номтойбаяр гэж нэг цодойсон хөөрхөн хүү байна. Нямтайшир гэдэг чинь олсон алтаа хууль бусаар хил давуулан гаргаж, гааль цагдаа хоёроор тохуурхаж байсан эрхэм шүү дээ.  Тэгвэл  хүү нь бага хурлын гишүүн болчихоод, ирэх сонгуульд Дорнодоос нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөж “хэрвээ би УИХ-ын гишүүн болчихвол”  гэсэн сэдэвтэй “зохион бичлэг”-ээ уншиж  ийм жоохон юм байж тийм юм боддог сүрхий хүүхэд вэ” хэмээн Дорнодынхонд өхөөрдүүлээд авсан.
“:Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж эцгийнхээ “шийр”-ийг хатаачихгүй бол юм дуулгаж мэдэх л хүүхэд гэдэг юм билээ.   Баттүшиг нэртэй хоёр залуу бий. Хоёулангийнх нь овгийн эхний үсэг Б. Нэг нь “хэвлэлийн магнат” гэгддэг асан Балдоржийн, нөгөөдөх нь ерөнхий сайд МАН-ын дарга Батболдын хүү юм. За тэгээд “улаан” Ням-Осорын хүү, “Эрдэнэт” УБҮ-ийн захирал Ч.Ганзоригийн хүү гээд л явж өгнө дөө.  Эд бол монголын улс төрд “цахиур хагалах”  ирээдүйтэй гэгдэх залуус.  Өөрөөр  хэлбэл улс төрд болоод бизнесийн өв залгамжлагчид. Эднийг МАН яагаад ийнхүү “хар нялх”-аар нь шахуу “том” болгочихов гэдэг асуудал их сонин.  Энэ залуучуудын намтартай танилцаад үзэх юм бол ихэнх нь гадаадад сурч, гахай шувууны мах идэж явсан. Арга ч үгүй биз. Өнөөдөр хоногийн хоолоо яая гэж яваа жирийн айлын хүүхдүүдэд мөрөөдөл болсон гадаадын том том сургуулиудыг эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүний хүүхдүүд л төгсөхгүй юм бол өөр хэн төгсөх билээ.
Гэхдээ МАН-д тэдний хаана, юу сурсан нь нэг их чухал биш биз. Хамгийн гол нь мөнгө. Хандив болоод хахуулиар эрх мэдэл баялгийг  хуваарилдаг гажиг тогтолцоотой улс төрд, ялангуяа МАН-д шинэ цагийн баячуудын хүүхдүүдийг  ийнхүү дээш нь гаргаж ирэхээс өөр боломжийн хувилбар байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэдний  эцэг эх нь зөв буруу ямар замаар хөрөнгөжсөн нь огт хамаагүй. Харин намд хэдий хэмжээний “хандив” өргөх  вэ гэдэг асуудал чухал учраас эднийг сонгосон. Ийнхүү дэлхийн жишигт нийцсэн өндөр боловсрол эзэмшин улс орондоо хийж бүтээж явах ёстой шижигнэсэн сайхан залуус маань эрх мэдэл,  албан тушаалын өрсөлдөөн, атаа жөтөө, хэл ам хэрүүл тэмцлийн уурхай болсон улс төр хэмээх бохир зүйл рүү хөл тавилаа. МАН-д үнэн хэрэгтээ хувь хүнийх нь хувьд тэднийг хайрлах өчүүхэн ч атугай нинжин сэтгэл байхгүй гэдгийг тэд нэгэн цагт олж харах буй за хэмээн найдъя.
“Алаг хорвоо” сониноос. Zindaa. mn


URL:

Сэтгэгдэл бичих