Амжилттай суралцвал урамшууллын тэтгэлгийг хамтад нь авна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургалтын төлбөр, оюутны дотуур байр гэх асуудлууд эцэг эхчүүдийг шаналгаж эхэлдэг. Өнгөрсөн хичээлийн жил бүх оюутан “Хүний хөгжил сан”-гийн 500 мянган төгрөг, сар бүр 70200 төгрөгийн тэтгэлэг олгосон. Гэтэл энэ жил Эх орны хишиг 1,5 сая төгрөг “баяртай” болж байгаа учир оюутнууд сургалтын төлбөрөө хэрхэх билээ гэж гайхашраад байгаа. Басхүү сар бүрийн тэтгэлгийн мөнгөө бөөнд нь сургалтын төлбөрт өгч магадгүй гэсэн яриа ч гарсан. Тийм болохоор шинэхэн оюутан танд болон эцэг эхчүүдэд зориулан оюутны тэтгэлгийн талаар цогц мэдээллийг хүргэж байна.

Сар бүр  70200 төгрөг авна

Аттестатчлагдсан их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй бүх оюутанд үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгосон.Энэхүү тэтгэлгийг авахын тулд сурлагын амжилт, ирц гэх мэт ямар нэгэн шалгуур тавиагүй. Энэ жил ч мөн хэвээр байх юм байна. Үүнд их, дээд сургуулиудын захиргаа нь суралцагчийн дэлгэрэнгүй судалгааг улирал бүр гаргаж, Сургалтын төрийн санд хүргүүлэх энэхүү судалгааг үндэслэн мөнгийг улирал бүр сургуулийн дансанд шилжүүлдэг. Өнгөрсөн хичээлийн жилд оюутнууд тэтгэлгийн 70200 төгрөг цаг хугацаандаа дансанд орохгүй байна гэж байнга гомдоллож байсан. Гэтэл энэ тэтгэлгийн мөнгө сар бүр биш улирал тутамд данс руу шилжүүлдэг гэж албаны хүн хариулсан юм. Өнгөрсөн хичээлийн жилийн зургаан сард 59,2 тэрбум төгрөгийг нийт 141332 оюутанд олгожээ.

Амжилттай суралцвал дахин урамшуулал авна

Сурлагын өндөр амжилт гаргасан болон эрэлттэй 20 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад урамшууллын тэтгэлгийг энэ хичээлийн жилээс олгохоор болжээ. Энэхүү тэтгэлэг үндэсний тэтгэлгийн 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй. Энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчид өргөдөл, баталгаажуулсан дүнгийн хуулбар зэрэг холбогдох материалыг бүрдүүлэн ирэх есдүгээр сарын 1-ны дотор сургуульдаа өгөх ёстой аж.

Урамшууллын тэтгэлэг авсан суралцагч чөлөө авсан, эсхүл энэхүү журамд заасан голч дүнгийн шаардлагыг хангахгүй бол санхүүжилтийг зогсооно. Харин дараа жил голч дүнгийн шаардлага хангавал тэтгэлэг авах эрх нь нээгдэх боломжтой.

Урамшууллын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Урамшууллын тэтгэлэгийн төрөл Хэрхэн хамрагдах вэ? Хэдэн төгрөг авах вэ?
50 хувь 3,2 буюу түүнээс дээш голч дүнтэй диплом, бакалаврын зэргийн суралцагчид авна. Мөн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн хөтөлбөр болон гадаадын нэр хүндтэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтарсан хос хөтөлбөрөөр суралцаж байгаа. 3,0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид, ЭЕШ-д 720 буюу түүнээс дээш оноо авсан элсэгчид авах боломжтой. Үндэсний тэтгэлийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн 35100 төгрөг авна. Нийт 105100 төгрөгийн тэтгэлэг авна гэсэн үг.
75 хувь 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа диплом бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангид суралцагчдад олгоно. Үндэсний тэтгэлгийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн 52650 төгрөг авна. Нийт 122850 төгрөгийн урамшуулал авна.
100 хувь БСШУЯ-наас зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олипиадаас шагналт байр авсан оюутанд хамаатай. Үндэсний тэтгэлийн 70200 болон урамшууллын тэтгэлгийн 70200 төгрөг авна. Нийт 140400 төгрөг сар бүр авах боломжтой.

Сануулахад, урамшууллын тэтгэлгийг давхардуулж олгохгүй гэнэ. Нэг суралцагч эрэлт ихтэй мэргэжлээр сургуульд элсээд 75 хувийн тэтгэлэг, улсын олимпиадад шалгараад 100 хувийн тэтгэлэг авах болзлыг зэрэг хангасан бол тухайн суралцагч аль нэгийг нь сонгоно гэсэн үг. Мөн хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшихээр суралцагчдад дээрх тэтгэлгийг олгохгүй юм байна шүү.

Ямар мэргэжлийг эрэлт ихтэй гэх вэ?

Эрэлт ихтэй мэргэжлийн чиглэлийг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тоот тогтоолоор тогтоожээ. Үүнд:
1. Авто замын барилга
2. Бага ангийн багш
3. Сургуулийн өмнөх боловсролын багш
4. Байгалийн ухааны чиглэлийн багш
5. Геологи
6. Гидрогеологи
7. Гидромеханик инженер
8. Усны нөөц экологи
9. Уул уурхайн ашиглалтын технологи
10. Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
11. Малын эмч
12. Мэдээллийн систем
13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
14. Сантехник, инженерийн байгууламж
15. Сэргээгдэх эрчим хүч
16. Нано инженерчлэл
17. Биотехнологи
18. Цөмийн эрчим хүч
19. Онош зүй
20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

Шинээр элсэгч төрийн албан хаагчийн хүүхдийн төлбөрийг төр хариуцахгүй

Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн их, дээд сургуульд суралцах сургалтыг төлбөрийг төр хариуцдаг байсан. Харин энэ жилээс эхлэн шинээр элсэгч төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийг төр хариуцахгүй байх шийдвэр гарчээ. Харин хуучин суралцаж байсан оюутнуудын сургалтын төлбөрийг төгстөл нь төр хариуцах юм байна.  Эдгээр оюутнуудын хувьд эцэг, эхчүүд ажиллаж байгаа байгууллагатайгаа хийсэн гэрээгээ сунгах ёстой. Мөн энэ жилээс эхлээд “Хүний хөгжлийн сан”-гийн 500 мянган төгрөг сургалтын төлбөрт суутгагдахгүй.

Сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл…

Бүтэн өнчин,  хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн оюутан сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн ч үүнд хамаатай гэнэ.  Энэхүү тэтгэлгийн хэмжээг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтоох юм байна.

Сургалтын төлбөрийн зээлийг авахын тулд

Сургалтын төлбөрийн зээлийг дараахь шалгуурыг хангасан оюутнууд авч болно.  Үүнд, Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 болон түүнээс дээш оноо авсан,  2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа, хагас өнчин, малчин өрхийн, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн,  гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид сургалтын төлбөрийн зээлд авч болох ажээ.

Бүрдүүлэх бичиг баримт

Сургалтын төлбөрийн зээл авахыг хүсэгч нь дараахи бичиг баримтыг бүрдүүлэн ирэх есдүгээр  сарын 1-ний дотор  сургуулийн захиргаандаа өгөх хэрэгтэй. Тодруулбал,

-Өргөдөл

- эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

- боловсролын үнэлгээний төвийн батламж

- сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг

- үргэлжлүүлэн суралцагчийн дүнгийн тодорхойлолт

- хагас өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

- малчин өрхийн суралцагчийн хувьд малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт

- амьжиргааны төвшөөс доогуур орлоготой өрхийн суралцагчийн хувьд харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт

- гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаанд хаасан суралцагчийн хувьд үүнийг тодорхойлсон харьяалах аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт

- зээлийн баталгаа зэргийг бүрдүүлэн өгөх хэрэгтэй.

Сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс оюутнуудын өргөдлийг хүлээн авч, хяналтын  тоонд багтаан сонгон шалгаруулна. Комисс нь бүрдүүлсэн  бичиг баримтыг үндэслэн сургалтын төлбөрийн зээл олгох элсэгч, суралцагчийг есдүгээрдүгээр сарын 15-ны дотор сонгож, дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлэх юм байна. Үүнийг Сургалтын төрийн сан хянан үзэж, тухайн суралцагчид зээл олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Д.ЖАРГАЛ

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих