”Зоос” банкны удирдлагуудыг 12.00 цагаас шүүнэ

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 12.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно.
Хуралд шүүгчээр И.Ганбат, М.Сүхчулуун нар оролцоно. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Насанбат хяналт тавьж байсан ч тэрээр Завхан аймагт томилогдсоноор хэрэгт М.Сүхчулуун хяналт тавихаар болсон билээ.
Өнгөрсөн долдугаар сарын 20-нд болох байсан ч шүүгдэгч Ж.Алтанцагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гадаадад ажилтай яваагаа шүүх бүрэлдэхүүнд албан бичгээр хүргүүлсэн учир ирэх пүрэв гаригийг хүртэл хойшлуулаад байсан.
Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ.     Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.
Мөн эдгээр хүмүүсийн хамт тус банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдоод байсан. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон билээ. Гэвч Өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэр гаргаж байсан юм.

Б.Чимэг
24tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих