ДУУЛИАН ТАРЬСАН АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДИЙН ЧИМЭЭГҮЙ ТӨГСГӨЛ

Мөрдөн байцаах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудыг ажил хийхгүй, хүн хэлмэгдүүлж, ял оноолоо гэх мэтээр элдэвлэдэг. Мөрдөн байцаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд болохоос нь болохгүйг хүртэл явж, хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай бүрдүүлэхээр ажиллаж байхад прокурор хэмээгч “бэлэн хоол идэгч” нөхөд хууль, нэр сүрээр далайлган хэргийг хэрэгсэхгүй болгодог тохиолдол цөөнгүй.

Мөрдөгчид хэчнээн хоног, сараар нойр, хоолоо умартан зүтгэж, гэм буруутай үйлдлийг нь тогтоох гэж ажиллаж байхад прокурорууд нэг л өдөр хэргийг татаж хянах нэрээр авч яваад, хэрэгсэхгүй болгох тогтоол гэгчийг үйлдэж, мөрдөн байцаагчдын олон сарын хөдөлмөрийг ганцхан өдөр үзэгний үзүүрээр шийдчихэж байгаа билээ.

Үүний хамгийн ойрын жишээ бол Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад багтсан Улааны холимог металлын ордыг ашиглаж манай эдийн засагт 110 сая төгрөгийн хохирол учруулсан Хятадын “Шинь шинь” компанийн удирдлагуудад холбогдох хэрэг билээ. Прокурорууд байгаль орчны хэргүүдийг өмнө нь ч ийм байдлаар шийдэж байсан.

Харин өдгөө дуулиан тарьж, олны анхаарал татаад байсан авлига, албан тушаалын хэргүүдээс цөөнгүйг нь мөн л “үзвэл үнс, харвал хальс” гэгчээр, татаж хянах нэрээр хэрэгсэхгүй болгоод байгаа юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дуулиан шуугиантайгаар шалгаж эхэлсэн хэргийн нэг хэсэг ийнхүү дуу чимээгүйхэн төгсөж байна. Эдгээр хэргийн талаар уншигчдадаа хүргэе.

ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС ЗАВШСАН ГЕНЕРАЛУУДЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

ЗХЖШ-ын удирдлага болох хэд хэдэн генералд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тухай мэдээлэл өнгөрсөн хавар хэвлэлд гарсан ч тэгсгээд намжсан. АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр, нэр бүхий хэд хэдэн генералд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн аж. Бидэнд олдсон мэдээллээр, ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болон тус штабын удирдах албан тушаалтай генералууд хамтран Умард Солонгосын талаас орж ирсэн 1.3 сая ам.долларын тодорхой хэсгийг нь хувьдаа завшсан аж.

Энэ тухай гомдлыг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-ныхан шалгуулахаар АТГын Мөрдөн шалгах хэлтэст хэд хэдэн үндэслэл бүхий баримттай нь хамт гаргаж өгсөн гэнэ. Энэ мөнгө хэрхэн орж ирсэн талаар судлахад 2011 оны хавар БНАСАУ-ын Батлан хамгаалахын дэд сайд, албаны хүмүүсийн хамт манайд ирсэн аж. Ингээд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулж, агаарын довтолгооноос хамгаалах чиглэлд тусламж үзүүлж дээрх хэмжээний долларыг манай улсын Зэвсэгт хүчинд өгсөн юм байна. Үүнээс нь албан тушаалтнууд завшсан гэж гомдол гаргажээ.

Ц.АНАНДБАЗАРЫГ ТАГНУУЛЫНХАНТАЙ ХАМТАРЧ ШАЛГАХ БАЙЖЭЭ

“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарт холбогдох хэргийг шалгаж байх явцад Нийслэлийн прокурорын газраас татаж хянаад хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан. Зайлшгүй шалгах шаардлагатай асуудал нэлээд байсан ч прокурор нэгэнт ийм шийдвэр гаргасан” гэж АТГ-ын албаны хүн хэлж байгаа.

Түүнд холбогдох хэргийг шалгаж байх явцад сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж бай сан, Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэд, сонгогчдын талаар нэлээд ноцтой баримт, мэдээлэл, утас, хаяг, регистрийн дугаар гэх мэт нууцад хамаарах баримтыг цуглуулсан байсныг тагнуулын байгууллагаар шалгуулахаар болсон аж.

Мөн хээл хахуулийн хэд хэдэн баримт байсан гэнэ. “Сод Монгол” компанийг хүнээс залилан авсан гэх асуудлыг өмнө нь УМБГ-т шалгаад, шүүхээс гэмт хэргийн бүрэлдэх үүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон юм байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болохоор бусдыг залилсан гэх асуудлыг АТГ-т шалгаагүй аж. Харин дээр дурдсан бусад асуудлыг шалгахаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулж байх үед хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН Д.БАДРАА ГАДААДАД “ЗУГААЛАВ”

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч мөн л прокуророос хэрэгсэхгүй болгож, мөрдөн байцаагчдын урмыг хугалжээ. Сонгуулиас өмнө Д.Бадраатай холбоотой сөрөг, “хар” мэдээлэл хэвлэлээр гаргахгүй байх талаар тус аймгийн АН-ынхан нэлээд ажилласан аж. Тиймдээ ч түүнийг ямар хэрэгт холбогдсон гэдэг талаар иргэд сайн мэдээлэлгүй сууж байна. Уг хэргийн явцын талаар АТГ-ынхан “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Гэм буруутай үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан байна” гэсэн юм. Д.Бадраагийн гэм буруутай байж болзошгүй үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байтал яагаад хэрэгсэхгүй болгов гэдгийг мөрдөгчид төдийгүй жирийн иргэд гайхаж хүлээн авч буй юм. Бидний авсан мэдээллээр прокуророос Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасны дараахан тэрбээр БНСУ руу явсан аж.

Э.ЦАСЧИХЭР, Д.БАТСАЙХАНЫ ЯЛЫГ ШҮҮХ ХЭРХЭХ БОЛ…

Аймгуудын Засаг дарга нарыг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт холбогдуулж, АТГ-т өнгөрсөн өвлөөс дуулиан шуугиантайгаар шалгаж эхэлсэн.

Гэвч мөрдөн байцаагчдын ажлын үр дүн төдийлэн амжилттай болсонгүй юү, эсвэл шүүх, прокурорын шатанд ямар нэгэн танил тал, ар өврийн хаалга байсан уу, өршөөгдөх, хэрэгсэхгүй болох тохиолдол цөөнгүй байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг Улсын Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд оноосон ялыг Нийслэлийн шүүхээс хассан. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг орон сууцны давхрыг хасаж, мөнгийг завшсан хэмээн ял оноогоод байгаа.

Тэдэнд холбогдох хэргийг энэ пүрэв гаригт Нийслэлийн шүүхээр хэлэлцэнэ. Увсынхан энэ хэргийг нэлээд анхааралтай ажиглаж, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрхэн шийдэхийг хүлээж буй юм билээ. Нутгийн зарим иргэн “Манай дарга нарт анхан шатны шүүхээс ял оноосон нь АН-ын хорооныхны хийж байгаа ажил. Уг нь тэр орон сууц нь ашиглалтад ороод хүмүүс амьдарч байгаа юм шүү дээ. Үүнд улс төрийн зорилгоор хандаад байгаа. Тухайн үед барилгын материалын үнэ өсөж, улсын төсвөөс уг барилгад хуваарилсан хөрөнгө нь хүрэхгүй байсан учраас аймгийн ИТХ хуралдаж байж, нэг давхрыг нь хасаж барьсан. Удирдлагын идсэн уусан юм байхгүй шүү дээ. Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдэхийг бид харж л байна” гэж байв.

ДУНДГОВЬ, ӨВӨРХАНГАЙН ЗАСАГ ДАРГА ГЭМ БУРУУТАЙ НЬ НОТЛОГДСОНГҮЙ

Дундговь аймгийн Засаг дарга А.Чандманийг орон нутгийн иргэд нь хэд хэдэн үндэслэлээр шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргасан аж. Тодруулбал, аймгийнхаа ойд зориулсан хандивын мөнгөнөөс завшсан, ашигт малтмалын лицензийн гэх мэт асуудалд гэм буруутай байж болзошгүй гэж үзсэн ч мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй юм байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг ч бас тус аймгийн АН2ынхан “Аймгийн төвийн “А” зэрэглэлийн бүсийн газрыг авлига авч танил талдаа олгосон, уул уурхайд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас их хэмжээний хөрөнгө барьцаалж авдаг, ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг хууль бусаар томилсон, Өндөр Гэгээн Г.Занабазарын сэрэг дүр бүхий цогцолборын ажлыг гүйцэтгэхэд төсвийн хөрөнгөөр зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй” хэмээн АТГ-т өргөдөл өгсөн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад гэм буруутай үйлдэл нь нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

БАГАНУУРЫН ЗАСАГ ДАРГЫГ ШАЛГАЖ ЭХЛЭВ

АТГ-т шалгагдаж буй албан тушаалтнуудтай холбоотой бусад хэргийн мөрд өн байцаалт үргэлжилж байгаа аж. Ту хайлбал, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Түүнийг БНХАУ-аас аймгийнхаа гэрэлтүүлгийн хэ рэгслийг авч, оронд нь Хяргас нуураас загас их хэмжээгээр бариулах зөвшөөрөл өгсөн, Хөшөөтийн нүүрсний уурхайтай хол боотой болон өөр хэд хэдэн тендер будилаантуулж, танил талдаа давуу эрх олгосон гэх хэрэгт сэжигтнээр шалгаж буй юм. Түүнээс гадна “задарсан” Засаг дарга нарын тоонд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ч оржээ. Түүнд АТГаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Тус газрын албаны хүн “Ц.Сандаг-Очирыг Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар газар олгосон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдээллээ.

“SOUTH GOBI SANDS” МӨРДӨН БАЙЦААЛТАД СААД УЧРУУЛЖ БАЙНА

АМГ-ын дарга Д.Батхуяг болон тус газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа аж. Түүнийг сэжигтнээр тооцон “Ганц худаг”-т хоёр дахь удаагаа цагдан хорьсноос хойш тэрбээр өнгөрсөн сарын эхээр өлсгөлөн зарласан. Гэвч нэг их удалгүй өлсгөлөнгөө зогсоосон аж. Д.Батхуягт холбогдох хэр гийн мөр дөн байцаалт удааширч буй хэд хэдэн шалтаан буй гэнэ. Тухайн хэргийн нэг холбогдогч нь байхгүй, хил давсан гэх мэт шалтгаас гадна “South Gobi sands” компанийнхнаас болоод удааширч байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сараас Д.Батхуяг нарын хэрэгт холбогдуулан тус компанийнхныг хууль бусаар лиценз эзэмшсэн асуудлыг шалгаж буй. Өнгөрсөн хавар сүр дуулиантайгаар “Моннис” цамхгийн 11 дүгээр давхарт байр лах тус компанийн төв байрыг нь битүүм жилж, асуудлыг шалгаж эхэлсэн ч өнөөдөр таг чиг болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад удааширч буй учрыг тодруулбал “South Gobi sands”-ийнхэн Монгол дахь удирдлагаа байнга сольдог, зарим захирал нь гадаад руу явчихсан байдаг гэх мэтээр мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаад байгаа гэнэ.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих