Олигархийн таваг зууш, өрх толгойлсон эмэгтэйн гоёл хоёрын ханш

-Монголчууд харийнхны хуучин, халтар хувцсыг өмсөх дээрээ тултлаа ядуурчихсан юм гэж үү-

Нийслэлийн томоохон худалдааны төвүүд, аймаг сум бүрт “Комиссын” гэх тодотголтой хувцасны дэлгүүр, зах, мухлаг, ТҮЦ, лангуу ажилладаг болсоор арваад жилийн нүүрийг үзлээ. Монгол Улсын 2.7-хон сая хүнийг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулж чадахгүй байгаа төр засагтаа гомдохоос хэтрэхгүй жирийн ард иргэд юугаар голоо зогоож, мөрөндөө юу эгэлдэргэлж явааг анзаарах сөхөөтэй хүн байхгүй бололтой.

Тэдний нүд, чихэнд үнэнийг ойртуулах гэсэндээ өчигдөр “Хархорин” захыг зорьсон юм. Энд Монголын хамгийн том “комиссын” зах ажилладаг ажээ. Тус захын төв хаалгаар ороод зүүн гар тийш эргэж, 10-аад метр явбал “Комиссын” гэх тодотголтой хуучин гутал, хувцасны лангуунууд үргэлжилнэ. Хуучин гутал зардаг лангуу л гэхэд дөрвөн эгнээтэй бөгөөд эгнээ бүр 15-20 лангуутай юм. Зарж буй хуучин гутлын үнэ 3000-аас 120 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Энд хуучин гутал зарж буй нэгэн эмэгтэйг нэлээд шалгаасны эцэст цөөн хором ярилцлаа.

-Та энэ зах дээр хуучин гутал зараад хэр удаж байгаа вэ?

-Зах дээр наймаа хийгээд хоёр жил болж байна.

-Зарж буй гуталнууд чинь комиссынх гэхэд чанартай харагдаж байна. Бараагаа хаанаас, хэдэн төгрөгөөр авдаг вэ?
-Тийм шүү. Германы гуталнууд байгаа юм. “Нарантуул” худалдааны төвийн урд байрладаг чингэлгээс бараагаа авдаг. Үнийн хувьд янз бүр. Нэг “гахай” гутлыг 55 мянгаас 300 мянгын төгрөгийн хооронд худалдаж авдаг юм. Гэхдээ мөнгөндөө тааруулаад л авна. Миний зарж буй герман гутлууд 180 мянган төгрөгийн “гахай”-наас гарсан.

-180 мянгын гахайнаас тэгээд хэдэн гутал гарсан бэ. Ашиг хэр гарах бол оо?
-Янз бүр дээ. 10-20 хос гутал гардаг. Гэхдээ ихэнх нь урагдчихсан байдаг юм. Ганц хоёр л гайгүй юм гарч ирнэ. Ашиг гээд байх юмгүй ээ. Нэг “гахай”-наас 50-60 мянган төгрөгийн ашиг олдог. Олсон ашгаа идэж уугаад дуусчихдаг. Ер нь комиссын гутал ажиллагаа ихтэй. Бидэнд ямар ч амралт байдаггүй. Ганц амралтаараа энэ хэдэн гутлаа угааж, тосолсоор байгаад л таардаг.

-Өдөрт хэдэн төгрөгийн наймаа хийдэг вэ?

-Наймаа хийлгүй хоосон буудаг үе ч байна. 100 мянган төгрөгийн орлого олох үе ч байна. Ерөнхийдөө “Нарантуул” худалдааны төв амардаг, мягмар гарагт л гайгүй байдаг.

-Өмнө нь та ямар ажил хийж байсан бэ?
-Эгч нь нягтлан бодох мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10-аад жил ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдаад ажлаасаа гарсан. Одоо группт байдаг. Наймаа хийж хэдэн төгрөг олохгүй бол амьдрахад хэцүү байна. Ажилд оръё гэхээр мань мэтийг тоож авах биш. Өндөр гуалиг охидуудыг л авна гэх юм байна шүү дээ. Энд наймаа хийж буй хүүхнүүдийн олонхи нь өрх толгойлсон эмэгтэй байдаг.

-Та байнга герман гутал зардаг уу?
-Үгүй ээ. Олдсоныг нь авдаг. Сүүлийн үед бараа ховордоод олдохгүй байна. Тэнд бараа задарлаа гэж   сонсоод уралдаж очоод л авцгаадаг. Голдуу солонгос бараа авч зардаг. Хоёр хоногийн өмнө аз таарч энэ герман гутлуудыг авсан юм.

-Та яг одоо хэдэн төгрөгийн наймаа хийчихээд байна вэ?
-Одоогоор наймаа хагараагүй байна. Өнөөдөр “Нарантуул” худалдааны төв амарч буй болохоор орлого сайн байх болов уу гээд л горьдож сууна.

-Хүмүүс ихэвчлэн ямар гутал авдаг вэ?
-”Израйль” нэртэй хар гутал байдаг даа. Тэрийг улирал хамаарахгүй сайн авна. Ер нь улирлаасаа шалтгаалдаг. Ойрын өдрүүдэд эрэгтэй хавар, намрын гутал, пүүзэн гутал сайн зарагдаж байна.

-Сардаа түрээсэнд хэдэн төгрөг төлдөг вэ?
-Өдрийн 2000 төгрөг төлдөг. Дээрээс нь газрын мөнгө гэж cap болгон 10 мянган төгрөг өгдөг. “Хархорин” захын түрээс “Нарантуул” худалдааны төвийнхнийг бодвол харьцангуй өндөр байдаг.

-Амьдралын бололцоо муутай хүмүүс комиссын хувцас худалдаж авдаг гэж хүмүүс ойлгодог. Ер нь ямар хүмүүс хуучин гутал, хувцас авдаг вэ?
-Дансандаа хэдэн арван сая төгрөгтэй хүмүүс авахгүй нь тодорхой. Ерөнхийдөө дундаас доош давхаргынхан л авдаг. Ганган хүүхнүүд ч гэсэн үзэж байгаад аваад л явчихдаг юм.

Тэрбээр ийн ярьсан юм. Худалдагчаас холдож “комиссын” лангуугаар явж бараа үзэж сонирхон, худалдан авч буй зарим нэг хүнтэй уулзлаа. Сүхбаатар дүүргийн иргэн н.Ганзориг “Хятадын эдэлгээ муутай шинэ гутал авч байхаар чанартай удаан эдэлгээтэй хуучин гутал аваад өмссөн нь дээр шүү дээ. Чанартай шинэ гутлын үнийг дийлэхгүй юм чинь. Хүмүүс комиссын гутал гэхээр урагдсан гутал байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Тийм зүйл огт байхгүй” гэв.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Чимгээ гэгч эмэгтэй “Комиссын гутал дунд гоё гуталнууд байдаг. Тэгэхдээ байнга комиссын гутал өмсөөд байдаггүй” хэмээгээд цааш эргэлээ.

“Хархорин” захад зарж буй хуучин гуталнууд нь тийм ч болохоо байтлаа урагдаж, ханзарсан, майжийсан биш ажээ. Хүмүүс комиссийн бараанаас нэлээд их худалдан авдаг юм билээ. Би ч дотроо тооцоо хийж үзэв. “Комиссын” гэх хувцсаар хэн ч бай өөрийгөө бүрэн хувцаслая гэвэл 50 мянган төгрөг байхад л хангалттай юм билээ. Тухайлбал, 20 мянган төгрөгөөр дажгүй гутал авчихна. Энэ нь хулхи биш ч ориг нь бас биш. Гэхдээ чанартай. Жинсэн өмд 3000, 5000, 8000 төгрөгийн үнэтэй байхад цамц 4000-6000 төгрөгийн хооронд байх юм.

Энэ захад зарагдаж буй хүний эдэлж хэрэглэж байсан хуучин гутал хувцсаар гангарах гэж хэрэндээ л сонголт хийж, өмсч үзэж, тайлж яваа иргэдийн олонхи нь амьдралын боломж тааруу, цалингаас цалингийн хооронд хэдэн ам бүлээ тэжээх гэж зүдэрч яваа өрх толгойлсон эмэгтэйчүүд, бас тэгээд оюутнууд гэдгийг наймаачид хэлнэ лээ.

Тэгвэл манай мөнгөлөг, хөрөнгөлөг эрхмүүдэд бол 50 мянган төгрөг гэдэг таваг хоол ч авч хүрэхгүй мөнгө, цамцных нь тасарч унасан товчных нь үнэд ч хүрэхгүй үнэ биз ээ. Олигархиудын хувьд энэ мөнгө таваг зуушны л үнэ. Харин өрх толгойлсон эмэгтэйчүүд энэ мөнгөөр жилийн “гоёо”-гоо бэлтгэж байна.

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих