ТРАКТОРТАЙ БОЛОХ ГЭСЭН БИШ…

Намрын их ажил дундаа орчихоод байхад хадлан, тэжээлээ өдийд бэлтгэж явах учиртай малчид хотод “намаржиж” байна. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр урд хөршөөс оруулж ирэх 3000 трактораас худалдаж аваад, хадлангаа шуурхайлчихна гэсэн тэд трактор ч үгүй, мөнгө ч үгүй хоцрох дээрээ тулжээ. Мал идээгээ зарж, махаа тушааж, зарим нь банкнаас зээл аван байж урьдчилгаа 2.5 сая төгрөгөө тушаасан өчнөөн малчин гэрээ хэмээх алга дарам цаас барин яамныхаа хавиар эргэлдсээр сар гаруй болов. Энэ хооронд хамаг ажил нь хойшлогдсоор. Найр хавтгайрдаг намрын цагаар айраг, архиа тааваараа ууж яваад, хадлан тэжээлээ бэлтгэж амжилгүй өвөлтэй золгодог гэж малчдыг шүүмжилдэг. Гэхдээ ирэх өвөл хэрвээ зуд болбол малчдын өөрсдийнх нь хариуцлагагүйтэй холбоотой гэж зэмлэхэд хэцүү болох нь. ХХААХҮЯ-ныхан энэ жил малчид, тариаланчдад БНХАУ-аас оруулж ирсэн 8000 тракторыг хөнгөлөлттэй зээлээр олгохоор болсон.

Энэ ажил уг нь хөдөөгийнхөнд ихэд таалагдсан учраас хоцорчих вий гэхдээ яаран гэрээгээ хийгээд, мөнгөө банкинд тушаачихсан. Гэтэл аль дөрөв, тавдугаар сард урд хөршөөс тракторуудаа оруулж ирээд, намрын ажлаас нь өмнө тараах байсан ч Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн гэдэг шалтгаанаар хойшилсоор зургаадугаар сарын 8-нд эхнийхийгээ авчирсан. “Тракторуудыг ирэнг үүт нь орон нутаг руу нь мэдэгдээд өргөдөл өгсөн хүмүүстээ тараачихна” гээд байсан яамныхан энэ ажлыг хэлсэн шигээ зохион байгуулж чадсангүй.

Дээрх тракторуудыг тээвэрлэн авчирч, тэнд нь олгож буй “Эрин интернэйшнл” компанийн агуулахад уржигдар очлоо. Гэтэл гадаах хаалганаас эхлээд хашаан доторх зарын самбар дээрээ “20 морины хүчин чадалтай хадлангийн трактор энэ сарын 18 хүртэл хилээр орж ирэхгүй болсон тул трактор олгохгүй”, “Энэ сарын 25 хүртэл трактор олгох гэрээ хийхгүй болсныг мэдэгдье” гэсэн зарууд хаджээ. Сэлэнгэ, Дорнод, Увс, Ховд, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Төв аймаг гээд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн малчид үүнийг хараад, дэмий л бухимдаж байв. Сэлэнгийн зарим сумынхан энэ мэдээг дуулаад, нутаг буцсан гэнэ. Холын аймгуудаас ирсэн хүмүүс олон дахин замын зардал гаргаж байхаар хүлээхээс өөр аргагүй гэцгээж байв. Дорнод аймгийн Чойбалсан сумаас ирсэн өндөр настан М.Баваасан гуай “Би энд наймдугаар сарын 3-нд гэрээгээ авчирч өгсөн. Гэтэл орон нутгаасаа авсан дугаарыг маань энд өөрчлөөд 1352 болгочихсон. Тэгсэн хэрнээ өгсөн дугаараараа трактороо олгохгүй, урд, хойно нь ороод байгаа тул хоцорчих байх гээд өдөр бүр ирж байна. Газар мэдэхгүй болохоор заавал нэг хүн дагуулж явах болдог. Байгаа айлд маань ч хэцүү л байх шиг байна” хэмээв. “Хадуур ирээгүй байгаа тул тракторынхаа дан толгойг нь авах уу” гэдэг, тэгснээ “Арав арваараа багц болоод нэрээ өгвөл трактор олгоно” гэхчлэн хүмүүсийг чирэгдүүлж буйг тэд учирлав. Хэн нэг даргыг нь ирэхээр заавал уулзаж, хариу авч байж явна гэсэн зарим нь ачааны машины сүүдэрт хөзөр тоглож байлаа. Тэдний тооцоогоор 900 орчим трактор тараагдсан боловч мянга гарсан дугаартай хүн авчихсан байгаа нь “арын хаалга” орсон байх талтайг ч хэлсэн юм. Түүнчлэн урьдчилгаа төлбөр болох 2.5 сая төгрөгөө мах тушааж төлсөн хүмүүст дугаар харгалзахгүй “ногоон гэрлээр” трактор олгож буй гэдэг яриа ч байв. Энэ байдлаас залхсан зарим нь мөнгөө буцааж авахаар яаманд хандаад буй бөгөөд тэд хэзээ буцааж өгөх нь тодорхойгүй байгаа гэв. Аргаа барсан нэг хэсэг нь харин хадлангийн зориулалттай бус 25 морины хүчин чадалтай, газар тариалангийн трактор ч болов аваад буцахаар шийдсэн гэдгээ ч хэллээ.

Трактор олгох ажиллагаа яагаад саатаад буйг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дэд захирал Н.Ганчулуунаас тодруулахад “БНХАУ-аас трактор нийлүүлж буй компанийн зүгээс, мөн төмөр замын ачааллаас болоод орж ирэх хугацаа хойшилж байна. “Foton Lovol” компанийн хүчин чадлаас шалтгаалж, долоо хоногт хэдэн трактор орж ирэх тооцоог гаргаад, ирэх долоо хоногоос хуваарилалтыг төвөөс хийхээр шийдээд байгаа. Энэ хуваарь гарсны дараа тухайн дугаартай хүмүүст нь хэвлэл мэдээллээр дамжуулаад мэдэгдэхээр болсон. Тиймээс 1800-гаас хойш дугаартай хүмүүсээ нутаг руу нь буцахыг зөвлөж байна” гэлээ. Урд хөршөөс яг хэдэн трактор орж ирсэн, өдгөө хэдийг нь малчдад тараачихаад байгаагаа яамныхан мэдэхгүй байв. Одоо л энэ тоог нэгтгэж гаргахаар ажиллаж буйгаа тэрбээр хэлээд, багцаагаар 900 орчим хүн трактороо авсан гэдгийг дуулгалаа. Харин энэ талаар Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлстийнхнээс тодруулахад энэ оны нэгдүгээр сараас эхлээд долоодугаар сарын 30-ны байдлаар БНХАУ-аас хөдөө аж ахуйн зориулалтаар 1867 трактор орж ирсэн байх юм. Нийтдээ 6.7 сая ам.долларын өртөг бүхий дээрх тракторууд нь ганц “Foton Lovol International Heavy Industry” компанийнх бус, тус улсаас манайд тоног төхөөрөмж нийлүүлдэг бүх аж ахуйн нэгжийнх гэнэ. Тэгэхээр долоодугаар сарын 15-ны байдлаар 160 чингэлэгт тус бүрд нь 16 трактор орж ирж байгаа гэсэн яамныхны мэдээлэл зөрж таарах нь. Хэрэв тэгсэн бол одоо 2560 трактор ороод ирсэн байх ёстой шүү дээ.

ХХААХҮЯ-нд биднийг очиход тэнд мөн л баахан малчид цугласан байлаа. Гэхдээ тэд хэнд нь асуудлаа тавьж шийдүүлэхээ мэдэхгүй байгаагаа учирласан. Тэдэнд ямар нэг хариу өгөх учиртай тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга харин хөдөө явсан гээд өрөө нь цоожтой байв. Дээрх тракторуудыг нийлүүлэх тендерт ялсан “Foton Lovol International Heavy Industry” компанийн талаар болон бусад зүйлийг тодруулахаар түүнтэй хоёр өдөр хөөцөлдөөд миний бие ч уулзаж чадаагүй юм. Хөдөөгийнхнийг туйлдуулж буй энэ байдлын гол эзэн болох дээрх компанийн холбогдох хүмүүстэй уулзах гээд мөн л аргаа барав. Ингэхэд ХХААХҮЯ-ныхан ямар компанийг тендерт шалгаруулчихав аа. Тендерт оролцох компаниудыг БНХАУ-ын тал санал болгоод, сонгох эрхийг нь Монголын Засгийн газарт олгосон байна. Гэтэл бид Хятадаас 500 сая ам.долларын зээл авчихаад, чанартай эдэлгээтэйг нь, өөрсдөдөө хэрэгтэйг нь сонгоод авч чадахгүй бол тендер зарлаад яах юм бэ.

“Foton Lovol International Heavy Industry” хэмээх энэ компани тендерт ялчихаад ажлаа хугацаандаа хийж чадахгүй байгаа юм биш үү. Гэтэл одоо дахиад энэхүү 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх хоёр дахь шатны тендерт мөн л ялалт байгуулах нь бараг тодорхой болсон гэнэ. Өнгөрсөн зургаадугаар сард зарлагдсан дээрх тендерээр 125 морины хүчтэй 90, 165 морины хүчтэй 42 трактор болон 4.57 метрийн урттай комбайн гэхчлэн тоног төхөөрөмж нийлүүлэх юм байна. Энэ компани манай улсад 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний нэрлэдэг “пад пад” тракторыг ч оруулж ирж байсан аж.


Баримт сөхье Дээрх тендерийн заалтад тухайн тендерт оролцогч компани нь тоног төхөөрөмжөө өөрөө үйлдвэрлэгч байх ёстой гэсэн атал тус компани Хятадын жижиг үйлдвэрүүдээс тоног төхөөрөмжөө авч угсардаг юм байна. Гэтэл энэ нь өнөөх “пад пад” шиг таван жилийн эдэлгээ даахгүй салаад уначихвал хэн малчдын өрийг барагдуулах яах вэ. Тэгээд ч эхний ажлаа гүйцэтгэж чадаагүй аж ахуйн нэгжийг дараагийн удаад тендерт оролцуулахыг хориглодог биш бил үү. Тендерийн хамгийн гол үзүүлэлт нь үнийн дүн байдаг. Гэтэл хоёр дахь шатны тендерт оролцохдоо “Foton Lovol International Heavy Industry” компанийнхан 12 сая 69 мянган ам.долларын үнэ хэлсэн байхад түүний өрсөлдөгч нь 7.76 сая ам.долларын санал өгчээ. 4.3 сая ам.доллар гэдэг өнөөдөр Монголын 100 малчин өрхөд дахиад ийм хэмжээний трактор аваад өгчих зөрүү. Бид ийм мөнгийг салхинд хийсгэх хэмжээний баян улс биш шүү дээ. Түүний гол өрсөлдөгч YTO групп гэхэд л 13 мянган ажилтантай, хүчин чадлын хувьд ч огт өөр гэсэн. Тэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмаас эхлээд эрэг, боолтоо ч өөрсдөө үйлдвэрлэдэг байна.

Бас нэг анхаарал татсан зүйл нь хоёр дахь шатны тендерийг зарлахдаа нэг компанийн эрх ашигт нийцүүлэн тендерийн бичиг баримтаа боловсруулсан гэдгийг ч YTO группийнхэн хэллээ. Учир нь тендер зарлахдаа өгөгдлүүдийг нь 0.3-0.5 гэхчлэн дунджаар тооцдог байтал 165 морины хүчтэй трактор, 4.57 метрийн урттай комбайн оруулж ирнэ гээд цааш ч үгүй, нааш ч үгүй яг тулгасан нь ийн хардахад хүргэсэн гэнэ. Тендер нэрээр будлиан хутгаж байхын оронд ядаж хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө нийлүүлдэг компанийг олон болгож, сэлбэг хэрэгслийнх нь төвийг ч Монголдоо нээхгүй бол өнөөх мөнгө зарлагадаж авсан трактороо хэрхэн засах вэ. Хүсэн хүлээсэн эдээ аваад буцаж явсан Хэнтий тэргүүтэй аймгийн малчдын заримынх нь трактор замдаа эвдэрч доголдсоныг ч иргэд хэлсэн юм.

mongolnew.mn


URL:

Сэтгэгдэл бичих