Ч.Дэлгэрцэцэгийн ээж шатан дээр сууж, тоглолтыг нь үзжээ

“Гайхмаараа” цомог гаргаж, тав дахь бие даасан тоглолтоо хийх үедээ хийлч Ч.Дэлгэрцэцэг ээждээ урилга өгөхөө мартсан хөгтэй явдал тохиолджээ. Бэлтгэл ажил, хөрөнгө санхүү, уран бүтээлчид гэсээр байгаад гэрийнхэндээ хүртэл урилга илгээхээ мартаж орхисон хэнэггүй охиноо ээж уучилсан гэдэг. Тэр ч бүү хэл, тоглолт эхэлсэн хойно “АСА” циркийн харанхуй танхимд орж ирээд суух сандал олоогүй ажээ.

Тиймээс хийлч бүсгүйн ээж “Миний муу охины тоглолтыг ийм их хүн үзэж байна шүү дээ” гэж баярласандаа болоод шатан дээр суучихсан аж. Хийлийн эгшиглэнт аялгуу бүртээ сонирхолтой сюрприз зэхсэн охиноо хараад бахархаж, догдолсон ээж нь нэг л мэдэхэд “Дээгий, миний охин. Чи шүү” гэж хашгиран гараа даллаад зогсч байж. Үүнийг харсан үзэгчид өөр хоорондоо шивнэлдэн “Хүүе, энэ чинь Дэлгэрцэцэгийн ээж байна шүү дээ” хэмээн гайхаад сэтгэл нь хөөрсөн түүнийг дэргэдээ татаж суулгасан юм байх. Энэ тухай дурсч, хөгжилдсөн ээж охин хоёрын паян үүгээр дуусахгүй гэх.

Хөгжмийн урлагт бүхнээ зориулсан танхил охиноо бага балчир байхад түүний ээж ядраахгүй гэсэндээ эгчид нь үүрүүлдэг байсан юм билээ. Ямартаа л, хийлч бүсгүйн эгч гэрийнхэнтэйгээ уулзах бүрт тоглоом хийж “Дээгийг үүрч явсаар байгаад би ийм намхан нуруутай болчихсон шүү” гэж цаашлуулдаг юм билээ.

Т. Тататунга
 undesten.mn

URL:

Сэтгэгдэл бичих