Монголын төрийг худалдаж авах ханш тогтоожээ

Сайдыг урвуулах ханш хагас тэрбум ам.доллар-

Иргэн та улсынхаа төрийг хэдэн ам.долларын үнэтэй гэж боддог вэ. Бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд худалдагдсан төрийн тухай ярилаа. Гэтэл ямар үнэтэйг нь хэн ч дурьдсангүй. Ямар нэгэн зүйлд, тэр дундаа бараа бүтээгдэхүүнд үнэлгээ гэж байдаг. Үүнтэй адилтгаж үзвэл Монголын төрийн ханш сүүлийн жилүүдэд нэлээд өссөн бололтой. Үүнийг наад зах нь УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс (ХОМ) харж болно.

Гэхдээ энэ бол эрх мэдэлтнүүдийн өнгөц хөрөнгө. Өөрөөр хэлбэл, халаасан дахь мөнгө нь. Энэ олон гоёмсог барилгууд, гадуур хөлхөлдөх “Ланд”-уудаас төрийн ханш ямар үнэтэй болсныг харж болох аж. Түүнчлэн, манай уул уурхайд хөрөнгө оруулж байгаа гадныхны бэл бэнчингээс Монгол төрийн ханшийг тодорхойлох гэнэ.

Тавантолгойн ордын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад ямар их лобби явагдаж байгаа билээ. Тэгвэл Австралидаа гай тарьж, салбарынхаа сайдыг суудлаас нь хусуулж байсан түүхтэй “Пибоди энержи” компанийн захирал Грегори Бойз тэргүүтэй удирдлагууд саяхан манай улсад ирээд буцжээ. “Майнинг Репорт” сайтад бичсэнээр Монгол Улсын Засгийн газар тус компанийг Тавантолгойн ордын гүйцэтгэгч компаниар шалгарах хамгийн магадлалтай хэмээсэн байна.

Харин “Пибоди”-гийн захирал Грегори Бойз Монголд ирэхийнхээ өмнө компанийн хөрөнгө оруулагчдаа цуглуулж, 120 сая ам.доллар шаардлагатай байгаагаа уламжилжээ. Тэрбээр энэ мөнгийг Тавантолгойг өөрийн болгоход ашиглах ёстой гэж учирласан гэнэ. Иймээс дэлхийн хамгийн их нүүрсний нөөцтэй тус ордыг гартаа оруулахын тулд энэ хэмжээний мөнгө тус компанийн хөрөнгө оруулагчдад тийм ч их санагдсангүй бололтой.

Ямартай ч, Грегори Бойз Монголоос буцахдаа сэтгэл өөдрөг байсныг “Майнинг Репорт” сайтад бичжээ. Тэгэхээр Монголын төр “Айвенхоу майнз”-аас 100 сая ам.доллар зээлж авсан шиг “Пибоди энержи”-гээс “ногоон” салгасан болж таарав уу. Грегори Бойз сэтгэл өөдрөг байна гэдэг нэгийг бодуулахад хүргэж байна. Тус сайтад өгүүлснээр Монголын төрийг худалдаж авахын тулд хоёр тэрбум ам.доллартай байхад хангалттай. Энэ мөнгөний дөрөвний нэгийг Засгийн газарт нь зээл хэлбэрээр олгоно.

Харин тэрбум ам.доллараар нь тухайн улсад уурхай юм уу, ямар нэгэн үйлдвэр барина. Үлдсэн нь улстөрчдийг худалдаж авах мөнгө аж. Үүний сацуу Монгол Улсын Засгийн газар стратегийн ордоо ашиглуулахдаа гадаадын компаниудыг ихээр урьж байгаа нь дээрх ханшийг хөөрөгдөж байгаа нэг шалтгаан юм байна. Өөрөөр хэлбэл, манай эрх баригчдад нэлээд хэмжээний мөнгө амлахгүй л бол худалдаж авч чадахгүй гэсэн үг.

“Майнинг Репорт” сайт Монгол Улсын Засгийн газрын хамгийн үнэтэй сэнтийг дурьджээ. Энэ бол Ерөнхий сайдынх биш Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудал аж. Тус сайтад бичсэнээр Монголд энэ сэнтий хамгийн эрсдэлтэй бөгөөд ханш нь өндөр. Ойролцоогоор хагас тэрбум ам.доллар юм байна. Харин яагаад Ерөнхий сайдын суудал Эрдэс баялгийн тэргүүний сэнтийгээс дутуу байгааг гайхаад байх зүйлгүй. Учир нь хамгийн их мөнгө эргэлддэг салбарын тэргүүн нь эрх баригч намын хамгийн шилдэг улстөрч нь байдаг.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ард салбарын сайд байх жишээтэй. Гэтэл Тажикстаны уул уурхайн сайдын суудал 80 сая ам.доллар. Учир нь тус улсад байгалийн баялаг гээд байх юм үлдээгүй. Яахав, хэд хэдэн нүүрсний болон байгалийн хийн орд бий. 2004 онд тус улсад АНУ, Их Британи, Ирландын хамтарсан компани хөрөнгө оруулахын тулд салбарын сайдад нь 80 сая ам.доллар өгч байсан нь тогтоогдсон гэдэг. Үүнийг Тажистаны Уул уурхайн дэд сайдын туслахууд илчилж байжээ.

Ямартай ч Монголын төрийн ханш бусдаас өндөр юм байна. Манай руу гадныхан шуурах болж, энэ ч хэрээр улстөрчдийн халаас зузаарсаар байгаад бухимдахгүй байхын аргагүй. Тэднийг саарал байрнаас нь гаргаж, худаг дээр усны дараалалд зогсоож, малын захад гаргах юмсан.

Д.Түвшинтөр

“Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.