Н.Энхбаярт тал засч, албан тушаалаа урвуулагчдын дараагийн ээлж хэн бэ?

-”ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАХИСАН” ГЭЖ АЛБАНЫ ҮҮРГЭЭ УРВУУЛСАН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ БАЙГАА-

МАХН-ын дарга Н.Энх­­баяр, түүнтэй бүлэг­лэн албан тушаалаа урвуу­лан, бусдын эд хө­рөн­гийг завшиж үрэг­дүүл­сэн гэх хэрэгт шал­гагд­сан нөхдүүд гурван өдөр шүүгд­лээ. Н.Энх­баярын гэх хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгчдийг гэм буруу­тайд тооцож зохих ял оноолоо. Өршөөл үзүү­лэх тухай хуулиар нэгийнх нь ялыг бүхэлд нь өршөөж, бус­даас нь тус бүр гурван жил хассан.

Шүүхийн хэлэлцүү­лэгт шүүг­дэгчид өөрсдий­гөө ямар ч буруугүй гэж мэдүүлсээр байсан. Бүр “Н.Энхбаяр гэдэг хүнийг яллахын тулд хэлмэг­дүүлж байна” гэцгээсэн. Н.Энх­баяр “Миний гэр бүл, дүү, найз, туслах бизнес эрхэлж болдоггүй юм уу. Тэд­ний хэрэгт яагаад намайг буруутгаж байна вэ. Тийм хууль байна уу” гэж ширүүлх­сэн билээ.

Хавтаст хэрэг дэх нотлох баримт, улсын яллаг­чийн ярьж байгаагаар “Ерөн­хийлөгчийн хүн”, “Ерөнхий­лөгч захисан”, “Ерөнхийлөг­чийн бүтээл юм шүү”, “Ерөн­хийлөгч анхаар гэсэн” гэх төдийд Н.Энхбаярын туслах, дүү, найз нөхдийнх нь ажил “ногоон гэрэл”-ээр бүтээд байсанд учир байна. Н.Энх­баяр Ерөнхийлөгчийн сэнтий­гээс буумагц нь туслах, дүү, найз нөхдөдөө тусалсныхаа ха­риуг авсан уу, нэгдээд зүт­гэе гэж шийдсэн үү ямар ч байсан компаниудыг өөрийн­хөө ком­панид нэгтгэснээрээ бас бу­руудсан. Н.Энхбаярын ах дүү, танил нөхөд компани­тай бизнестэй байж болохгүй гэх хууль байхгүй ч хавтаст хэрэгт өөрийнх нь гэх хүмүүс албан тушаалын нэр хүнд, үр нө­лөөг ашигласан нь нот­логд­­­сон. Тиймээс Н.Энхбаяр ал­бан тушаалын хэргээр ял сонссон. Ялтан Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл “Сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гэгчээр..” гээд Ерөнхийлөгч асны нэрийг барьж ажлаа бүтээж явдаг хүн олон байхыг үгүйсгэхгүй гэ­сэн.

Тэгвэл “Ерөнхийлөгчийн хүн” гэж ярьсан төдийд тал засч, ажлыг нь санаснаар нь бүтээж өгсөн албан хаагчид бас ял сонссон. Тухайлбал, НӨХГ-ын орлогч дарга Д.Ду­лам­сүрэн “Ерөнхийлөгчийн хүний компани шүү” гэж за­хис­наар “Өргөө” НӨҮГ-ыг “Хар дун” компанитай нэгтгэх төсөл бичүүлж батлуулс­наараа буруутаж ял сонсоод өршөөгдсөн.

Харин ялтан Ж.Мягмар­жаргал, Д.Чулуунбаатар на­рын хувьд “Ерөнхийлөгчийн хүн”, “Ерөнхийлөгч анхаарал хандуулсны дагуу” гэж ажлаа бүтээгээд бусдын эд хөрөн­гийг завшиж, үрэгдүүлсэн хэргээр ял сонслоо.

Ерөнхийлөгч асан Н.Энх­баярт тал засч, бүлэглэн гэмт хэрэгт холбогдсон олон хүн байгаагаас гурвыг нь шүүлээ. Цаана нь Н.Энх­баяртай бүлэглэсэн гэх цөөн­гүй хүний хэрэг АТГ, Улсын мөрдөн байцаах газрын Эдийн зас­гийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бий. Өнгөрсөн шүүх хурлын үеэр өмгөө­лөгчид “Бүлэглэсэн юм бол тэр нөхдүүд энд яагаад байх­гүй байна вэ” гэж асуухад Е.Сагсай прокурор “УИХ-ын гишүүний халдашгүй байдал, эрүүл мэндийн байдал, га­даадад байгаа зэргээс шалт­гаалаад тусгаарлахаас арга­гүй байсан” гэдэг тайлбарыг өгсөн билээ.

Н.Энхбаярын гэх хэргийн дараагийн ээлжийг тоймлон хүргэе.

Ц.БАТБАЯР

Тэрбээр 2005-2007 онд Нийслэлийн Засаг дарга бө­гөөд Улаанбаатар хотын за­хирагч байхдаа Н.Энхбаярын гэх хэрэгт холбогдсон.

“Өргөө” НӨҮГ 1995 онд байгуулагдан Чингэлтэй дүүр­гийн I хороо, Худал­дааны гудамжинд үйл ажил­лагаа явуулж эхэлжээ. Ул­маар 2000 онд “Дүнжингарав-Өргөө” НӨҮГ-ыг “Өргөө”-тэй нэгтгэсэн байдаг. Хоёр бай­гууллага нэгдсэн ч 2003 оноос ашиггүй ажиллаж эхэл­сэн байдаг. Ашиггүй алдаг­далтай байгаа байгууллагаа яах талаар нийслэлийн удирд­лагууд 2007 оноос ярих болж. Ингээд тухайн үеийн Засаг дарга Ц.Батбаяр 2007 оны наймдугаар сарын 17-нд “Өргөө” НӨҮГ-ын менежмен­тийг сайжруулах саналыг НИТХ-ын төлөөлөгчдөд өр­гөн барьжээ. Иргэдийн төлөө­лөг­чид НӨҮГ-т хөрөнгө оруулж, хамтарсан компани байгуулах төсөл сонгон шал­гаруулахыг Ц.Батбаярт даал­гасан байдаг.

Харин Ц.Батбаяр төсөл сонгон шалгаруулалгүйгээр “Хар дун” гэх компанид “Өр­гөө” НӨҮГ-ыг өгөхөөр төлөв­лөж НӨХГ-ын орлогч дарга Д.Дуламсүрэнг дуудаж уулз­жээ. Ингэхдээ “Солонгосын хөрөнгө оруулалттай “Хар дун” компани байгаа. Энэ компанитай “Өргөө”-г нэгтгэх төсөл бичиж, НИТХ-д оруул” гэсэн даалгавар өгсөн гэдэг. Ингээд Ц.Батбаяр, Д.Дулам­сүрэн нар сонгон шалгар­луулалт явуулалгүйгээр бай­гуулагдаад долоо хоносон, нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Хар дун” компанийн материалыг бүрдүүлж НИТХ-д оруулж батлуулсан байна. Ингээд “Дун Өргөө” компани байгуулагдсан түүхтэй.

Ц.Батбаяр “Хар дун” ком­панийг “Өргөө”-тэй нэгтгэх ажилд идэвхийлэн ажиллас­наараа яагаад Н.Энхбаяртай бүлэглэсэн гэж шалгагдах болов гэдэг нь учиртай. “Хар дун” компани Н.Энхбаярын туслах Т.Тулгын ах Т.Хуягийн үүсгэн байгуулсан компани. Тухайн үед Н.Энхбаярын хүү Америкт сурч байхдаа “Ре­миф” компанийг Монголд байгуулсан. Компани байгуу­лах ажлыг ерөнхийдөө Т.Тул­га хариуцсаныг Э.Батшугар мэдүүлсэн байдаг. “Хар дун” компанийг “Ремиф”-тэй нэгт­гэх ажлыг ч мөн Т.Тулга хий­жээ.

Т.Хуяг компаниа Э.Батшу­гарын “Ремиф”-д хүлээлгэж өгөөд гадаадад гарсан гэдэг. Харин хожим “Рефим” ком­панийг Н.Энхбаярын эзэмш­лийн “Скон” компанид нэгт­гэсэн. Компани нэгтгэх ажлыг мөн л Н.Энхбаярын туслах Т.Тулга хариуцсан нь хавтаст хэрэгт бий. Нотариатаар бат­луулах ажилд компанийн эзэд зайлшгүй байх ёстой. Гэтэл Хууль зүй, дотоод хэр­гийн яамны мэргэжилтэн  Рад­наасэд нотариатчин Батжар­гал руу утас цохиж “Ерөнхий­лөгч Н.Энхбаярын ажил юм. Наад хүмүүс чинь нотариат дээр очих завгүй. Аргалаа­рай. Ерөнхийлөгчийн юм шүү” гэж захисны дараа гэрээг байгуулсан байдаг.

Ингэж Ц.Батбаярын дэм­жээд байсан “Хар дун” ком­пани Н.Энхбаярын өмч болс­ныг нотолжээ. “Өргөө” НӨҮГ-ыг сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 25:75-ийн харьцаатайгаар хувийн ком­панид шилжүүлснээр нийс­лэлд онц их буюу 453.7 сая төгрөгийн хохирол учирсан гэж мөрдөн байцаалтын яв­цад тогтоожээ.

Н.Энхбаярыг Ц.Батбаяр, Д.Дуламсүрэн, Н.Болормаа нартай бүлэглэн дээрх хэр­гийг үйлдсэн гэж яллах дүг­нэлтэд бичсэн. Д.Дуламсүрэн “Нийслэлийн өмчийг хувийн хэвшилтэй нэгтгэж хамтарсан компани байгуулах нь Засаг даргын эрх хэмжээний асуу­дал” гэж удаа дараа мэдүүлж байсан. Гэхдээ тэрбээр Засаг даргын үгэнд орж танил­цуулга хийн НИТХ-д оруулс­наараа ял сонсч өршөөгдсөн.

Харин Ц.Батбаяр УИХ-ын гишүүний халдашгүй эрхтэй байсан учраас хэргийг тус­гаарлахаас өөр аргагүй байсныг Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсай хэлсэн. Одоо тэрбээр жирийн иргэн болсон учраас сэжигтнээр байцаагдаж байгаа.

Түүнийг аж ахуйн нэгж байгууллагын өмчийг ит­гэмж­лэгдэн хариуцсан байгаад завшин, үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруул­сан, төрийн албан тушаалын албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохи­рол учруулсан гэх үндэслэ­лээр шалгаж буй.

Н.БОЛОРМАА

Тухайн үед НИТХ-ын дар­гаар Н.Болормаа ажиллаж байсан. “Өргөө” НӨҮГ-ыг хамтарсан компани байгуу­лах санал эхэндээ 51:49 харь­цаатай байлгах төлөвлө­гөөтэй байсан гэдэг. НИТХ-аас төсөл сонгон шалгаруу­лах чиглэл өгсөн ч Ц.Батбаяр болон НӨХГ-аас сонгон шал­гаруулалт хийлгэлгүйгээр нэг компанийг оруулж ирсэн бай­даг. Ингэхэд НИТХ-ын таван гишүүний хоёр нь хувьчлалыг эсэргүүцсэн нь хавтаст хэрэгт оржээ. Эсэргүүцсэн төлөө­лөгчид “Нийслэл 400 гаруй сая төгрөгийг олчихно. Хотын А бүсэд байрлалтай обьектоо ингэж өгч болохгүй”, “Наадах чинь улайм цайм луйвар бай­на” гэж байснаа хожим гэр­чийн мэдүүлэгт дурджээ.

Гэвч НИТХ-ын дарга Н.Бо­лормаа “Хар дун” компанийн байдлыг судлуулалгүйгээр, төсөл сонгон шалгаруулалт хийгээгүйг анзааралгүйгээр тогтоол гаргаж “Дун өргөө” компани байгуулжээ. Ингэх­дээ анхны хувилбар болох нийслэлийн 51, хувийн ком­панийн 49 гэсэн харьцааг зөрчиж 25:75 гэсэн хувил­бараар тогтоолоо баталсан байна.

Тухайн үед “Өргөө” НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Энхжаргал НИТХ-ын шийд­вэрийг эсэргүүцэж за­хир­гааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхэд хариуцаг­чаар Н.Болормаа биш НӨХГ-ын орлогч дарга Д.Дулам­сүрэн орж байжээ.

Энэ онд дээрх хэргийг сэргээн Н.Болормааг сэ­жигт­нээр шалгаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт холбогдох хэрэг­тэй нэгтгэн сэжигтнээр бай­цааж байгаа талаар эх сур­валж хэлсэн. Түүнийг Эрүү­гийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар шалгаж байгаа аж.

МАХН-ын дарга Н.Энх­баярыг улсын яллагч таван гэмт хэрэгт буруутгаж шүүл­гэсэн. Шүүх тэднээс нэгийг нь хэрэгсэхгүй болгож, дөрвөн хэрэгт гэм буруутай гэж үзэж дөрвөн жил хорих ял оноосон билээ.

Н.Энхбаярын холбогдсон хэргүүдэд цөөнгүй албан тушаалтан бүлэглэсэн гэж шалгагдсаны зарим нь ял сонслоо. Харин бүлэглэсэн нөхдүүдийн зарим нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, гадаадад байгаа, эмчилгээнд явсан гэх шалтгаанаар хэргийг нь тусгаарласан.

Ц.ӨРНӨХ

”Өдрийн сонин”


URL:

Сэтгэгдэл бичих