Ш. Сайхансамбуугийн хэлсэн үг хэнд зориулагдав

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өдөр тутмын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Бид өөрсдөө өгч байсан учраас мэдэлгүй яах вэ. Хэнд авлига өгч байснаа нэрлэ гэвэл нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхдүүдтэйгээ бид зэрэгцээд л сууж байна. Хүний мөс чанар юм даа. Тэр утгаараа хэл ам хийж будлиантуулаад яах ч юм билээ. Ерөөсөө боломжийн юмыг болохгүй гэсээр байгаад юм авдаг л байхгүй юу”хэмээжээ.

Ш.Сайхансамбуу гишүүн дээрх үгийг санаатай, санамсаргүй аль нь байсан ч авлига өгч байсан гэдгээ өөрийн биеэр мэдэгдсэнээс гадна холбогдох газруудад мэдүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байх юм.УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхтэй. Тийм ч учраас тэдний хэлсэн үг, яриа агаарт замхрах нь олонтаа. Ялангуяа УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Хэдийгээр УИХ-ын 76 халдашгүй эрх ямбатай хэдий ч Монгол Улсын хууль эрх тэгш үйлчлэх учиртай. Ямартай ч Ш.Сайхансамбуу гишүүн авлига өгч байсан нь үнэн, авч байсан нэг бус хүн нь одоо түүнтэй хамт УИХ-д байгаа нь үнэн байж таарлаа.

Хэрэг хуучирдаггүй гэдэг. УИХ-ын гишүүний хэлсэн үгийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар анхааралдаа авсан байх гэдэгт найдаж байна. Эрүүгийн хуулийн 269.1-д “Албан тушәалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

269.2-т “Энэ хэргийг давтан, эсвэл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд Монгол Улсын хууль үйлчлэхгүй зерөөд өнгөрнө гэж байхгүй болов уу.

Мөн тэрээр 1991 оноос бизнес эрхлэх болсон. Тэр үед бизнест төрийн албанаас олон хүн орж ирсэн. Тухайн үеийн бизнесменүүд янз бүрийн юм үзсэн. Анх ганзагын наймаанд явж, дараа нь машин зөөгөөд жаахан гайгүй болоод барилга байшин барьсаар 2000 онтой золгож хөл дээрээ тогтсон. 1995 онд гайгүй гэсэн бизнесменүүдийг их долоо гэж нэрлэж байсан. Их долоод С.Батболд, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Женко Х.Баттулга, “Буян” Б.Жаргалсайхан, ХЛТА-гийн Батболд, С.Болдхэт, Ш.Сайхансамбуу хүртэл ордог байсныг дурсан хүүрнэжээ.

Монголын баячуудыг тэргүүлэгчдийн нэг болох Ш.Сайхансамбуу гишүүн төрөөс төрсөн тэрбумтнуудад дургүй байдгаа уг ярилцлагад мөн илэрхийлжээ. Тэрээр “Бид нараас хахууль, хандив авсан намын нэр, ард түмний буянаар олон жил төрд суугаад хөлжчихсөн нөхдүүд байна. Мань мэттэй зэрэгцэж шинэ загварын тэрэг унадаг тансаг зэрэглэлийн хауст амьдардаг төрийн албан хаагчид бий.

Тэд чинь бизнесменүүдэд дургүй байдаг юм. Нэг ч удаа бизнес хийж үзээгүй, дандаа төрийн албаар явж яамны сайд үе улиран хийчэхээд юугаараа хаус, үнэтэй машин аваад байна вэ. Ганцхан гарын үсэг зураад хэдэн зуун саяар хахууль авдаг нь ч бий” гэжээ. Эндээс харахад тэрээр хэн ганцхан гарын үсэг зураад хэдэн зуун саяар хахууль авсныг гэрчлэх хүн гэдэг нь илэрхий байна. Энэ бүхэн нь авлигын том хэргийг илрүүлдэггүй, загас жараахайтай зууралдаж суудаг гэх зэргээр шүүмжлүүлдэг АТГ-ынханд “акул” барих дэгээг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу атгуулаад өгч байгаа хэрэг биш гэж үү.

Авлигачид илчлэгдвэл Эрүүгийн тухай хуулийн 268.1-д зааснаар “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

268.2-ын ЭнЭ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгтшийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүләг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар шийтгэх учиртай.

Уг нь авлигад оролцсон хүмүүс түүнийгээ нуухыг зорьдог ба энэ утгаараа авлига нь нууцлаг байдал, нуун дарагдуулах явдлыг хөхиүлэн дэмждэг гэдэг. Өмнө нь манайд УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлууд цөөнгүй сөхөгдөж байсан билээ. Тэднийг мөрдөн байцаах, шалгах гэхээр УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалтад дор орж дархлаа нь нэмэгдчихдэг. Энэ удаад Ш.Сайхансамбуу гишүүн авлига өгсөн, авсан гэснээ нуугаагүй ил тод ярьжээ. Гэсэн хэдий ч мөнгөөр бороо оруулж байснаасаа буцахгүй, тэр борооны дор зогссон хүмүүсийн талаар мэдээлэл өгч, эрэлхэг зан гаргах эсэх нь харин эргэлзээтэй.

Д. Маралгоо
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих