Лонхонд хөмрүүлсэн монгол эрчүүд

Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг үг чухам яасан үнэн үг вэ. Энэ үг өнөөгийн Монголын нийгэмд биелэлээ олж, их багагүй л “Архинд живсэн архичин Монгол” гэдэг гуншинг хүртэн ам уралдуулан ярих болсон нь маргаангүй үнэн. Нийгэмд архидалт гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тул архи, мансууруулах бодис үйлдвэрлэгчийг хянах асуудлыг дээд шатныхан яриад ч нэмэр алга.

Арга ч үгүй биз дээ дээд шатны дарга нар нь архи гэгч хорыг үйлдвэрлэдэг үйлдвэртэй байгаа юм чинь яаж ч хянаад  хяналтаас гадуур. Шилтэй шингэн хорноос болж ямархан хүнд нөхцөлд орсныг гэрчлэх тоо баримт, судалгаануудаас иш татан сануулахад илүүдэхгүй биз. Монголын насанд хүрсэн нийт  хүн амын 40 гаруй хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн албадан судалгаа гарчээ. Хоёр сая 700 хан мянган иргэнтэй манай улсын 40 гаруй хувь нь живсэн байна гээд та боддоо аймшигтай тоо байгаа биз.

Тийм ээ, итгэхийн аргагүй ч гашуун үнэн бол ердөө л үнэн байгаа юм. Ихэнх тохиолдолд архины хор нөлөө удаан хугацаанд мэдэгддэг учир эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүйгээс болж олон мянган гэр бүл архидалт хэмээх өвчинд дэндүү эрт, дэндүү гүнзгий орж байна. Өнөөдрийн байдлаар нийт эрэгтэйчүүдийн 39.7, эмэгтэйчүүдийн 15,1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтай байгааг саяхан нэгэн судалгаа харуулаад амжсан. Тэр бүү хэл “архидалт” гэх аймшигтай зүйл монголын ирээдүй хойчийг авч явах залуу үе, үр хүүхдүүд рүү минь аль хэдийнээ довтолоод ирчихсэн.

Хамгаас харамсалтай нь өсвөр үеийнхэнд архины хор хөнөөлийн талаарх сургалт сурталчилгаа явуулахаас илүүтэй архины гоё сайхныг магтан дуулсан, архины чанар чансаатайг гайхуулсан сурталчилгаа хэвлэл мэдээллээр өдөр бүр цацагдсаар л байгаа. Сурталчилгаанд автсан хүүхдүүд ирээдүйн өвгөнтийнхний хүрээг тэлэхэд бэлтгэгдэж байгаа гэхэд болохоор болсон. Өнөөдөр манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 103 аж ахуйн нэгжийн 128 үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр 2011 оны эхний 11 сарын байдлаар нийт 18,5 сая литр архи, 40,5 литр шар айраг үйлдвэрлэснийг та бид ууж барсан байна. Энэ тоог идэвхтэй хүн амд импортын согтууруулах ундааны тоог хамруулаагүй харьцуулж үзвэл нэг хүн 49 литр согтууруулах ундаа хэрэглэж байна.  Уг нь бол ДЭМБ-ын гаргасан судалгаагаар нэг хүн амд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давсан тохиолдолд тухайн улс үндэстнийг “мөхлийн ирмэг”-т тулсан хэмээн тооцдог байна. Тэгвэл бид хэдийнээ архинд живж, мөхчихөөд байгаа юм биш шүү? Архи ууна авгайгаа зодно, үр хүүхдүүдээ зовооно энэ бол энгийн үзэгдэл дасал болсон зүйл. Архинаас болж амьдралаа ажлаа өөрийгөө алдаж байгаа хүн харамсалтай нь дэндүү олон.

Гэр бүлээ нэг зовоолоо хоёр зовоолоо, гурав зовоолоо тэссэнгүй нөгөө албадан саатуулах төв рүү ачигдаад л явна. Үр хүүхдүүдээ тойруулан халуун ам бүлээрээ жаргалтай сайхан суух үе дээрээ төмөр хашааны цаана өмнөх өдөр гаргасан алдаагаа санан худлаа гэмшин суух нь дэндүү худал, дэндүү эмгэнэлтэй дүр зураг. Уг нь бол монгол эрчүүд маань эрэлхэг зоригоороо гайхагдан дэлхийн талд монгол алдарыг дуурсгаж байсан цаг түүхэндээ бий. Гэвч одоо юу болов??

Өнөөдөр албадан саатуулан баривчлах төв 114 хүний багтаамжтай хэдий ч өнөөдрийн байдлаар 240 хүн байгаа гэнэ. Зуны цагтаа энэ тооны хүн байдаг гэх үгийг сонсоод одоо бүүр улиралын чанартайгаар уудаг болоо юу даа гэх бодлыг төрүүллээ. Энэ л нөгөө эр хүний ноён нуруу хаана нугардаг вэ гэдэг нь харагдсан. Эр хүн та, эр хүн шиг эр хүн байж чадвал энэ бяцхан үрс тань таны араас гэлдэрч архины амсар долоохгүй л юм байгаа ш дээ. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Магадгүй та баяраа тэмдэглэж ганц  лонх хөмрөх гэж байгаа бол  түр азнаач таныг халамжит хань алдрай бяцхан үр чинь бүртийн бүртийн хүлээж байгаа шүү дээ. Ганц лонх хөмрөх биш, ганц лонхонд хөмрүүлчих вий дээ та яг одоо ухаар…

Ө.Анхаа

www.noyon.mn


URL:

Сэтгэгдэл бичих