“Bank Of China”-г дахин шалгаруулалтаар сонгох магадлал өндөр байна

Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын аль хөрөнгийн биржид арилжаалах шийдвэрээс шалтгаалж хувьцааны борлуулалтад оролцох 1-2 банкийг одоо сонгочихсон байгаа дөрвөн банк дээр нэмж авах магадлалтайг ТӨХ-ноос мэдээлж байсан.
Харин сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г хийх гол зохион байгуулагчаар сонгосон хоёр банкны талаар таагүй мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”-н ажлын хэсгийнхэн дээрх хоёр банкинд эдгээр мэдээллийн талаарх тайлбар өгөх хүсэлт гаргасан аж. Тиймээс энэ долоо хоногт сөрөг мэдээллүүдийн талаарх албан ёсны тайлбарыг өгөхөөр ТӨХ зэхэж байгаа аж. Харин одоогоор ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-оос “Тив тивээс банкууд сонгосон шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дэлхий даяар үнэд хүргэж, арилжаалах гэсэн оролдлого.
Харин эдгээр банкны талаарх сөрөг мэдээллүүд нь өрсөлдөгч банкуудынх нь явуулж байгаа арга хэмжээ” гэсэн хариулт өгч байгаа юм. Үүнээс гадна дахин ямар банкийг нэмж сонгох бол гэдэг асуулт олны анхаарлын төвд байгаа. Уг нь зөвлөх банкуудыг шалгаруулах тендерт манай талаас Австралийн “Маквэари”, Японы “Номура”, Хятадын “Bank of China” гэсэн банкуудыг урьсан юм.
Энэхүү урилгыг Японы “Номура” банк хүлээж аваагүй бол Австрали, Хятад улсууд урилгыг хүлээж авч, шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтаар Австралийн “Маквэари” банк сонгогдож, Хятадын “Bank of China” банк хоосон хоцорсон. Хэрэв Японы “Номура” банк тендерт оролцсон бол шалгарах магадлал өндөр байсан аж. Хятадын “Bank of China” банк эхний удаагийн шалгаруулалтаар сонгогдоогүй ч банк нэмж шалгаруулах хоёр дахь шалгаруулалтаар сонгогдох магадлалтай банкуудын тоонд багтаж байгаа бололтой.
Мэдээж, шалгарсан банкууд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Лондоны хөрөнгийн бирж аль эсвэл Хонконгийн хөрөнгийн биржид борлуулбал аль нь илүү ашиг өгөх вэ гэдгийг судалж, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд зөвлөгөө өгөх юм. Харин тэдний хийсэн судалгаан дээр үндэслэн дээрх газрууд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах Хөрөнгийн биржээ сонгоно. Хэрэв Хонконгийн хөрөнгийн биржид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалахаар болбол “Bank of China”-г нэмэлт сонгон шалгаруулалтаар сонгох магадлал улам өндөр болохыг эх сурвалжууд өгүүлж байгаа юм.

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих