АРХИНД ЖИВСЭН МОНГОЛ буюу хөгжил буурай орны зовлон

Өнөөдөр дэлхий дахинд 2 тэрбум хүн архи, согтууруулах ундааг хэрэглэж байна. Архины үйлдвэр худалдаа эрхлэгчид засгийн газарт орлого оруулдаг хэдий ч хүний эрүүл мэндэд юугаар ч нөхөж баршгүй хохирол учруулсаар ирсэн. Энэ муу гайт архинаас нэг мөсөн болох юм. Бараг л 15 настай бацаанаас 80 настай буурал хүртэл өнөөдөр сархад зооглож байна. Энэ мэтчилэн архи уусан үедээ онц ноцтой олон гэмт хэрэг үйлдсэн, нөгөөтэйгүүр архинаас болж хэчнээн хүний ирээдүй хар дарсан зүүд шиг болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тоо баримтыг дурьдаад байвал барагдахгүй.

Манайд насанд хүрэгсэдийн 55.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурьджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдэээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна.

Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна. Дээр дурьдсан тоо баримтыг хараад манай улс архинд живээд буйг мэдэж болно. Өнөөдөр архины үйлдвэр манай улсад хамгийн их ашиг орлогтой үйлдвэрлэл болоод байна. Томоохон компаниуд зөвхөн баячуудад зориулан 300 ам.долларын үнэтэй архи үйлдвэрлэж байхад, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойргийн орчимд борчуудад зориулсан архийг урд хөршөөс авчирсан спиртээр найруулан 500 төгрөгөөр зарж байх жишээтэй.

Архины хортой хэрэглээ нь юуны түрүүнд хөгжил буурай улс орнуудын хамгийн тулгамдсан асуудал бөгөөд архинаас шалтгаалсан сэтгэцийн өвчнүүд, амиа егүүтгэх, хавдар, халдварт бус өвчнүүд, элэгний цирроз гэх мэт 60 гаруй төрлийн өвчин үүсдэг.

Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон  гэсэн статистик мэдээ байна.  Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг  байна.

Хүний элэг цагт 10 гр спиртийг задлах чадвартай. Архи 30 гр, пиво 285 мл, вино 120 мл, ликер 60 мл гэсэн стандарт хэмжээ байдаг. Энэ хэмжээгээр хэрэглэвэл зохистой хэрэглээ болж чадна. Харин долоо хоногт эрэгтэй хүн 210, эмэгтэй хүн 140 грамм хэмжээний спирт уувал архи хэтрүүлэн хэрэглэсэн, цаашилбал донтсон гэж үздэг байна. Өнөө үед хөгжиж буй орнуудын залуучуудын архи хэрэглэх хэрэглээ нь хөгжингүй орны залуучуудын нэгэн адил нэмэгдэж байна. ДЭМБ-ын тайлангаас үзэхэд зөвхөн Европын бүсийн хэмжээнд архины улмаас 15-29 насны 63.000 залуучууд нас барсан байна (2004 он).

Иргэншсэн нийгэмд хүмүүс алжаал тайлах хэлбэрээр архи, дарсыг маш зохистой хэмжээнд хэрэглэдэг. Эрүүл мэндийн хувьд архийг зохистой, стандарт хэмжээгээр хэрэглэдэг ахимаг насны хүмүүс судасны өвчний улмаас нас барах нь бага байдаг нотолгоо байна. Энэ нь архийг стандарт хэмжээнд хэрэглэх боломж байна гэдгийг харуулж байна. Иймд согтууруулах үйлчилгээтэй ундааг аль болох стандартын хэмжээнд ууж байхыг зөвлөе. Даанч манайхан архийг хар ус шиг гуд гуд залгилж уудаг нь харамсалтай. Үүнээс үүдээд автомашины осол, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн доройтол, боловсролын уналт, хүн амины хэрэг гэх мэт олон асуудалууд урган гарч ирдэг. Тиймээс 「бүх муу муухайн эхлэл бол архи」 гэдэг. Бид бүгдээрээ архины хор уршгийг мэддэг боловч, харамсалтай нь бүх нийгмээрээ автаад л, шингээд л байна.

Өнөөдрийг хүртэл зарим хүмүүс 「бага зэрэг архи эрүүл мэндэд тустай」 гэж үздэг байсан бол, энэ нь харин ч эсрэгээр ямар ч сайн нөлөөгүй болохыг тогтоожээ. Шинэ Зеландын Аукландын их сургуулийн судлаач Род Жексон, 「Өчүүхэн хэмжээний архи ч гэсэн маш муу нөлөөтэй」 гэж байна. Архийг хамгаалсан алдаа нь энэ бүх буруу ойлголтын эхлэл болжээ. Ямар ач тусгүй архины ашиг тусыг нь авах гэсээр бүх бие махбодь чинь тэр чигээрээ сүйрэлд орно гэсэн үг.

Архи зүрх судсанд сайн, бас нас уртасгадаг гэсэн буруу онолын эхлэл нь 1980-аад онд анх тавигджээ.  「Улаан дарс цус төлжүүлдэг, цагаан дарс зүрх судсанд сайн」 гэж мэргэжлийн зарим хүмүүс ч хэлдэг. Хэлж байгаа хүмүүс нь эрүүл мэндийн салбарын хүмүүс байдаг болохоор бид түүний үнэн худлыг нь нарийн сайн судалдаггүй.

Архийг амьдралын амин чухал хэрэглээ болгосон хүмүүс тэхүү хорт муу зуршлаасаа хагацах сэтгэлийн тэвчээр, хувь хүний итгэл зүтгэл чухал. Хорь, гучин жил архи уусан хүн одоо архийг бүрэн орхиж сайн сайхан амьдраад явж байгаа бодит жишээ байна. Гэтэл архинаас огт гарч чаддаггүй хүн ч бас байдаг. Зарим нь архинаас гарах гээд олон янзын эм, тариа, архи тамхинаас гаргадаг наалт, мөн бөө засал хийлгээд ч нэмэргүй гэж ярих нь бий. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрөө ухамсарлаад уухгүй гэвэл уг болно доо. Мөн тухайн хүний зан авир, сэтгэл зүйн чанар, орчинтойгоо зохицох байдал нөлөөлдөг. Тухайлбал, ганцаардмал, зожиг хүн бухимдлаа тайлах гэж архи уудэг гэх. Үүнд нийгмийн нөлөө бас байдаг. Ажилгүйдэл, санхүүгийн бэрхшээл, ядуурал, аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд архи уухад нөлөөлдөг.

Архи зүрх судасны өвчинд сайн гэсэн ойлголтыг дэмждэг судлаачид, Францчуудыг жишээ болгодог. Учир нь тэд өөх, тос, соус, ихтэй хоол хэрэглэдэг ч гэсэн зүрх судасны өвчинд бага нэрвэгддэг. Шалтгааныг нь судлаачид, улаан дарсан дахь антиоксидан бодис нь биед чөлөөт радикал бий болохоос сэргийлэн судасны хананы хатууралтыг удаашруулдаг гэж үзэж байна.

Мэргэжилтнүүд архийг хар тамхинд орохын өмнөх шат гэж үздэг. Жил ирэх тусам согтууруулах ундаа хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа нь ирээдүй хойчдоо санаа тавьдаг хэн бүхний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байна.

АРХИНЫ ХОРЫГ ЦЭВЭРЛЭХ ГЭСЭЭР ЭЛЭГ МААНЬ ХҮЧИН МӨХӨСДДӨГ

Элэг бол бидний бие организмын хамгийн гол цэвэрлэх “үйлдвэр” мөн. Элэг нь өдөрт 400 удаа цусыг дамжуулдаг. Ингэхдээ элгэнд орсон элдэв бохирдлыг шүүхийн зэрэгцээ хүнд шаардлагатай уураг болон бусад бодисыг нийлүүлдэг. Тэнцвэргүй зөв бус хооллолт ( хурц тос ихтэй, давсалж даршилсан гэх мэт) болон хатуу архи (алкогаль) энэ нь элэгний эд эсийг өөхлөг болгон хувиргадаг сөрөг хүчин зүйл мөн. Энэ нь шүүлтүүрт орох, ашигтай бодисыг нийлүүлэх чадвараа алдана гэсэн үг. Ялангуяа А,В болон С вирусын гепатитаас болгоомжлох нь зүй.

Архийг элэг задалдаг. Гэтэл элэгний цэвэрлэж чадах архины хэмжээ тодорхой байдаг. Энэ хэмжээ хэтэрвэл элэг тэр их архийг цэвэрлэхийн тулд хамаг хүчээ зарцуулдаг тул бусад үйл ажиллагаа нь зогсож хоол хүнсээр орж ирж байгаа эсвэл өөр замаар орж байгаа хорыг цэвэрлэхээ зогсоодог. Ингээд хөөрхий муу элэг архийг цэвэрлэх гэж ноцолдож байх хойгуур бусад хор биед чөлөөтэй нэвтэрнэ гэсэн үг. Тэгвэл хүн өдөр бүр бага бага хэмжээгээр архи хэрэглэдэг бол байдал тун хүндрэх бөгөөд элэгний эсүүд өвчилж эхэлдэг. Учир нь элэг нь зөвхөн архи цэвэрлэхийн тулд байнга ачаалалтай ажилладаг тул бие нь хороосоо хэзээ ч ангижирч чаддаггүй, байнгын хор шингээж байдаг.

Элэгний дөрөвний гурав (3/4) нь өвчилж муудахаас нааш элэгний өвчин зовиур огт мэдрэгддэггүй гэдэг. Ийм хэмжээнд өвчилж ажиллагаагүй болж эхлэхэд өөрт мэдрэгдэж эхэлдэг. Харамсалтай нь энэ үед аль хэдийн хожимдсон байдаг. Үүний улмаас манайханы ихэнх нь элэгээр амархан ертөнцийн бусыг үздэг. Иймд  эхнээсээ тодорхой хугацаанд эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэвэл эрт эмчлэх боломжтой. Архинаас болж амьдралаа болон алтан амиа алдсан гашуун туршлага олон байгаа. Иймээс: АРХИНААС АНГИД ТАМХИНААС ТАСАРХАЙ АМЬДАРЦГААЯ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих