Уучлаарай гэх үү, хохь нь гэх үү

Иргэний бүртгэл, архивын үйл ажиллагаа гэж иргэдийг бухимдуулж, цаг завыг нь үрэхээс хэтрэхгүй тийм нэг маагуу ажил байна аа. Тэнд ажиллагсдаас нь авахуулаад энд бүтэлтэй юм нэгээхэн ч үгүй. Хүний хөгжил сангийн мөнгөө авах, бас бус бичиг баримтын лавлагаа авах гэсэн хүмүүс энэ газрын хоёрдугаар байранд хөлс хүч, хамаг хараал ерөөлөө энд урсгаж байна.

Өнгөрөгч пүрэв гарагт УБЕГ-аас гэрлэсэн эсэх лавлагаа авахаар очлоо. Хамгийн түрүүнд лавлагаа авах дугаараа бичүүлэх болтол хаа байсан дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн дугаар өгдөг юм байна. Тухайн өдөртөө лавлагаа авах шаардлагатай байсан болохоор яалт ч үгүй танилын нүүр халуун гэгчээр танилынхаа танилаар дамжуулан ажлаа бүтээхээр боллоо. Тус газрын хоёрдугаар байранд 30-аад минут хэртэй хүлээх хооронд архивын лавлагааны ажилтнуудын хахир хатуу зан ааш, иргэдийн гуйсан учирласан хоёрын дундах хэрүүл ч юм шиг, хэлцэл ч юм шиг бужигнаанд хоёр чих дүнгэнэж, нүд харанхуйлаад удаан зогсох арга алга аа.

Нэгэн хижээл авгай 16 нас хүрсэн хүүхдийнхээ бичиг баримтыг хөөцөлдөж яваа бололтой. Нөгөөдүүл нь наад хүүхэд чинь Монгол Улсад бүртгэлгүй байна гэж хэлээд эмэгтэйг галзууруулах дөхөв. Яахаараа 15, 16 настай хүүхэд хаана ч бүртгэлгүй байдаг юм бэ. Иргэний үнэмлэхээ авчихсан, төрсний гэрчилгээ нь хүртэл байна гэж хэчнээн учирлаад ч эмэгтэйд лавлагааны ажилтан “Хэн мэддэг юм бэ. Та хүүхдээ мэдэхгүй бол таны хүүхдийг би яаж мэдэх юм бэ” хэмээн гал дээр тос нэмэх нь тэр. Тэнд буй хүмүүс бүгд сарын өмнөөс л лавлагаа авах дугаараа авчихаад товлосон өдрөө ирсэн аж.

Харин лавлагааны ажилтнууд тэр даруйд нь лавлагааг гаргаж өгөх бус архивын өрөөндөө ороод 10-20 минут болох нь хүмүүсийн уур ундууцлыг төрүүлээд байгаа бололтой. Арга ч үгүй биз ээ. Сарын өмнөөс юуны лавлагаа авах гэж байгаагаа бичүүлээд номер авчихаад ирж байхад урьдаас бэлдээд тавьчихсан байх ёстой баймаар. Гэтэл тиймгүй юм. Иргэдэд хориод цонхоор үйлчлэх ёстой ч тэр өдөр дөрөв тавхан хүн цонхны цаанаас иргэдтэй хашгичиж, загнаж, хөөж харилцах нь үнэхээр зэвүү дургүй хоёрыг маань зэрэг хүргэж орхилоо. Танилын маань танил ч наагуур цаагуур яваад намайг бараг мартсан бололтой. Яарч тэвдэж яваагаа дуудаж хэлтэл “Өө уучлаарай. Май, энэ таны лавлагаа” гэж дуртай дургүй цонхны цаанаас сарвайж байна.

Уг нь аль эрт авчихсан хэрнээ бариад л холхиод байсан байгаа юм. Энэ мэт УБЕГ-ынхны болхи, бүдүүлэг, хойрго ажилтнууд хэдий болтол иргэдийн уурыг барж, уушгийг нь сагсайлгах юм бол. Бид 30 сая малаа хэдхэн сарын дотор индексжүүлнэ. Түүн шиг амархан ажил байхгүй. Хулгайд алдана, шуурганд уруудуулна, идшинд явуулна. Хэний хэд хэчнээн мал хаагуур бэлчиж, хаана зарагдаж байгааг нь тоо толгой, зүс насаар нь ялгаад салгаад өгчихнө гэж яриад, энэ ч бараг ажил хэрэг болж байгаа бололтой юм билээ.

Гэтэл гурван сая хүрэхгүй хүн амынхаа архивын бичиг баримтыг цахимжуулчихаж дөнгөхгүй л байгаа биз дээ. Амбасын үеийн муутуу цаасан дэвтэр шиг юм гаргаж ирээд хуруугаа долоож долоож хуудсыг нь эргүүлсэн болоод зогсчихож байгаа манай бүртгэлийн ажилтнуудыг гадныхан харвал юу гэх бол оо. Муугаар бодоход энэ архив, тэр байр байшин нь шатвал юу болох вэ. Уучлаарай гэх үү, хохь нь гэх үү. Иргэдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд оруулж, ямар ч маапаангүйгээр болгоод хадгалчихаж болдоггүй л юм байх даа. Хэдэн өрөөгөөрөө хэсч оймс, трикохон үзэж, арилжаа наймаа хийсэн шигээ ажлынхаа цагийг бардаг энэ газрын хүүхнүүдийн хийх ажил нь багадаад байгаа юм шиг ээ.

Тэднийг бүгдийг нь дайчлаад аймаг сум, баг хороогоор нь хуваарилж өгөөд иргэдийнхээ мэдээллийг компьютерт оруулчихвал хэн хэндээ амар, бас ч орчин үетэй хөл нийлүүлсэн үйлчилгээ болох биш үү. Аа бас болохгүй юм байна. Манай бүртгэлийнхэн, тэр тусмаа хороо хорин, дүүргийн нийгмийн ажилтнууд чинь бүгдээрээ бичиг үсгийн чадвар муутай болохоор холион бантан хутгаж мэднэ. Шарав гэхийг Ширав, Цэцэгмаа гэхийг Цэцгмаа гэх зэргээр наад захын өргөн дэлгэр байдаг хүний нэрийн эгшиг, гийгүүлэгчийг нь хаяж гээж, бас заримыг нь илүүдүүлж биччихээд архивын лавлагаа авахуулах гэж цаг завыг нь барж байгаа юм чинь.

Нэг ам бүлийн дөрвөн хүн байлаа гэж бодъё. Дөрвүүлээ лавлагаа авах шаардлагатай байна гэж тооцъё. Тэр дөрвийг нэг явалтаар лавлаж болно оо доо. Тэгэхгүй шүү дээ. Эхлээд аавынх нь, дараа нь ээжийнх нь гэх мэтчилэнгээр дөрвөн хүнийхээ лавлагааг авахын тулд дөрвөн сарынх нь ажлыг алдуулж чадаж байгаа бүртгэлийнхэнд баяр хүргэх үү, яах уу.

Б.Анар

“Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.