В.Нямханд нь Д.Энхбатыг Францаас авчрах ажилд биечлэн оролцож байсан аж

Эх орноосоо урвалаа, гадны тусгай албаныханд улсын нууц задруулж мөнгө авлаа гэх хэрэг сүүлийн үед шил шилээ даран гарах болов. Хамгийн сүүлд гэхэд Монгол төрийн нүд чих болсон ТЕГ-ын тусгай ажилтнууд ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, олон нийт ч энэ мэдээллийг сонсоод ихэд сандарч, түгшсэн байдалтай байна. Яагаад гэвэл нэгэн үе Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар ажиллаж байсан дэд хурандаа В.Нямханд нь өдгөө Хятадын тусгай албанаас их хэмжээний мөнгө авсан, улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн Ганц худагт хоригдож байгаа юм.
В.Нямхандын гомдол
Дэд хурандаа В.Нямханд 20 гаруй жил тагнуулын байгууллагад үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Б.Хурцыг Тагнууллын байгууллагад ажиллаж байх үед Сөрөх тагнуулын албаны орлогч даргаар ажиллаж, Дамирангийн Энхбат агсаныг Францаас баривчилж ирэх ажилд гар бие оролцож байжээ. Тухайн үед эл ажиллагаанд  таван хүн оролцож байсан бөгөөд В.Нямхандаас бусад нь өдгөө бүгд өндөр алба хашиж зарим нь гадаадад томилогдсон гэнэ. Харин В.Нямханд л ганцаараа ажилгүй хоцорч, багагүй хугацаанд ажилгүй явсаны эцэст 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тагнуулын Ерөнхий газрын дарга  Р.Болдын шийдвэрээр Нийслэлийн тагнуулын газарт ажилд оржээ. Гэвч ажилд ороод удаагүй байхдаа тэрбээр зодооны хэргээр ажлаасаа халагдсан юм байна. Энэ хэргийг сөхвөл одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 оны долдугаар сард ТЕГ-ын ажилтан Ж хурандаа цол авч, энэ баяраа “Савана” рестронд хамт олонтойгоо тэмдэглэсэн аж. Гэвч архинд халамцсан эрчүүд маргалдаж, ТЕГ-ын ажилтан Н архины шилээр Ж-гийн толгой руу цохиж, хүнд гэмтээжээ. Уг нь энэ хэрэгт дэд хурандаа В.Нямханд ямар ч буруугүй, зодоон болоход салгах гэж оролдсон аж. Гэвч ТЕГ-ын даргын шийдвэр гарч, В.Нямханд ажлаасаа халагджээ. Харин дээрх  зодооныг өдөөж, хурандаа Ж-гийн толгойг хага цохисон Н удалгүй УИХ-ын тамгын газарт зөвлөхөөр ажилд орж, зодуулсан гэх Ж нь албан тушаал дэвшин гадаадад ажиллахаар болсон юм байна. Үүнээс гадна В.Нямхандтай хамт халагдсан УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын төрсөн дүү мөн л гадаадад ажиллахаар болжээ. В.Нямхандын тухайд өөрийгөө энэ хэрүүл маргаанд ямар ч буруугүй гэдгийг  нотлох гэж удаа дараа оролдсон ч түүнийг сонсох хүн олдсонгүй, ажлаас нь халжээ. Ийнхүү бүтэн хоёр жилийн турш ажилгүй явсан дэд хурандаа эцэст нь улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, мэргэжил нэгтнүүддээ баригдчихаад байгаа юм. Түүнийг үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсандаа бухимдаж байсан нөхөд нь одоо ч гэрчилж байгаа билээ.
В.Нямхандыг Хятадуудаас 100 мянган ам доллар авсан хэмээн сэжиглэж байна
Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Эх орноосоо урвах” гэсэн заалт бий. В.Нямхандыг яг энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгаж байцаалт авч байгаа юм. Гэмч тэрбээр “Би нууц мэдээлэл дамжуулаагүй, Хятадуудтай хамтарч бизнес хийх гэж байсан” хэмээн мэдүүлж байгаа аж.
ТЕГ-ын ажилчин албан хаагчдын дотоод дүрэм, журам тун ч чанга. Хэрвээ тухайн байгууллагын ажилтан ажлаасаа халагдсан, чөлөөлөгдсөн л бол гурван жил гадаад руу явах, мөн сэжиг бүхий хүмүүс, гадныхантай уулзах эрхгүй ажээ. Хэрэв дээрх нөхцөл байдал үүсвэл Аюулгүйн албанд илтгэх хуудас бичиж, заалшгүй зөвшөөрөл авч байх учиртай гэнэ. Харамсалтай нь, В.Нямханд ажлаасаа халагдснаасаа хойш ТЕГ-ынхантай ямар ч холбоо бариагүй байсан ба Монголд ажиллаж амьдардаг хятад иргэдтэй уулзах болжээ. Тэр ч бүү хэл багагүй хугацаанд ажил албагүй явсан дэд хурандаа гэнэтхэн л Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд шинээр баригдсан өндөр үнэтэй байр худалдан авч, үнэтэй машин хөлөглөх болсноор тагнуулын ажилчдын анхаарлыг татсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр ТЕГ-ын алба хаагчид В.Нямхандыг зургаан сарын турш тасралтгүй мөрдөн шалгасан ба энэ үеэр гадны тусгай албаныхантай уулзаж байсныг нь тогтоосон гэж ярьж байгаа юм. Түүнийг гадны тусгай албадаас 100 мянга орчим доллар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Ямартай ч В.Нямханд нь Тагнуулд ажиллаж байхдаа Монголд амьдарч байгаа хятад иргэдийг хариуцаж ажиллаж байсан бөгөөд байгууллагынхаа хяналтад байдаг өвөрлөгч иргэдийн нэр усыг ч сайн мэдэж байжээ. Тэгсэн атлаа Хятадын тусгай албатай нэр холбогдож, мөнгө төгрөг авсан нь олон хүний анхаарлыг татаж байна.
www.shudarga.mn


URL:

Tags:

Нэр: Mckinley Bizub Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.