УБҮ дугаартай автомашинууд хязгаарлалтад орохгүй

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хурал нэг цаг завсарласны дараа, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай үргэлжлүүлэн хэлэлцлээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд

1. Төрийн албан хаагч нарыг ажилдаа ирэх, явахдаа нийтийн тээврийн хэрэгслээр явдаг болох

2. Төрийн байгууллага худалдааны төвлөрсөн төвийн гаднах авто зогсоолд тухайн байгууллагын ажилчдын автомашин зогсоохыг хязгаарлах ажлыг зохион байгуулах

3. Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж, зам талбайн ашиглалтыг сайжруулах

4. Гудамж замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах олон нийтийн байцаагч, туслах ажилчдыг явган хүний гарц, зорчих хэсгийн зарим гарцууд дээр ажиллуулах, энэ ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах

5. Зам хөндлөн гарч хичээлдээ явдаг сурагч нарт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор цацруулагчтай цүнхний ууттай болгож, зүүж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

6. Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл,  авто замын зорчих хэсгийн 1-р дүгээр эгнээнд зөвхөн нийтийн тээврийн  үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбусыг явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах

7. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зарим худалдааны төв зах болон зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах

8. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын гэрээний үүрэг, стандартын шаардлагыг бүрэн хангуулах, сахилга хариуцлага дээшлүүлэх, үйлчилгээний чанар соёлыг сайжруулахад чиглэгдсэн идэвхи санаачлагыг өрнүүлэх ажлыг зохион байгуулах

9. Тээврийн хэрэгслийг улсын дугаараар ангилан замын хөдөлгөөнд оролцуулах ажлыг зохион байгуулах

10. Хотын төвийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх болон тарах үеийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах   гэсэн үндсэн зохион байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байсан юм. Төлөөлөгчид энэ төсөлийн зүйл нэг бүр дээр зарчмын саналаа хэлсэн юм.

Ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хурлаар энэ асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээ дэмжигдлээ. Ингэснээр 8 дугаар сарын 25-наас эхлээд эдгээр зохион байгуулалт хийгдэж эхлэх бөгөөд эхний ээлжинд 2 сарын хугацаанд хэрэгжихээр болж байгаа юм.

Үүнээс гадна цагдаа, түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цэргийн үүргийн, дипломат олон улсын дугаартай болон засгийн газрын үйлчилгээний автомашинууд хязгаарлалтад орохгүй юм байна.

www.tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих