Айдас, хүлээлт, горьдлого дүүрэн 10 дахь “Дисковер Монголиа”

Хэдийгээр 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ч сөрөг хүчнийхэн Засгийн эрх авсан сонгуулийн дараахан болж байгаа “Дисковер Монгол-2012” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад олон нийт анхаарлаа хандуулаад буй. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газар ямар бодлого, чиглэл баримтлах бодолтой байгааг, мөн цаашдаа Монголд хөрөнгө оруулалт хийх боломж байгаа эсэхээ тандаж энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон байж магад.  Учир нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг хийгээд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг олон нийт уул уурхайн салбарт төдийлөн таатай ханддаггүй хэмээн үнэлдэг учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа шинэ Засгийн газар ямархуу ааш араншинтай байхыг нэлээд сонирхож байсан. Зургадугаар сард болсон Монголын парламентын сонгуулийг гадаадын хэвлэлүүд “Монгол уул уурхайн сонгууль болж байна” хэмээн дүгнэн бичсэнийг ч манайхан дотроо цэгнэх ёстой байх.

Өмнө нь энэхүү чуулга уулзалтын гол сэдэв нь хөрөнгө оруулалт байсан бол энэ удаад эрчим хүчний салбарыг хэрхэн хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл болоод дэд бүтцийн салбар дахь асуудлуудаар голлон ярилцаж байна. Монгол хэдийгээр газрын хэвлий дороо байгалийн баялгийн асар их нөөцтэй ч түүнийгээ ашиглах дэд бүтэцгүйгээр хол явж чадахгүй нь тодорхой. Ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлоод байх нь Монголд өнөөхөндөө гэхээс цаашдаа огтхон ч ашигггүй.  Тэр тусмаа дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ уналттай байгаа тохиолдолд бидэнд боловсруулах үйлдвэр чухал байгааг чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан.

Ямар ч байсан Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү чуулга уулзалтад оролцож үг хэлсэн юм. Тэрбээр өмнө нь УИХ-аар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг санаачлан батлуулж, Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүй болсон хэмээн шүүмжилж байсан болохоор ч түүний юу хэлэх, юу ярих нь хөрөнгө оруулагчдад хамгийн их сонирхолтой байсан биз ээ. Харин Уул уурхайн сайд энэ удаад хөрөнгө оруулагчдын сэтгэлийг хөдөлгөсөн эсвэл, хөрөнгө оруулагчдын сэтгэлийг түгшээсэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, ерөнхий илтгэл тавьсан.

Харин “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон МакРей “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Засгийн газар 34 хувийг нь эзэмшиж буйг дурдаад  Засгийн газрын эзэмшлийн хувийг цаашид нэмэгдүүлнэ гэсэн Засгийн газрын мэдэгдэл ирээгүй байгааг дуулгасан. Оюутолгойн гэрээ Монгол Улсын талд маш ашигтай хийгдсэн. Гэрээний тогтвортой байдлын үр дүнд бид өнөөдрийн амжилтад хүрлээ. Төслийн эхний шатыг дуусгахад ойрхон байна” гэдгээ чуулга уулзалтын үеэр Монголын сэтгүүлчдэд дуулгасан.

Арван жилийн өмнө Монголд хөрөнгө оруулагчдыг татах гэж яаж үйл тамаа эдэлдэг байсныг, өдгөө хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурах болсныг Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа яриад, хөрөнгө оруулагчдын айдас бол Монголын хууль тогтоомж, төр болоод байгааг ч шүүмжлэнгүй өгүүлсэн. Монголчууд сав л хийвэл хууль дүрмэндээ өөрчлөлт оруулж, улс төрийн тоглолт хийдэг байдлаа зогсоохгүй бол нэг л өдөр хөрөнгө оруулагчид Монголоос үргэх вий дээ гэсэн болгоомжлол уул уурхайнханд байна лээ. Үнэндээ статистикийн мэдээнээс харахад Монгол Улсын нийт экспортын 92 хувийг ашигт малтмалын экспорт, тэр дундаа 82 хувийг нь зэс, нүүрс, төмөр гэсэн цөөхөн ашигт малтмал эзэлж буй гэсэн мэдээлэл бий.

Өнөөдрийн хувьд Монголын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй бөгөөд цаашдын хөгжлийг ч тус салбаргүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр анх зэс алтанд 68 хувийн татвар ногдуулах хуулийг санаачилсан хүн. Тэрхүү хууль нэг хэсэг багагүй шүүмжлэлд өртөж, түүнээс болоод Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ ч нэлээд буурсан байдаг. Харин өнгөрсөн 2010 оны нэгдүгээр сараас зэс алтанд ногдуулсан 68 хувийн татварыг хүчингүй болгосон билээ.

Энэхүү чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай Засгийн газар харилцан ашигтай, бодит ажил хэрэг болж чадах аливаа төрлийн бизнест таатай орчин бүрдүүлж гадны хөрөнгө оруулагчдад нээлттэй байх болно” гэсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг бага ч болов бүлээцүүлж чадсан байх. Өнөөдрийн “Засгийн газрын цаг”-аар хөрөнгө оруулагчид шинэ Засгийн газрын браимталж буй бодлого чиглэлийг нэлээд сонирхох болов уу.

Ж.ЭРХЭС


URL:

Сэтгэгдэл бичих