Бүртгүүлж чадаагүй хүүхдүүд хаачих вэ

Нийслэлийн цэцэрлэгүүдийн хүүхдийн бүртгэл өнөөдөр дуусч байна. Будаг нь ханхалсан цэцэрлэгүүдийн үүдэнд бяцхан үрсээ бүртгүүлэхээр ирсэн аав, ээж дэндүү олон. Алдрай бяцхан үрсээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд жилийн энэ л үед цэцэрлэгүүдийн үүдэнд уур бухимдалтай дугаарлан зогсдог дүр төрх арилаагүй байсаар л байна. Харин энэ бүхнийг арилгахын тулд Нийслэлийн боловсролын газар “Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийх тухай зөвлөмж” гаргаж, нийслэлийн бүх цэцэрлэгүүдийн удирдлагад хүргүүлсэн гэнэ. Энэ зөвлөмжид “Хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг жил бүрийн наймдугаар сарын IV долоо хоногийн сүүлийн гурван өдөрт хийнэ” гэж заасан байна. Энэхүү зөвлөмж гарснаар эцэг эхчүүдийн өмнө тулгардаг хэзээ ч бүртгэл нь эхэлсэн юм , хэзээ ч дуусах юм аль аль мэдэгддэггүй байсан асуудал цэгцэндээ орж нимгэрч байгаа юм. Өнгөрсөн жил 171 цэцэрлэгт 47646 хүүхэд хамрагдсанаас төрийн бус өмчийн 128 цэцэрлэгийн 8700 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн байна. Харин энэ хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгт нийт 2625 хүүхдийн суудал нэмэгдсэн ажээ. Тус зөвлөмжийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгүүд наймдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас 24-ний 17.00 цаг хүртэл бүртгэл явуулахаар болжээ. Ингээд нийт гурван хоног үргэлжлэх бүртгэлийг цэцэрлэг тус бүрийн бүртгэлийн комисс зохион байгуулж ажилласан. Тухайн цэцэрлэгт хүмүүжих хүүхдүүдийг бүртгэхдээ хуучин хүмүүжиж байсан болон шинээр бүртгүүлэх, хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг цэцэрлэг тус бүр бүртгэсэн аж. Бид Баянзүрх дүүргийн зарим цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа. Бидний очсон эхний цэцэрлэг 129-р цэцэрлэг байсан юм.

Тус цэцэрлэгийн хувьд 330 хүүхдийн багтаамжтай ч 600 хүүхэд хүмүүждэг байна. Энэ жил хуучин хүүхдүүдээ хангалттай бүртгэсэн мөн нэмэлтээр 60 хүүхэд авсан байна. Түүнчлэн засварын ажил 70 хувьтай явагдаж байна хэмээн тус цэцэрлэгийн арга зүйч бидэнд хэллээ. Эцэг эхчүүд оочер дараалал үүсгэлгүй харьцангуй тайван байдалтай бүртгүүлж байсан юм. Анги дүүргэлт хэтэрсэн байна даа гэхэд харин тиймээ барилга байгууламж барьж байхаар цэцэрлэг нэмээд барьчихгүй дээ хэмээж байлаа. Ингээд  хүчин чадал нь хэтэрсэн ч хүүхдүүд авж байгаа багш нарыг ямар буруутгалтай нь биш дээ. Нээрэн л цэцэрлэгийн тоог нэмээд өгвөл алдрай бяцхан үрс баярлах биз. Цаашлаад тус цэцэрлэгтэй хаяа дэрлэн орших 122-р цэцэрлэгээр орж бүртгэлийн ажилтай танилцлаа. Харин тус цэцэрлэгт очиход хуучин бүртгэлтэй байсан  хүүхдүүдээ бүртгүүлье гэсэн эцэг эхчүүд оочерлоогүй олон ирж байсан. Цэцэрлэгийн удирдлагын зүгээс бүртгэлийн ажил 11 цагт дууссан бүртгэхгүй хэмээн аяглаж байсан юм. Уг нь бүртгэлийн ажил нэг өдөр нэг цагт эхлэн, нэг өдрийн нэг цагт дуусах зөвлөмж гарсан байтлаа тус цэцэрлэг дураараа өөрсдөө бүртгэлийн хугацаагаа товлосон байсан юм. Тэдний хэлж байгаагаар энэ сарын-22, 23 нд хуучин хүүхдүүдээ бүртгэчихсэн өнөөдөр нэмэлтээр шинэ хүүхдүүдээ бүртгэсэн гэж байлаа. Бид хичнээн хүүхэд хүмүүжих бололцоотой болон шинээр хичнээн хүүхэд бүртгэсэн талаар тодруулах гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Энэ мэт бүртгэлээс гадуур өнжиж байгаа хичнээн хүүхэд байгаа бол тэдгээр хүүхдүүд хаана хүмүүжих вэ гэдэг нь өнөөдөр асуудал болоод байна.

Хандивын ангийн ханш нь хэд вэ

Өмнөх жилүүдэд цэцэрлэгүүдийн бүртгэлийн хугацаа өөр өөр байснаас болоод эцэг эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлж амжилгүй хоцрох тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жил харин энэ байдлыг цэгцлэн зөвлөмж гаргасан ч үр дүнгээ өгсөнгүй. Ингээд л нөгөө хандивын анги гэгч рүү л хүүхдээ шургуулах гэж эцэг эхчүүд дор бүрнээ л сэтгэцгээнэ.Үнэндээ бол хандивын анги гэж цэцэрлэгт тусгайлан анги байхгүй. Иргэд өөрсдөө мөнгө өгч нэг ёсондоо хахуульдаж оруулдаг анги юм. Энэ жилийн хувьд тус ангийн ханш нь 250 мянгаас эхлэн байршил, нэр хүндээсээ шалтгаалан өөр өөр ханштай байгаа гэнэ.

Ө.Заяа


URL: