Ч.НОРЖИНСҮРЭН: “Жигүүр гранд”-ынхан бидэнд халдсан тохиолдол ганц энэ биш

“Жигүүр гранд” группийн захирал Д.Баттөр наймдугаар сарын 24-нд хоёр хамгаалагчтайгаа нийлж, иргэн

Ж.Энхболдыг зодсон тухай мэдээлэл хэвлэлээр шуугиан тариад буй билээ. Тус группийнхэн хэвлэлийн хурал хийлгэж, “Иргэн Ж.Энхболд нь эзэмшиж буй объектуудынхаа ашиглалтын зардлыг төлөхгүйгээр өмчлөгч нарын хууль ёсны эрхийг зөрчиж, манай компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдлаа. Тэрбээр тус группийн ажилтнуудыг байнга хэл амаар доромжилж, элдвээр айлган сүрдүүлж, дарамтлан заналхийлдэг. Түүний бусармаг үйлдэл нь даамжирч 2012 оны наймдугаар сарын 24-нд тус компанийн байранд дайран орж, Ерөнхий захирал Д.Баттөрийг хэл амаар доромжлон, заналхийлсэн тул маргааныг таслан зогсоох үүднээс харуул хамгаалалтын ажилтнууд компанийн дотоод журмын дагуу шаардлага тавьж, иргэн Ж.Энхболдыг компанийн байрнаас гаргасан” гэсэн мэдэгдэл хэвлэлээр гаргаад байгаа.

Харин өнгөрсөн баасан гаригт Д.Баттөрд зодуулсан гэх Ж.Энхболдын эхнэр нь, өмгөөлөгч Н.Мандахын хамт хэвлэлийн хурал хийлгэсэн юм. Ж.Энхболдын эхнэр Ч.Норжинсүрэн “Жигүүр гранд”-ынхан бидний эсрэг хүч хэрэглэсэн тохиолдол нэг бус удаа гаргасан. Тухайлбал, Ж.Энхболдыг зодсон хэрэг асуудал болохоос өмнө энэ оны гуравдугаар сарын 15-нд бидний “Гранд плаза”-д эзэмшиж буй үйлчилгээний төвд ажилладаг хүмүүсийг цохиж, гэмтээж байсан. Бид тус компанийнхны нэр хүндэд огтхон ч халдаагүй. Наймдугаар сарын 24-нд нөхөр маань зодуулчихлаа гэж над руу ярингуут би тэдний оффис руу очсон. Гэтэл нөхөр маань цусаар бөөлжиж, нүүр нь хүн танихын аргагүй болсон, цустайгаа хутгалдчихсан байсан. Хоёр хамгаалагч нь “Томчуудын асуудал маньд хамаагүй” гээд инээлдээд сууж байсан.

Бид тус компанийнханд ямар ч өр төлбөр байхгүйг Баянгол дүүргийн шүүхийн долоодугаар сарын 24-ний 1356 дугаартай шийдвэрээс харж болно” гэлээ. Харин өмгөөлөгч Н.Мандах “Жигүүр гранд”- ынхан цагдаагийнханд камерийн бичлэгээ гаргаж өгөхгүй, зугтаад байгаа юм билээ. Гэхдээ цагдаагийн байгууллага түүнийг нь олоод авах байх гэж найдаж байна. Хохирогчийн хувьд толгойдоо гэмтэлтэй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэсэн. Магадгүй цаашлаад гадаадад эмчлүүлэх болох байх. Хохирогч тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, түүгээр ч зогсохгүй автомашинаа өөрөө бариад явж байсан” гэсэн юм.

Г.РАВЖАА

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих