Сэжүүрийг нь Ж.Батзандан гаргаж, нэрсийг нь бид таах ёстой юм уу?

“Таван толгойг таван сайд хуваагаад халаасалчихлаа” гэж Ж.Батзандан сар гаруй ярилаа. Ерөөсөө нэрийг нь хэлэхгүй юм. Зориг нь хүрэхгүй байгаа юм уу. Эсвэл тэр нэрсийг өөрөө ч мэдэхгүй явна уу, мэдэн будлиад байна уу. Үгүй бол үнэнийг илчлэгч баатар болох гээд амандаа орсныг хэлчихэв уу. Тийм л биш бол тэр нэрсийг зарлах ёстой. Таван толгойд дарга нарын “но” илэрснийг мэдэж байгаа бол хэлэх үүрэгтэй тэр, иргэнийхээ бас ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд. Ард түмэн Таван толгойгоос хишиг хүртэж, толгой өвдөх зовлонгүй амьдарна гэж хүлээгээд байдаг. Гэтэл нөгөө саалийн үнээг маань таван нөхөр хуваагаад “залгичихаж”. Монгол авлигачдаар дүүрэх нь ч дүүрсэн. Улсаа худалдаад идэхээсээ ч сийхгүй нөхдүүд энэ төрийн толгойд суугаа гэдэг нь нэгэнт тодорхой болсон асуудал. Гэхдээ одоо ханаж цадсан баймаар юм. Түрүүчийнх нь том ордоор гараа угаагаад шувтарсан юм байгаа биз. Бүхэл бүтэн Монгол Улсыг тэжээх дараагийн том ордоо тавхан хүний халаасанд тавиад туучихаж болохгүй. Гэвч яалт ч үгүй ийм зүйл болсныг Ж.Батзандан гэрчлээд байна. Ямар ханаж цаддаггүй сувдаг таван сайд ард түмнийг луйварддаг юм бол. Энэ л сонин байна. Тэдний Таван толгойг хуваагаад халааслахыг нь Ж.Батзандан харсан юм бол нэр устай нь хэлэх ёстой. Шударга үнэн гэж байдаг бол түүний төлөө тэмцдэгээрээ Ж.Батзандан алдаршсан. Тиймдээ ч түүнийг “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгосон биз ээ. Ард түмэн элчээ болгоод манаачаар явуулсан хэрэг. Эх орны баялгийг ард түмэнд тэгш тараалгаж, үнэнийг илчлэх үүрэгтэй манаач маань харин өөх ч биш, булчирхай ч биш юм яриад хаяагаа манаад гүйж байна. Аливаа будлианы сэжүүрийг нь Ж.Батзандан гаргаж, бид таах ёстой юм уу. Энэ байтугай үнэнийг хэлээд тавьчихдаг хүн биш бил үү. Тэр энэ дарга, ийм тийм дарамт гэж хулчийдаггүй эр шиг л байсан. Хэнээс айгаад, юунаас бэргээд таван сайдын нэр амнаасаа унагаж чадахгүй байгаа юм бэ. Уг нь ч сүүлийн сар гаруй ингэж ярихыг нь харвал тэдний нэрийг мэдэж л баймаар юм. Үгүй бол зүгээр ингэж айлгаж байгаад юм олдог аргад суралцчихаагүй л байлтай билээ.

Я.Мөнгөнцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.