Сэтгэлээр унаж уух дарга нарын тоо нэмэгдэх төлөвтэй

Олонхийн суудал авсан Ардчилсан нам Засгийн газар байгуулснаар томоохон халаа сэлгээ хийж эхлээд байна. Засгийн газрын яамдуудын тоог нэмж, оронд нь агентлагуудын тоог хасав. Засгийн газрын бүтэц 16 яам, 19 сайдтай болж, 43 агентлагийг 28 болгон 15-аар цөөрүүлэх шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Авто замын газар, Авто тээврийн газар, Биеийн тамир спортын газар, Удирдлагын академи, Эрчим хүчний газар, Ойн газар, Усны газар, Соёл урлагийн хороо, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Төмөр замын газар, Эрүүл мэндийн газар, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуй эрхлэх газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төр засгийн үйлчилгээний газар, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар гэсэн 15 агентлагийг татан буулгана. Өчигдөр уржигдраас дээрх агентлагуудын заримынх нь ширээ сандлыг нь зөөж, аж ахуйн шинжтэй ажлыг нь хийж эхэлжээ.

Шинээр байгуулагдаж буй Хүний хөгжил, хөдөлмөрийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам гээд шинэ нэртэй яамдуудад дээрх агентлагуудын ажилтнуудыг шингээчихнэ хэмээн Ерөнхий сайд тайлбарлаж байгаа. Тухайлбал Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд гэхэд Эрүүл мэндийн газрын ажилтнууд орох жишээтэй. Гэвч Эрүүл мэндийн газар нь 119 ажилтантай гэж байгаа. Тэр бүх хүнийг тус яам руу бүгдийг нь оруулчихна гэдэг юу бол. Эрүүл мэндийн газрын 119 ажилтан, бараг л яам байгуулах хэмжээний хүний нөөц гэсэн үг. Тэгэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд бүгдээрээ орох боломжгүй. Түүнчлэн Биеийн тамир спортын газар 77 ажилтантай бөгөөд тус газрын ажилтнууд бүгдээрээ Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд ажилд орохоос өөр чиг үүрэгтэй яам байхгүй. Тэгэхээр нийт 200 орчим ажилчныг нэг яам шингээж чадах уу. Агентлагуудын ажилчдыг яамд руу оруулах ажил сайн хийгдсэн ч тодорхой хэмжээгээр ажилгүй үлдэх хүний тоо гарах нь мэдээж.

Агентлагуудыг татан буулгах АН-аар толгойлуулсан Засгийн газрын дээрх шийдвэр ажилчдад нь гэхээсээ илүүтэй, газар, агентлагуудын дарга нарт хамгийн хүнд туссан мэдээ байна. Зарим агентлагын дарга нар татан буугдах мэдээ сонссоноо “тэмдэглэж”, 100 татацгааж байгаа сураг дуулдана. Халамцуухан дарга, ажилчдаараа түшүүлэн агентлагийнхаа хаалгаар орж ирж байгаа юм байх. Дөрвөн жил том газрыг толгойлсон дарга нар нус нулимсандаа холилдон байгаа сураг ч дуулдав. Улс төр хатуу тоглоом ажээ. Намгүй бол хүчгүй, ялагдвал бүр хэцүү гэдгийг агентлагуудыг татан буулгах энэ шийдвэр тэдэнд харууллаа. Тэдэнд одоо ажиллах газар олдохгүй л болов уу. Тэд бол МАН-ыг төр барих үед томилогдсон дарга нар. Том агентлагын дарга байсан эрхэм яамны хэлтэсийн дарга хийгээд явах уу. Бараг л үгүй, боломжгүй зүйл. Тэглээ ч тэдний зоргоор сөрөг хүчнийхээ хүнийг яамандаа ажилд авахгүй. Түүний оронд өөрийнхөө намын, чих зөөлөнтэй нэгнийг албан тушаалд томилсон дээр гэж бодно биз дээ. Тиймээс эрхэм дарга нар дараагийн УИХ-ын сонгууль, дөрвөн жилийн хугацааг хүлээхээс өөр аргагүй юм.

Ойроос 100 татах дарга нарын тоо нэмэгдэх ч сураг дуулдах болов. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг тавьж магадгүй байгаа ажээ. АН-ын зүгээс Монголбанкны ерөнхийлөгчийг унагах, сонирхол байгаа гэж мэдээлж байгаа юм. Харин түүний орны хүн ч яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Монголбанк нь УИХ-ын даргын шууд удирдлага дор ажилладаг ба удирдлагыг нь УИХ-ын дарга томилох эрхээр хангагддаг. Мөн МХЕГ-ыг ч татан буулгах мэдээлэл чих дэлсээд байна. Улс төрийн халаа, сэлгээ цааш үргэлжлэх нь.

Т.АМУР

Short URL: http://sharmedee.mn/?p=14237


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.