Германы бизнесменүүд Хятадаас хөнгөлөлт үзүүлэхийг хүсчээ

Асар хурдтай давхиж байсан Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, үйлдвэрлэлийн уналтад зарим улс орон эмзэглэж байгаа бол харин зарим нь тус улсын томоохон зах зээлд гарах боломж, бололцоог хайсаар  л байгаа бололтой. Учир нь Германы бизнесменүүд Хятадын зах зээлт гарахад хөнгөлөлт үзүүлэхийг уриалжээ. Өнгөрсөн онд 683,27 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн Хятад улсын гангийн үйлдвэрүүд өнөөдөр сул зогсч буй гэх мэдээлэл ч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байна. Хятадын эдийн засаг тааламжгүй байгаа энэ үеэр Герман үйлдвэрлэгчид болон Засгийн газар Хятадын эрх баригчидтай уулзаж, өөрсдийнхөө санал бодлыг солилцсон байна. Германы компаниудын удирдлага Тяньзин хотод Хятадын улс төрийн дээд удирдлагатай уулзахдаа БНХАУ-ын хууль, Хятадын компаниудтай өрсөлдөх тэгш бус эрх мөн түүнчлэн хүнд суртал зэрэгт нь эмзэглэж буйгаа хэлжээ.

Германы эдийн засгийн төлөөлөгчид Хятадын зах зээлд оролцох нөхцөлийг хялбаржуулж өгөхийг эрх баригчдаас нь хүссэн байна. Тэд зохих хүсэлтээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай өнгөрсөн баасан гаригт буюу Герман-Хятадын Засгийн газар хоорондын хоёр дахь зөвлөгөөний сүүлчийн өдөр Тяньзин хотод уулзахдаа тавьсан байна.

Тухайлбал, Германы бизнесийн төлөөлөгчид Хятад ба гадаад компаниудын хоорондох шударга бус өрсөлдөөнийг халж, тэгш эрхийг хангаж өгөх мөн БНХАУ-ын зах зээлд бараа нэвтрүүлэх журмыг олон улсын хэм хэмжээнд зохицуулах, патентын эрх болон түүний ил тод байдлыг хангах талаар Бээжинд уриалсан байна. Хятадын хүнд сурталтнуудын буруугаар гарч байгаа хүндрэлийн талаар тэд мөн шүүмжилсэн аж.

Германы BASF химийн концерны захиргааны орлогч Мартин Брудермюллер (Martin Brudermьller) Хятадад оюуны өмчийг хамгаалах салбарт “асар их” дэвшил гарсныг тэмдэглээд,гэхдээ сүүлийн үед хэрэгтэй, хэрэггүй асар олон тооны патент Хятадад бүртгэгдсэнийг дурдсан байна.

Бээжин шүүмжлэлийг хүлээн авчээ

Вэнь Зябао эдгээр салбарт асуудалтайг хүлээн зөвшөөрч тэднийг шийдэх талаар тодорхой арга хэмжээ авахаа амлажээ. “Бид олон дутагдлыг зассан. Хэрэв бид ямар нэгэн алдаа гаргавал та нар надад хандаж болно. Хятадын удирдлага тэрхүү алдаа дутагдал бүхнийг засч залруулна гэдгийг би та нарт амалж байна” гэсэн Хятадын Ерөнхий сайдын үгийг dpa агентлаг иш татжээ.

Үүнээс гадна Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд олон тооны өндөр технологийн бараа үйлд­вэрлэхэд аши­ладаг газрын ховор металлын салбарт Герман, Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгээ амласан байна. Тэрээр Германы төмөр замын Deutsche Bahn концерны тэргүүн Рюдигер Грубегийн (Rudiger Grube) алсын замын төмөр замын тээвэрлэлтэд шаардлагатай гэх албаны зөвшөөрлүүдийн тоог бууруулах саналыг дэмжиж буйгаа хэлэв.

Бизнесменүүд сэтгэл хангалуун үлдэв

Герман, Хятадын компаниудын тэргүүн нараас гадна уг уулзалтад канцлер Ангела Меркель (Angela Merkel), Германы Эдийн засгийн сайд Филипп Рёслер (Philipp Rцsler), Тээврийн сайд Петер Рамзауэр (Peter Ramsauer), мөн түүнчлэн Хятадын чухал яамдын удирдагчид оролцов. Германы топ-менежерүүд уулзалтын агуулга ба ярианы өрнөлтөд сэтгэл хангалуун үлдлээ. Вэнь Зябао хоёр орны худалдааны харилцаанд чухал түлхэц өглөө гэж Рюдигер Грубе хэлсэн байна. Харин Siemens компанийн тэргүүн Петер Лёшер (Peter Lцscher) улстөрчдөд бизнесийнхэн шууд асуудал тавих боломж гарч ирснийг найдлага өгч байна хэмээн нэрлэжээ.

Үүнээс нэг хоногийн өмнө Ангела Меркель ба Вэнь Зябао хоёр Герман, Хятадын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх талаар ярилцан тохиролцов. Тэр өдөр хэд хэдэн гэрээнд гарын үсгээ зурцгаасан байв. Тухайлбал, Airbus компани томоохон захиалга Хятадаас авчээ.


Airbus олон тэрбумын гэрээг Хятадтай байгууллаа

Европын нисэх онгоцны үйлдвэрлэгч Airbus концерн Хятадаас A320 гэх 50 агаарын хөлгийн захиалга авсан байна. Герман-Хятадын Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хамтын ажиллагааны 13 гэрээ байгуулагджээ.

Наймдугаар сарын 30-ны өдөр  Airbus ба Хятадын аж үйлдвэр, арилжааны  ICBC банкны удирдлагууд A320 гэх 50 онгоц нийлүүлэн угсрах 3,5 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ ёслолд ХБНГУ-ын канцлер Ангела Меркель (Angela Merkel) ба БНХАУ-ын Төрийн зөвлө­лийн ерөнхий сайд Вэнь Зябао нар оролцсон байна.

Гэрээний дагуу Тяньзин хот дахь Airbus концерны үйлдвэрт агаарын хөлгүүдийн төгсгөлийн угсралтыг хийх гэнэ. Энэхүү төслийн санхүүжилт нь 1,6 тэрбум ам.доллар болох ёстой. Наймдугаар сарын 31-нд Германы төлөөлөгчид энэ үйлдвэртэй танилцсан байна.

Нийт 13 гэрээнд гарын үсэг зурцгаав

Хоёр орны сайд нар Бээжин хотноо13 гэрээ ба эрчим хүч, анагаах, шинжлэх ухаан, экологийн салбарт хамтран ажиллах талын тунхагт гарын үсгээ зурцгаажээ. Тухайлбал, талууд цахилгаан автомашин үйлдвэрлэх мөн био хийн цахилгаан станц байгуулах  талаар идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

ХБНГУ-ын Эрүүл мэндийн яам Хятадын талтай сүйрлүүд ба онцгой тохилдлоос урьдчилан сэргийлэх, тэдний үр дагаварыг арилгах талаар хамтарч ажиллана. Германы Боловсрол, шинжлэх ухааны яам далай тэнгис болон туйлын судалгааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрөө тохиролцов.

Volkswagen Хятадад шинэ үйлдвэр барина

Авто машин үйлдвэрлэлийн Volkswagen концерн шинэ үйлдвэр барих гэрээ байгуулсан бөгөөд түүндээ 300 сая евроны хөрөнгө оруулалт хийх ажээ. Бас нэг өөр гэрээгээр Eurocopter нисдэг тэрэгний эцсийн угсралтыг хийх үйлдвэрийг Хятадад байгуулахаар болжээ.

Герман-Хятадын Засгийн газар хоорондын зөвлөлдөөн наймдугаар сарын 30-нд Бээжин хотноо эхлэн хоёр хоног үргэлжилжээ. Германы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  холбооны долоон яамны сайд нар тэдний тоонд Сангийн сайд Вольфганг Шойбле (Wolfgang Schдuble), Эдийн засгийн сайд Филипп Рёслер (Philipp Rцsler) ба Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) нар оржээ. Түүнээс гадна, Ангела Меркелийг Германы томоохон концерн болон дунд бизнесийн компаниудын  төлөөлөгчид дагалдсан байна.

Ш.МЯГМАР


URL:

Сэтгэгдэл бичих