Алдартнуудын богино настай гэрлэлтүүд

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан алдартнууд сүр дуулиантайгаар сүй тавьж, гэрлэх ёслолоо хийдэгч тэдний цөөхөн л аз жаргалтаа гэрлэлтээ удаан хадгалдаг билээ. Харин сүр дуулиантайгаар гэрлэсэн хэдий ч ямар нэгэн шалтгаанаар салах болсон алдартнууд олон байдаг. Тэдгээр алдартнуудын хамгийн богино настай гэрлэлтүүдийг сонирхуулбал:

Женнифер Лопез ба Крис Жүдд

Америкийн алдарт дуучин, бүжигчин Женнифер Лопез 2001 оны есдүгээр сард Калифорни мужид бүжиг дэглээч Крис Жүдтэй гэрлэсэн билээ. Женнифер Жүддтэй “Love Don’t Cost a Thing” дууныхаа клипний зураг авалтын үеэр анх учирсан байна. Гэвч хосууд гэрлэснээсээ хойш ердөө наймхан сарын дараа гэрлэлтээ цуцлуулжээ. Тэдний гэрлэлт хосуудын хоорондох ялгаатай байдлаас болж төгсгөл болсон байна.

Чад Майкл Мюррей ба София Буш

Цагтаа Холливуудын сайхан хосууд гэгдэж байсан Америкийн жүжигчин, загвар өмсөгч Чад Майкл Мюррей болон жүжигчин, найурулагч София Буш нар хоёр жилийн турш үерхсэний эцэст 2005 оны дөрөвдүгээр сард амьдралаа холбосон юм. Гэвч тэдний гэрлэлт үерхсэн хугацаанаасаа ч богинохон настай байжээ. Тэд тавхан сар хамт амьдраад гэрлэлтээ цуцлуулсан байна.

Памела Андерсон ба Кид Рок

Канадын телевиз, киноны жүжигчин, загвар өмсөгч, зохиолч Памела Андерсон удаан хугацаанд салж, нийлж байсан найз залуу дуучин Кид Роктой амвдралаа холбохоор шийдэн 2006 оны зургадугаар сард Сан-Тропезийн далайн эрэг дээр тансаг дарвуулт онгоцон дээр романтик хурим хийсэн билээ. Тэдний энэхүү хурмийн талаар бүх цаг үеийн хамгийн романтик хурим хэмээн шуугиж байсан ч тэд хоорондын эрс тэс байдлын улмаас намар нь арван нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэдний романтик гэрлэлт дөрөвхөн сар үргэлжилжээ.

Рене Зеллвегер ба Кенни Чесни

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Америкийн жүжигчин, продюссер Рене Зеллвегер 2005 оны нэгдүгээр сард болсон Өмнөд Азийн цунамид өртсөн улсад туслах “Итгэлийн тоглолт”-н дээр кантри дуучин Кенни Чеснитэй анх учирчээ. Үүнээс хойш хосууд үерхэх болж, дөрөвдүгээр сард нь тэдний хайрын романс олонд ил болсон юм. Харин үүнээс сарын дараа хосууд Виржин арлын далайн эрэг дээр нижгэр хурим хийсэн байна. Гэвч тэдний хайрын романс дөрвөн сар үргэлжилсний эцэст хосууд хоёр тийшээ болжээ.

Лиса Мари Пресли ба Николас Кэйж

Оскарын шагналт Америкийн жүжигчин Николас Кэйж 2002 онд рок-н-роллын хаан Элвис Преслигийн охин   Лиса Мари Преслитэй  Элвисийн нас барсны 25 жилийн дурсгалын өдрийн нууцлаг ёслолын ажиллагааны үеэр Хавайд хуримаа хийж, шуугиан тарьж байсан билээ. Харин гурван сарын дараа Николас Кэйж шүүхэд салах өргөдөлөө өгснөөр мөн л шуугиан дэгдээсэн юм. Харин Пресли өөрсдийнхөө харилцааны талаар мэдэгдэхдээ бидний харилцаа анхнаасаа л буруугаар эргэсэн гэж хэлж байжээ.

Ники Хилтон ба Тодд Мэйстер

Алдарт өв залгамжлагч Ники Хилтон өөрөөсөө хэдэн насаар ах бизнесмен Тодд Мэйстертэй  2004 оны наймдугаар сард Лас-Вегасын Хуримийн сүмд тансаг хурим хийсэн юм. Гэвч тэдний харилцаа гурван сарын дараа эцэслэж, хосууд шүүхээр гэрлэлтээ цуцлуулжээ. Харин Тодд өөрсдийнх нь  харилцаа төгсгөл болоход эхнэр Ники Хилтоны боловсролгүй байдал нөлөөлсөн гэж мэдэгджээ.


Ким Кардашян ба Крис Хамфрис

Ямарч эрийн харааг булаах сайхан бүсгүй телевизийн шоуны од, загвар өмсөгч Ким Кардашян NBA-н тоглогч Крис Хамфристай еөрдөө хоёр сар гарангийн хугацаанд буюу 72 хоног л гэр бүл байжээ. Ким Кардашян  Крист хайртай гэдгээ нотлохын тулд гэрлэсэн боловч түүнд энэхүү гэрлэлт нь тийм ч сайхан байгаагүй аж. Тэрбээр салсныхаа дараа анх удаа өгсөн ярилцлагандаа Крис Хамфрисаас  салах тухай шийдвэр гаргах  болсон нь түүний зөн совинтой нь холбоотой хэмээн тайлбарласан байна.


Эдди  Мёрфи ба Трэси Эдмонд

Америкийн элэглэлийн урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, зохиолч, дуучин, найруулагч, хөгжимчин Эдди  Мёрфи “Edmonds Entertainment Group Inc” болон  “COO of Our Stories Films” –н гүйцэтгэх захирал Трэси Эдмондтой жилийн турш үерхсэний дараа 2008 оны Шинэ жилийн өдөр Бора Бора арал дээр хуримласан билээ. Гэвч тэд ердөө хоёр долоо хоног хамтран амьдраад зүгээр л найзууд байхаар шийдэн салах өргөдөлөө өгсөн байна.

Бритни Спирс ба Жейсон Александер

Попын гүнж Бритни Спирс 22 настайдаа багын найз Америкийн дуучин, жүжигчин Жейсон Александертэй 2004 оны нэгдүгээр сард Лас-Вегасын сүмд жинсэн өмд бейсболын малгайтай хуримаа хийж байжээ. Гэвч багын найзууд гуравхан өдрийн дараа энэхүү гэрлэлтээ цуцлуулсан байна.

Б.Анхтуяа


URL:

Сэтгэгдэл бичих