УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг маргааш шүүнэ

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагт шүүнэ. Мөн түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэх юм.

Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1, 2 жилийн ял төлөвлөснөө мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэрэгт нотлох баримт дутуу хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан.

Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургаадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Энэхүү эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэсэн шийдвэр гаргасан билээ.

Ингэснээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал мягмар гарагт товлогдсон юм. З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих