МАН-ын түрийвч буюу Өвөрхангайн хоёрын нэг

Н.Төмөрхүү гэж хэн бэ. Төрийн албаны туршлага, мэдлэг боловсрол гэхээсээ илүүтэйгээр “Өндөр буянт” холдингийн захирал хэмээх гуншин түүнийг дагалддаг. “Өндөр буянт” гэж алдарт “Тусгаар тогтнолын ордон” нэртэй МАН-ын данхар байшинг барьсан компанийн нэр.

Тус компанийн нийт хөрөнгө нь хэдээр тоологддог чухам хэлж мэдэхгүй юм. Их л хөрөнгө чинээтэй компани гэгддэг. Тусгаар тогтнолын ордны барилга 14.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Уг нь хуучнаар МАХН-ын байр ашиглах боломжгүй болсны дараа шинэ өргөөтэй болохыг хүссэн тус намын гишүүд байраа бариулах компаниудын тунд тендер зарласан гэдэг. Харин МАН-ын Бага хурлын гишүүн, чинээлэг бизнесмэн Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт” компани үнэмлэхүй ялалт байгуулан уг тендерийг авсан түүхтэй.

Н.Төмөрхүү өөрөө компанийнхаа тодорхой хувийг эзэмшдэг гэж байгаа. Хэвлэлийн хуудаснуудыг сөхөж үзэхэд түүнтэй холбоотой багагүй баримт олдох аж. Зарим нь түүнийг барилгын ажлаа өвлийн хүйтэнд хүртэл үргэлжлүүлснээс болж ажилчид нь ганц нэгээрээ амиа алдаж байсан тухай дурсжээ. Нөгөө хэсэг нь хятад ажилчдыг бөөн бөөнөөр нь хөлсөлдөг тухай онцолсон байх юм. Гэхдээ хамгийн чухал нь Н.Төмөрхүү бол чинээлэг бизнесмэн хүн. Түүнд мөнгө бий.

Яагаад Н.Төмөрхүү гэгч жирийн монгол иргэний тухай ингэж их онцлох болов. Хариулт нь тун амархан. Тэр бол Өвөрхангайн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн хоёр хүний нэг. Түүнийг Сонгуулийн тухай хууль зөрчсөн баримтуудыг өрсөлдөгч нь боодол, боодлоор нь дэлгэж тавьж байна. Хан-Уул дүүргийн шүүхээс энэ бүхэн дээр үндэслээд түүний УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авахаар болсон юм. Гэтэл адгийн зарга арав хоног үргэлжилнэ гэгч болох нь тэр. МАН-ынхан Өвөрхангайн хоёрынхоо төлөө үхэн хатан тэмцэж эхэллээ. Нотлох баримтууд бэлээхэн илэрхий байсаар байтал нэр хүндээ газартай тэгшлэн байж, төрийн ажлыг хойш нь чангаасан нэр зүүн байж МАН-ынхан чинээлэг бизнесмэн Н.Төмөрхүүгээ өмөөрөх аж. МАН-ын санхүүгийн арыг найдвартай хамгаалдаг хүмүүсийнх нь нэг болох нөхөр Төмөрхүү ч УИХ-д орох сонирхолтой байгаагаа илэрхийлж, дараа дараагийн шатны шүүхэд өргөдөл, гомдлоо барин гүйх болсон юм. Уг нь түүний буруутайг нотлох хангалттай баримт бий. Тиймээс өөрөөс нь өөр хэн ч түүнийг хууль зөрчөөгүй гэдэгт итгэхгүй байгаа юм.

Намын түнтгэр түрийвчнүүдийн нэг болохоороо МАН өмөөрөх нь аргагүй ч байж мэднэ. Гэхдээ түүний нам дотроо яаж хөлөөрөө толгой хийж явах нь ард түмэнд падлийгүй. Харин төрийн өндөрлөгт залрах гэж, хууль тогтоогч болох гэж яваа бол өөр хэрэг.
Буруутайг нь нотлох баримтууд хангалттай олон байхад тэднийг МАН-ынхны бойкотоор УИХ-д оруулж ирвэл АН шударга ёсны тухай мянга яриад яах юм бэ. АН-ынхан энэ үгийг амнаасаа гаргах ч эрхгүй болно. Шударга ёс, шүүхийн хараат бус байдлын төлөө одоо л дуугарч, тэмцэхгүй юм бол дөрвөн жилийн дараа ард түмэнтэйгээ уулзах нүүргүй АН л үлдэж хоцорно. Энэ бүх булхай луйврыг одоо л цэгцэлж эхлэхгүй юм бол өөр хэзээ ч хийж чадахгүй.

МАН-ынханд бол түнтгэр түрийвч хэрэгтэй. Тэд халаасаа нимгэлэхийг хүсэхгүй байгаа. Тэднийг ойлгож байна. Тэдэнд юу хамгийн чухал вэ гэдгийг нь мэдэрч байна. Харин Монголын төрд түүн шиг хэрэггүй зүйл байхгүй.

Өөрсдийгөө хуулийн дагуу бүх зүйлийг хийдэг гэж дахин дахин нотлох хэрнээ Монголын засаг төрийг барьцаалж, шүүхийн үйл ажиллагаанд МАН нөлөөлөхийг оролдсоор байна. Тэд өөрсдөө ч үүнийгээ олигтой тайлбарлаж чадахгүй байгаа. “Наадах чинь хууль шүүхийнхний хараат бус байдлыг үгүйсгээд байгаа юм биш үү” гэх сэтгүүлчдийн асуултад тэд олигтой хариулт хэлж чадахгүй, ээрч мууран түгдчих нь инээдтэй. Харин ийм дээр нь тэднийг хүлээн зөвшөөрч, саналыг нь хүлээн авбал АН жинхэнэ шившиг болно.

Тэгэхээр МАН-ын “хэтэвч”-ийг шүүхийнхний нь хяналтад үлдээсэн нь дээр биз дээ. МАН-тай МАН-гүй АН УИХ-аа эмхлээд засгаа байгуулаад явж л байгаа юм чинь.

olloo.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих