УИХ дахь ”Түгжил”

Өнөөгийн парламентад бас нэгэн “Түгжил” бий болжээ. Тэр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг. Уг нь бүлгийнхэн л дээ. Гэхдээ “Шударга ёс” гэдэг бүлэгт зангилагдаж байгаа болохоор ийн нэрлэхээс өөр арга байсангүй. Тус эвслийн бүлгийнхэн сүүлийн үед ганцаарчилсан тоглолт хийн, сүрийг үзүүлэх болжээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн бариагүй байхад өмнүүр нь орж, ажлыг нь хийв. Хуулиндаа бол Ерөнхий сайд УИХ-ын даргад өргөн мэдүүлсний дараа бусад асуудал яриг­дах учиртай. Гэтэл “Шудар­га ёс” бүлгийнхэн бүлгийн хуралдаанаа хийв үү, үгүй юу, шууд л хэвлэл мэдээл­лийнхнийг цуг­луу­лаад тайлагнаж орхив.

Үндсэндээ хэдий эвсэж, нэгдэе хэмээсэн ч ган­цаар­чилсан тоглолт хийж эхэлж байгаа нь АН-ынханд тийм ч таатай санагдахгүй байгаа гэнэ. Уг нь эвслийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаа тохироод, бүр сайд нараа ч эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр хуваарилаад авчихсан байж. Тэгсэн “Шударга ёс” бүлэг “Хуваарилалт нь шог” байна гэж үзсэн бололтой юм. Өчигдөр дахин бүлгийн хуралдаанаа хийгээд, ёстой л “Бид хусмаа чамлаж байна” гэдгээ илэрхийлэв.

16 яам, 19 сайдтай эвслийн Засгийн газрын Шадар сайд болон Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамыг “Шударга ёс” эвслийн зүгээс томилуулахаар АН-тай тохиролц­сон. Гэтэл энэ нь бүлгийн гишүүдэд тэр бүр таалагдахгүй байгаа аж. Тиймээс “Яамдын чиг үүргийг нэлээд нухацтай ярил­цах ёстой. Эрхлэх асууд­лынх нь хүрээнд харьяа­лагдах зарим чиг үүргийн ажил оновчгүй хуваариласны зэрэгцээ орхигдсон, эргэлзээтэй зүйлүүд байна” гэдэг тайлбар тавьж байна. Эцэст нь Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байж шийдвэрээ гаргана хэмээв.

Уг нь дээрх тохироогоор бол Шадар сайдад Д.Тэр­биш­дагва, Сангийн сайдад М.Энхсайхан, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал нарыг санал болгосон тухай яригдаж байсан. Гэсэн ч эх сурвалжуудын хэлж буйгаар дээрх яамд нь хөрөнгийн хувьд одоогийн яригдаж байгаа сайд нарт таалагдахгүй байгаа аж. Тиймээс л Засгийн газрын яамдын чиг, үүрэг гэх зэргийн асуудал сөхөж байгаа аж.

Хэрвээ дараагийн удаа тохироогоо санасандаа хүртэл хийж чадахгүй бол тэд тамга хөзөртэй мэт л аашлах юм байх. Өөрөөр хэлбэл, нэгдвэл нэгдсэн шиг нэгд, үгүй бол бид ч бас шантаажилж чадна шүү гэдгээ “Шударга ёс”-ынхон харуулах нь. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг саяхан МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон шүүхийн шийдвэрээс болж эвслийн Засгийн газарт нэгдэх эсэхдээ тулж байсан. Тухайн үед эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсний эцэст анх хэлсэндээ хүрч, ард түмэн, олон нийтийн эрх ашгийг эрхэмлэж байна гэдэг мэдэгдэл хийсэн.

Гэтэл энэ удаа хүссэн яамдыг нь өгөхгүй бол нэлээд сөргөлдөж мэдэхээр юм. Үндсэндээ АН “Шударга ёс” эвсэлтэй нэгдэх бус хөлд нь сөгдөхөөс аргагүй бай­далд орох гээд сандарч байгаа бололтой. Ямар МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэдэг хоёрын хоёр хатуухан сөрөг хүчний өөдөөс өрвөлзөлтэй биш дээ. Түүний оронд ядаж “Түгжил”-тэйгээ ханьсах нь дээр байгаа биз, АН-д.

Ж.Нарангэрэл

”Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих