МИАТ гэдэг “саалийн үнээ”-ээс 6 тэрбумыг завшихад Төрийн өмчийн хороо дэмжлэг үзүүлсэн гэв үү

МИАТ хк-ийг  хувьчлах тухай яриа гараад багагүй хугацаа өнгөрч буйтай зэрэгцэн тус компанитай холбоотой саар мэдээллүүд ч тасрахгүй байна.  12 жилийн өмнө Францын талыг аргадан  байж түрээсээр авсан  А-310 онгоцоо  өр ширийг нь дарж дөнгөж дуусангуутаа ашиглалтын хугацаа нь дууссан хэмээн “гүтгэж” зарж үрэхээр болоод байсан. Монголд  газардсанаасаа  хойш  290 сая долларын цэвэр ашиг дагуулсан энэ онгоцны   30 сая долларын төлбөрийг нь  хийж дуусгасны дараа,  Францын техникийн багийнхан   “А-310” онгоцыг  ашиглаж болно гэж хэлээд буцсаар   байтал,   заавал зарж үрэх гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий гэдгийг харуулаад байсан.

Тэгвэл МИАТ-тай холбоотой сэдвүүдийн үргэлжлэл болж,   МИАТ-ийн экс болоод энэ цагийн удирдлага  Р.Бат-эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон нар УМБГ-т шалгагдаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Тэднийг Японы   компанид хууль бусаар  таван сая долларыг шилжүүлсэн гэдэг үндэслэлээр буруутган шалгаж буй юм байна. Хуучин, шинэ удирдлагуудын эл ажиллагаа гурван жилийн өмнөөс эхтэй бөгөөд Япон дахь МИАТ-ийн төлөөлөгч Н.Галтаараа дамжуулан холбоо тогтоож, дайны эрсдэлийн даатгал гэдэг онц шаардлагагүй даатгалаар халхавч хийн   5 сая ам.доллар шилжүүлсэн байна. Гол нь, эх сурвалжийн мэдээлж буйгаар МИАТ-аас 5 сая доллар татаад авчихсан гэх компани нь даатгалын бус, цаашлаад удирдлага нь Монгол улсын иргэн Н.Галттай ойр холбоотой байх магадлалтай гэж үзсэн байна.

Тэрчлэн халагдсан, томилогдсон удирдлагуудын 3 он дараалан шилжүүлсэн мөнгөний хэмжээ 6  тэрбум гаруй төгрөгд  хэдийнэ хүрчээ. Тэдний эл үйлдэлд Төрийн өмчийн хорооны нэр бүхий албан тушаалтнууд ч хүч хавсарсан учраас ийм хэмжээний мөнгийг шилжүүлсэн гэж хэргийг шалгаж буй эрхмүүд үзэж буй юм аж. Мөн салбарын яаманд нь ч энэ тухай мэдээлэл бий гэж байна. Гэсэн ч их хэмжээний мөнгөтэй, элдэв олон эрх ашигтай холбоотой хууль бус ажиллагаануудыг Төрийн нэр барьсан нөхдүүд нуун, далдалж, хамтран хаацайлдаг жишиг давтагдаж магадгүй байгаа юм.

Дашрамд дурдахад,    МИАТ  “А-310”   гэх ганц онгоцоо  зарж үрэх гээд ашиглалтын хугацааг нь  зориуд  санаатайгаар  богиносгох болсон нь    Туркээс дахин хоёр онгоц түрээсээр авах гэсэн  ЗТБХБЯ-ны бодлого юм. Тэгэхээр салбарын болоод холбогдох байгууллагуудад нь ч тэгтлээ итгэж болохгүй юм.

Мөн Техникийн газрын ерөнхий менежер асан Ё.Энхтөрийг  ажлаас халснаас болж     120  ажилтан нэг зэрэг өргөдлөө өгөн   ажил хаялт зарлаж,  3 хоногийн нислэгээ зогсоон  нэг тэрбумын алдагдлыг МИАТ-д учруулж байсан бол, 7 тэрбумыг завшсан асуудал ийн тодорч эхэллээ. Тэгэхээр МИАТ гэдэг далд “саалийн үнээ”-ээс дахин хэдийг ч, хэн ч завшсан байж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.