”Зоос” банкны хэрэг тун удахгүй замхарч алга болно

…Бүтэн гурван жил хуулийн байгууллагаар явсан эл шүүх хурал болох эсэх нь тун эргэлзээтэй
Одоогоос дөрвөн жилийн өмнө «Анод» банк дампуурлаа зарлаж, нэг хэсэгтээ л хадгаламж эзэмшигчдийг шоконд оруулж байсан. Гэтэл төд удалгүй жилийн 2009 онд ямар ч алдагдалгүй ашигтай ажиллаж байсан «Зоос» банк дампуурлаа зарлаж, нэг л мэдэхэд «Төрийн банк» хэмээх сүржин нэрийг гаднаа хадах болсон билээ. Үүнээс хойш хэвийн ажиллагаатай байсан хоёр банктай холбоотой хэрэг хуулийн байгууллагуудаар шалгагдсаар аль аль нь шийдэгдэж чадалгүй өнөөг хүрчээ гэхэд гайхах хүн олон биз ээ. Дээрх хоёр банкны хохирогчид гомдлоо барагдуулах гэж хандаагүй газар үгүй. Тэд жагсаал, суулт, өлсгөлөн зэрэг олон тэмцлийг хийж байсан боловч ямар ч амжилт олж чадалгүй аргагүйн эрхэнд цөхөрсөн. Энэ удаа «Зоос» банктай холбоотой шүүх хурал яагаад сунжраад байгаа талаар дурдах гэсэн юм. Уг нь албаныхны мэдээллээр бол «Зоос» банкны 628 хадгаламж эзэмшигч хохирсон гэдэг баримт байдаг юм билээ.

Тэгвэл тус банкны удирдлагуудын шүүх хурал ямар нэгэн аргаар хойшлоод бай­даг нь тун хачирхалтай. Тухайлбал, «Зоос» банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаж байгаа тус банкны 113 дугаар салбарын захирал асан Ж.Алтанцаг, Гадаад төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн алба­ны дарга асан П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох байсан ч дахин хойшилсон. Дээрх шүүх хурал ямар нэгэн байдлаар хойшилсоор гурав дахь жилийнхээ нүү­рийг үзэж байгаа юм. Энэ удаагийн шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь хурлын ерөнхий шүүгч И.Ганбат гадаадад ажлаар яваатай холбоотой гэсэн. Шүүх хурал уг нь өнгөрсөн долоодугаар сарын 20-нд болохоор товлогдож байсан ч шүүгдэгч Ж.Алтанцагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг гадаадад ажилтай явж байгаагаа мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүнд бичгээр албан хүсэлт гаргасан тул хурлыг хойшлуулсан гэж байсан юм. Түүнчлэн гуравдугаар сарын 13-нд болох ёстой байсан хурлыг шүүхээс “Зоос банк” 2011 он хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байна гэж бас л хойшлуулсан билээ.

Тэгэхээр гурван жил болж буй эл хэрэг шийдэгдэхгүй байгаа нь тун хачирхалтай. Ямар нэгэн арга саам гаргаж байгаад шүүх хурлыг хойшлуулдаг нь цаанаа улстөрийн томоохон бүлэглэл эл хэргийн шүүх хурлыг хойшлуулж байна гэсэн хардлагыг улам бататгаад байх шиг. Учир нь тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг буруутайд тооцож, цагдаагийн байгууллагаас хориг тавьж байсан. Гэтэл тун удалгүй дээрх нөлөө бүхий нөхдийг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн Нийслэлийн прокурорын газраас нотолсон билээ. Харин дээрх хэргээс тус банкны гүйцэтгэх захирал асан Ш. Чуданжийг буруутай хэмээн үзэж, хэргийг тусгаарлан шалгах болсон. Ингэхдээ Ш.Чуданжийн хэргийг шалгаж байна гэж мөн л гурван жил гаруй болж байгаад энэ оны дөрөвдүгээр сард түүнд зургаан жилийн хорих ял оноож, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэхээр бол­сон билээ. Гэвч удалгүй түүнийг 2009 онд баталсан Өршөөлийн тухай хуульд хамруулж, хорих ялыг нь хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд хадгаламж эзэм­шигчдийн хохирол болох 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэсэн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр үлдсэн билээ.

Дээрх 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлөхгүй хэмээн Ш.Чуданжий давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч уг хэрэг ямар шатандаа явааг өдгөө хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон шүүх хурлын үеэр гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий хэлэхдээ «Манай банк ашигтай ажиллаж байсан. Би уг банкийг үүсгэн байгуулагчдын нэг нь. Ер нь олон мянган хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хувьдаа авч үзсэн удаа нэг ч байхгүй. Тиймээс анхан шатны шүүхээс гаргасан 1.6 тэрбум төгрөгийг төлөхгүй. Тэгээд ч «Зоос» банк дампуураагүй» хэмээн мэдэгдэж байсан. Тэгэхээр түүний хэлж байгаагаар эл банк дампуураагүй бол яасан болж таарах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зарим иргэний хардлага ч байдаг. Тодруулбал, 2008 оны сонгуулиар улстөрчид «Анод» банкийг санаатайгаар дампууруулсан. Учир нь уг банкнаас их хэмжээний мөнгийг улстөрчид болон бизнесийн бүлэглэлийнхэн гаргуулж авсан. Улмаар авсан мөнгөө найдваргүй зээлдэгчдийн тоонд оруулж, нэг л өглөө «Анод» банкийг дампуурлаа гэж зарласан. Яг үүнтэй адилаар «Зоос-ыг дампууруулсан гэж ярих хүн ч олон бий.

Ингээд бодохоор бүхэл бүтэн банк дампууруулсан нөхөд өдгөө гадаад, дотоодод зугаалж, тансаг зэрэглэлийн машин унасан шиг ээ хотын төвөөр салхи татуулан давхиж байгаа нь нууц биш. Хэрвээ жирийн нэгэн иргэн ийм их хэмжээний мөнгөний асуудалд орлоо гэхэд өнөөдөр хавтаст хэргийг нь нээж, маргааш нь л аавынд илгээж байгаа. Ер нь ямар ч эрх мэдэлгүй салбарын захирлуудыг шийтгэсэн болж өнгөрөөд эл хэргийг замхруулах сонирхол маш олон хүнд байгаа. Тиймдээ ч бүтэн гурван жилийг ардаа орхисон тус банканд холбогдох гол хүмүүсийн хэрэг нь эхнээсээ мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болж, шүүхээс ял авсан нөхөд Өршөөлийн хуульд хамрагдаж сул чөлөөтэй болсон. Ингэж л хадгаламж эзэмшигчдийг хохироож буй эл хэргийн шүүх хурал хойшилсоор байгаад нэг л өдөр мартагдах вий дээ.

Р.Саруул

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих