Ш.Сайхансамбуу: Ямар ч бизнес эрхлээгүй ч хөлгүй баяжсан хүн улс төрд олон байна

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим”-даа урилаа. - МАХН хэмээх улс төрийн хүчний үйл ажиллагааг юу гэж харж байна вэ. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

- МАХН нэрээ авах эсэх шүүхийн шийдвэр гараагүй байна. Ер нь манайд гуравдагч хүчний орон зай туйлаас их хэрэгтэй. Дэлхийн улс орны туршлагыг харахад хоёр нам ээлжилж төр барьдаг, эсвэл нэг нам ноёрхсон үгүй бол хүчтэй Ерөнхийлөгч засаглалд нь орчихсон ч юм уу ийм улс төрийн хэлбэр ажиглагддаг. Уг нь гуравдагч хүчин улс төрд орж ирвэл сайн хэрэг. Гэтэл амьдрал дээр сонгогчдын дийлэнх хэсэг нь Ардын нам, Ардчилсан нам гэсэн үзэл баримтлалд  хуваагдчихсан байгаа ийм үед гуравдагч хүчин тийм амар гарч ирж чадахгүй болов уу гэж харж байна.

- Н.Энхбаяр жирийн иргэнээс МАХН хэмээх улс төрийн намын дарга болчихлоо. Түүний энэ шийдэмгий хэрнээ сонирхолтой улс төрийн алхамд ямар дүгнэлт хийх вэ?

- Би Н.Энхбаяр даргыг боловсролтой, сайн улстөрч гэж боддог. Гэхдээ сонгуульд өрсөлдөж ялагдчихаад Ерөнхийлөгч болсон хүнийхээ байр суурин дээр УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэдэг буруу юм. Бүх зүйл ер нь үүнээс эхэлсэн шүү дээ. Н.Энхбаяр дарга өөрийнхөө сонгосон, боловсруулсан бүх хүнээ УИХ, Засгийн газар, намын байгууллагын албан тушаалд бүгдийг нь томилсон. Тэгээд тэр албан тушаалд томилсон хүмүүстэйгээ эргээд таарамж муутай болоод байгааг нь гайхаж л байна. Жишээ нь С.Баяр дарга байна. С.Баяр даргыг дуудаж авчраад Д.Сүхбаатарын одон өгөөд намын Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Харин нөхөн сонгууль дээр хоёр дарга үзэл бодол нийлээгүйгээс болж маргалдсан. Энэ маргаан явсаар байгаад нам хоёр хуваагдах хэмжээнд хүрээд байна. Би  дэлхийн улстөрчдийн намтрыг судалж, сонирхож, уншдаг. Гэтэл намын анхан шатнаас нь Ерөнхийлөгч хүртэл явчихаад нэг намаа хоёр болгоод улс төрийн орон зай бий болгохоор зүтгэж байгаа улстөрчийг одоогоор олж уншаагүй л байна. Харин манай практикт гараад ирчихлээ. Нөгөө талаар 90 жилийн өмнө улс төр хийсэн улстөрчдөө одоо шүүмжлээд хөшөөтэй нь ноцолдох цаг биш. Сандал, ширээ булаацалдаад дээгүүрээ үзээд л байхаас биш иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаар юу ч хийхгүй байна. Монголын ард түмэн сонгууль хэрхэн явдаг вэ, яаж саналаа өгдөг, хэн үнэн ярьдаг, хэн нь худал ярьдгийг ерөнхийдөө гадарладаг болчихсон шүү дээ.

- Саяхан долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой мэдэгдлийг тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр хийсэн нь олны анхаарлыг татсан. Н.Энхбаярыг гэрчээр татаж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын гишүүнээс байцаалт авахаар болсон?

- Энэ бол маш зөв. Учир нь Н.Энхбаяр тухайн үед Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан. Харин С.Баяр дарга Ерөнхий сайд, Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан. Эдгээр хүнээс байцаалт авах ёстой. Тухайн үед албан тушаал хашиж байсан хүмүүсээс шүүх, прокурор асуулга авалгүй яахав. Энэ яриа удааширч, хав дарагдчихаад байгаа болохоос биш хурдан шийдэх хэрэгтэй юм.

- Ингэхэд таны санаа­чилсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байнгын хорооны хурлын үеэр унасан. Харин уг хуулийн төслөөс болж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Нарангэрэл хуульч нарын хооронд үл ойлголцол үүсээд байгаа бололтой?

- Хууль санаачилсан гишүүд 2008 оны есдүгээр сараас эхлэн С.Нарангэрэл хуульчтай нийлээд Монгол Улсын Эрүүгийн төрөлжсөн хууль гэдгийг санаачилсан юм. Тэгээд 2002 оны Эрүүгийн хуульд 30-35 хувьд нь бага зэргийн засвар оруулаад 70 хувь нь хэвээрээ байгаа. Хуулийн ялын бодлого дээр нь ялгавартай хандах, ялангуяа шүүгч нарыг ажиллах боломжоор нь хангаж өгөх тал дээр нь илүү анхаарсан. Мөн хүүхэд, залуучууд ялихгүй зүйлээс болж шоронжоод байгааг болиулахыг зорьж, залуусыг нийгэм, хамт олон, эцэг эх дунд нь хүмүүжүүлье гэж бодсон юм. Бас олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ялд нь хөнгөлөлттэй хандах хэрэгтэй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол ач холбогдол нь хийсэн хэрэгт нь тохирсон ялыг оноодог, хүн болон нийгэмд учруулсан хохирлыг заавал төлүүлдэг болгоё гэсэн үзэл санаатай. Харин зарим гишүүн Эрүүгийн хуулийг үндсээр нь өөрчилж байна гэж буруугаар ойлгоод байгаа юм. Байнгын хорооны хурлын үеэр ирц бүрдээгүй, бас хууль санаачилсан хүмүүст нь зар хүргээгүй байсан. Уг хуулийн төсөл одоо УИХ-ын хаврын чуулганаар гишүүдээс санал авах хэмжээнд хүрчихсэн байна лээ. Би өөрөө Хууль зүй байнгын хорооны гишүүн биш учир тухайн үед надад байнгын хорооны хурлын зар ирээгүй. Байнгын хорооны хурал задгай болсонд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ хууль санаачилсан 13 гишүүн чуулган эхлэхээр хуулийн төслөө сөхөж тавина.

- Байнгын    хорооны   хурал­даанаар  Хууль зүй, дотоод хэр­гийн сайд Ц.Ням­дорж “Хэн дуртай нь Эрүүгийн хуулиар оролд­доггүй юм” хэмээн нэлээд хатуу үг унагаж байсан. Уг нь та хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж байгаа биш билүү?

- Байнгын хорооны хурлын протоколыг авч үзэхэд Ц.Нямдорж сайдаас өөр хүн үг хэлээгүй юм билээ. Ц.Нямдорж дарга л бүгдийг тайлбарласаар байгаад санал хураасан байсан. Хууль санаачилсан гишүүд дунд байнгын хорооны гишүүн С.Эрдэнэ бий. Гэтэл түүнд хурал болохгүй, хойшилчихлоо гэж хэлсэн байсан. Ер нь байнгын хороо, чуулганы хуралдаан задгай явдагт нэлээд шүүмжлэлтэй ханддаг.

- “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийхэд зөвлөх хөрөнгө оруулалтын банкаар шалгарсан банкууд дунд хэл ам дагуулдаг “Дойче банк”, “Голдман сакс” банк байгаа нь тохиромжгүй гэж шүүмжлэх хүмүүс бий. Харин таны хувьд манайхны сонголт зөв болов уу?

- Би 2008 оны намрын чуулган эхлэхэд манай улсад Хөгжлийн банк эсвэл Хөрөнгө оруулалтын банк зайлшгүй хэрэгтэй гэдэг саналыг тавьж байсан юм. Манайд ирсэн дэлхийн томоохон банкууд арилжааны банктай харилцдаггүй. То­моохон бүтээн байгуулалт хийе гээд эдгээр банкуудад төслөө танилцуулахаар танай Хөгжлийн банк эсвэл Хөрөнгө оруулалтын банк чинь байна уу гэдэг. Нэгэнт тийм банк байхгүй учир санаачилсан төсөл нурдгийг амьдрал дээр мэдэрсэн л дээ. Томоохон Хөрөнгө оруулалтын банкуудын төлөөлөл ирэхэд би уулзсан. Тэд танай Хөгжлийн банк чинь байгуулагдаагүй байна, дэд захирал, ТУЗ-ийн дарга нь хаана байна гэж хэлээд л буцсан. Мөн Хөгжлийн банкны тухай хэлэлцэх үед “Энэ банкийг хэзээ ч хувьчилж болохгүй” гэдэг санал хэлсэн. Гэтэл харамсалтай нь миний саналыг тоогоогүй. Дэлхийн том банкууд хэл аманд өртөөгүй, цэвэр, өө сэвгүй банк гэж байдаггүй. “Дойче банк”, “Голдман сакс” банк манайханд шүүмжлүүлээд байдаг ч банк биш л дээ. Би “Нарантуул” худалдааны төвийг Германы банкнаас дөрвөн сая ам.долларын зээл авч барьж байсан. Их найдвартай банкууд байдаг.  “Дойче банк”-ийг орж ирснийг зөв гэж бодож байгаа. Германчууд алдаатай зүйл хийдэг улс биш.

- Иргэн бүрт 550 ширхэг хувьцаа олгох нь маш зөв гэж зарим хүн хэлж байгаа хэдий ч худал амлалт хэмээн шүүмжлэх хүмүүс байна?

- Энэ бол С.Батболдын Засгийн газрын хийсэн маш том ажил шүү дээ. Хувьцааны үнэ өсвөл цаашдаа улам л нэмэгдэнэ. Иргэдэд олгох 10 хувь бол хангалттай тоо. Зарим хүн 20 хувь болгох тухай ярьж байгаа. Энэ бол буруу юм. Төрөөс мөнгө аваад л байвал ажил хийх хүн олдохгүй шүү дээ. Хамтарсан Засгийн газар иргэдэд амласан амлалтаа биелүүлэх гээд ажиллаж байгаагийн нэг хэлбэр юм. Мөн Оюутолгойгоос иргэн бүрт хувьцаа болгож тараах ёстой 10 хувь бий. Энэ талаар харин хэн, юу ч ярихгүй байна. Хаврын чуулган эхэлмэгц үүнийг Сангийн сайдаас тодруулж асууя гэж бодож байгаа. Тавантолгойн 10 хувь, Оюутолгойн 10 хувийг иргэддээ тараачихвал цаашид өөр зүйл амлаад ч хэрэггүй болно. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгээс Оюутолгойг роялтын татварт хамруулъя гэдэг санал гарсан. Хэрэв роялтын татварт хамрагдвал улсад 20 хувийн татвар төлнө. С.Баярцогт сайд Оюутолгойн гэрээг өөрчлөх, шинэчлэн найруулах, засвар оруулах талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр мэдээлэл хийсний дараа гэрээний ажилд орсон. Сангийн сайд байнгын хорооноос гарсан дөрвөн заалтыг хэрхэн биелүүлж байгааг байнгын хорооны хуралдаанд мэдээлэх ёстой. Үүнийг би шаардана.

- Ерөнхий сайд С.Батболдыг огцрох хэрэгтэй хэмээн шүүмжлэх хүмүүс олон байна. Наад зах нь гэхэд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон шаардах бичиг хүргүүлсэн. Таныхаар С.Батболд огцрох хэрэгтэй юү?

- Сүүлийн үед Ерөнхий сайдыг огцрох хэрэгтэй гэж ярих болж. Би С.Батболдыг ерөнхийд нь мэднэ. Х.Бат-тулга, С.Батболд, Г.Батхүү, Д.Ганхуяг бид чинь 1991 оноос хойш ганзагын наймаа хийж, бор зүрхээрээ явж байж улс төрд орсон хүмүүс. Янз бүрийн бизнес эрхлэхээр хууль, эдийн засаг, банк, хүний нөөц гээд дипломыг нь аваагүй болохоос биш олон мэргэжилтэй болдог юм байна. Хэл ам, дарамт, шахалт зэргийг туулдаг. Энэ бүхнийг биеэрээ туулж үзсэн болохоор дараагийн бизнес эрхлэх хүмүүсээ аль болох шулуун замаар явуулах, ард түмний амьдралд дарамт, шахалт үүсгэхгүй байх үүднээс улс төрд орсон. Түүнээс биш мундаг улстөрч болох гээд орж ирсэн юм биш. Улстөрчид дунд нэг ч бизнес эрхлээгүй мөртлөө хөлгүй баяжсан хүмүүс юу ч болоогүй юм шиг сууж л байна. Энэ хүмүүс олон жил парламентад суусан учир юуг, хаана нь, яаж багцалж барьж авах вэ гэдгээ дээд зэргээр мэддэг болчихсон байдаг. Шинэ хүмүүсээр цус сэлбэнэ гэхээр өөрсдөө тойргийн гадаа үлдэнэ гэдгээ ч мэддэг. Авлига авсан мөнгөө өөрсдөө хэрэглэж чадахгүй, ах дүү, хамаатан садныхаа нэрэн дээр байшин, барилга барьчихсан хүн парламентад байж л байна. Телевизээр ярихаараа ард түмэндээ хайртай болоод, өрөөндөө ороод нийлээд суухаараа ард түмэн ямар хамаатай юм гэж ярьж байгааг сонсч л байлаа. Ийм ялзарсан, доройтсон хүмүүсээс төрийг цэвэрлэнэ гэдэг хэцүү. Хэн ч Ерөнхий сайд байсан өөрийн бодлоороо л ажиллана. Гэтэл ажлаа хийж байгаа хүнийг ингээд шүүмжлээд байж болохгүй л гэж бодож байна. С.Батболдын оронд Х.Баттулгыг тавьчихвал бас баахан л шүүмжилнэ. Ажлаа хийж байгаа хүнийг эсрэг талаас нь яриад, шүүмжлээд байвал хэн ч л шүүмжлээд байна. Ямар нэг ажлыг хийнэ гэдэг одоо үнэхээр хэцүү болчихжээ. Би ч мөн ялгаагүй “Нарантуул” худалдааны төвөөс болж олон л шүүмжлүүлдэг. Гэтэл 10 мянга гаруй хүн энэ захад амьдралаа залгуулаад явж байна. Яаж ч шүүмжилсэн С.Батболд 2012 онд намаа удирдаад сонгуульд орно. Гагцхүү түүний ажилд иргэд, сонгогчид л дүнгээ тавих юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.