СЕХ зочид олонтой байна

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр зочид ихтэй байна. Тухайлбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр тус хорооны удирдлагуудтай уулзаж, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийн тангараг өргөх бололцоог олгох ёстой байна гэж хэлээд шаардлага хүргүүлэв. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид нь ялалт байгуулсан гэж санал хураалтын дүн гарсан ч архи тараасан зэрэг үндэслэлээр Ардчилсан намаас тус тойрогт нэр дэвшигч нь гомдол гаргаснаар эл хэрэг Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тус намаас нэр дэвшигчдийн талд шийдвэр гараад байсан. Харин МАН-аас нэр дэвшигчид нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар эл маргаан тэдний талд гарсан, тиймээс МАН-ынхан хоёр гишүүнийхээ УИХ-ын тангаргыг өргүүлэх шаардлага байна гэж үзэн, ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад хандаж буй аж. Шаардлага авсан СЕХ-ныхон “Эл асуудлыг хурлаараа нягтлан хэлэлцэнэ. УИХ-ын 76 гишүүний тангаргыг бүгдийг өргүүлэх талд ажиллах үүрэг бидэнд бий” гэсэн тайлбар хийсэн юм.

Харин дээрх үйл явдлын дараа Иргэний хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намуудын удирдлагууд Сонгуулийн ерөнхий хорооныхонтой мөн уулзаж, УИХ, НИТХ-ын сонгуулийн саналын дүнг нэгтгэсэн тайланг үзүүлэх ёстой хэмээж байв. Тойргуудад гарсан саналын хуудасны маргааныг нягтлахын тулд асуулт асуухаар тоймтой хариулт өгөхгүй байгаа шүү” гэж байв. Мөн тэд орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа бэлтгэлийг маш сайн хангахгүй бол будилаан гарах магадлалтай хэмээн анхаарууллаа.

Г.ДАРЬ


URL:

Сэтгэгдэл бичих