Ц.Элбэгдоржийн “бөөрөнхий” яриаг хэн ч сонирхсонгүй

Монгол Улсын дөрөв дэх  Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)- ий өнгөрөгч сарын 26-31-нд болсон дээд хэмжээний уулзалтад ихээхэн ач холбогдол өгсөн нь түүний хувьд энэ уулзалт эхний бөгөөд эцсийнх нь томоохон олон улсын уулзалт байж мэдэхтэй холбоотой.
Учир нь, 1961 онд хуучин Югославын бүгд найрамдах улсын нийслэл Белградад (одоогийн Сербийн нийслэл) байгуулагдсан, 120 гишүүн, 17 ажиглагч оронтой энэ хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт гурван жилд нэг удаа болдог.

Хэрвээ ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ноён Ц.Элбэгдорж өрсөлдөөд ялагдвал 2015 онд Венесуэлд болох ЭҮНХ-ий 17 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт “будаа болно”. Энэ удаагийн уулзалтын үеэр Египет ЭҮНХ-ийг өнгөрөгч гурван жилд тэргүүлсэн даргалах эрхээ Иранд шилжүүлсэн. Тиймээс 16 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулагч Иран Улсад оролцогчид ихээхэн анхаарал хандуулсан.

Харин Ц.Элбэгдорж анхаарлаа хэт хандуулсан уу “VIP” болохоор тэмүүлсэн үү тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, дэд Ерөнхийлөгч Мохаммад-Реза Рахими, шашны дээд удирдагч Аяатолла Али Хаменеи, НҮБын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Хойд Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам зэрэг уулзалтын хамгийн нөлөөтэй эрхмүүдтэй уулзав.
Ёстой л нэг юм үзээгүй хүүхэд шиг аяглажээ. Харамсалтай нь, ганц олдох завшааныг бүрэн ашиглах гэсэн Ц.Элбэгдоржийг нөгөөдүүл нь тоосонгүй юу онцын зүйл ярьсангүй. Үүгээрээ тэд “Чи “VIP” болох болоогүй ээ дүү минь…” гэдгийг нь тодруулахаар зорьсон уу хэн мэдлээ.

Түүнчлэн Ц.Элбэгдорж Иран Улсыг ЭҮНХ-ий хамгийн нөлөөтэй гишүүдийн нэг гэж долигонов. Үүгээр зогсохгүй Иранаас эртний өшөөт Занжан мужийг хаад ноёдын минь өлгий Хархорин хоттой дур мэдэн ах дүү найрамдалт харилцаатай болгож “Сайн хүний нэрийг гурав худалдаж идэх”-ийн үлгэрийг үзүүлэв. Занжан мужийн Султаниа хотод манай Өлзийт хааны бунхан оршдог.
Эрхэм Ерөнхийлөгч эл бунхан болон Ираны үндэсний музейтэй танилцаж, хаад ноёд, бахархам түүхээрээ зөвхөн өөрийгөө дөвийлгөхийг хичээв. Болоогүй, ЭҮНХий дээд хэмжээний уулзалтын индрээс үг хэлсэн.

Үгэндээ XIII-XIV зууны үед бидний өвөг дээдэс эл нутагт Ил Хаант улс байгуулж байсан гэж эгээтэй л өөрөө тэр цагийн хаан байсан шинжтэй “томров”. Хэний ч мэдэх улиг болсон агуулгатай, хүчгүй урт үг, өгүүлбэр олныг залхаасан Ц.Элбэгдорж юм л болбол “Ноён Дарга аа” гэдэг үгийг ярианыхаа дунд хавчуулаад байсныг сонссон заримынх нь инээд хүрсэн янзтай сууж байсныг нуух юун. Уг нь хурдан дуусгаасай гэж боддог нуршуу ярианыхаа өмнө, цаашлах тусам ам нь халж, шүлсээ үсчүүлдэг Ц.Элбэгдорж “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, ноёд хатагтай нараа” гэж хэлчихсэн юмсан.

Хэнийгээ дарга болгоод 4-5 удаа “Ноён Дарга аа” гээд өөрийгөө “цэрэг” болгоод байгаа юм бол? Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорьж цагдаж буйгаараа өөрийнхөө хэн болохыг тодорхойлж, магадгүй өнөөдөр ч сонгуулийн дүнг таамаглан харвал Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хэдийнэ ялагдчихаад байгаа Ц.Элбэгдорж өөрийгөө “Хамгийн ардчилсан удирдагч…” болгохоор зорьсон реклам нь ч амжилтгүй болов.

Тэрбээр, Чингис хааны отгон хөвүүн Тулуйн хүү Хүлэгийн байгуулсан Ил хаант улсын түүхийг сонирхохоор Занжан мужид ирээд “Сэтгэл маш сайхан байна” гэж түүхээ мэдэхгүйгээ илчлэв. Уг нь эл газарт Хүлэгийн дараа Абага, Төгөлдөр, Рагуун, Гайхалт, Байду, Газан, Өлзийт, Абусайд гээд үе залгамжилсан Монгол хаад 1256- 1344 он хүртэл ердөө зуу хүрэхгүй жилд амь үрэгдсэн хар мөртэй газар нутаг.

Мөн ойд төрсөн сармагчин лугаа Султаниа хот дахь Өлзийт хааны бунхныг “Ойрхи Дорнодод байдаг хамгийн том бунхан. Монголчууд үүнийг өөрсдөө бариулсан юм” гэв. Уг нь Ойрхи Дорнодын Египет улсад үүнээс хэдэн арав дахин том Пирамид хэмээх бунхан байдаг санагдах юм. Ямартай ч, өөрийгөө дөвийлгөж, үнэлүүлэх амжилтгүй оролдлого хийгээд буцсан Ц.Элбэгдорж энэ сарын 5-6-нд Белградад болох эл хөдөлгөөний 51 жилийн ойд оролцох эсэхийг харах л үлдлээ.

Э.ТӨГС

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих