”Баян” Базараа луу унжив

“Алтайн хүдэр” хэмээх баян компани гэнэт л тодрон гарч ирж төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлон, их бүтээн байгуулалт өрнүүлэв гэсэн мэдээлэл хэдэн жилийн өмнөөс тархаж, захирал Базарааг нь Монголын толгой баячуудын нэгнээр нэрлэх болсон. Базараа хэмээх залуухан захирлыг урьд нь дуучин Оюунтүлхүүртэй дэр нэгтгэж, дэлхийд зартай “Макдональдс”-ийг дууриалган “Мондональдс” түргэн хоолны сүлжээ нээх гэж байсан зэргээр хэвлэлийн баатар болж байсан эр. Басхүү “Алтайн хүдэр” хэмээх компани нь төмрийн хүдрийн баялаг орд эзэмших болсноор танил найз нөхдийнхөө тав, арван сая төгрөгний өрийг цайруулж, бийлэгжүү загнаж, найзын зангараг харуулж байна гэсэн мэдээлэл ч гарч байсан.

Ямартаа ч Говь-Алтай аймгийн Цээл суманд олборлолт явуулж буй “Таян нуур” уурхайнх нь талаар байгаль экологийг сүйрүүлж байгаа, ажилчиддаа хангалттай цалин өгдөггүй гэсэн шүүмжлэл дэгдэх бүрийд уул уурхайн салбарт дөнгөж хөл гишгиж байгаа үндэсний компанийг өөчлөн гоочлов хэмээн өмөөрөгсөд ч байсан. Тэгвэл Монголын тэргүүн баячуудын эгнээд дуурсч байгаа Базараа захирал орон нутагт төлөх ёстой гурван сая төгрөгөө төлөхгүй луу унжиж байна гэж сумынх нь Засаг даргын тамгын газрын дарга гомдолложээ. Найз нөхдөдөө хэдэн саяар нь цацаж байгаа захирал, уул уурхайд хүч түрэн гарч ирж байгаа компани орон нутагтаа төлөх ёстой газрын төлбөрийг өгөхгүй луу унжиж байна гэхээр үнэхээр гайхширмаар. Тэр тусмаа гуравхан сая төгрөг шүү. Гэтэл Монголын төмрийн хүдрийг тонн тонноор нь зөөвөрлөж байгаа гэх энэ компани ус баялаг ашигласан, агаарлын бохирдлын гээд нийт 15 сая төгрөгийн татвараа одоо хүртэл төлөөгүй газар нутгийнх нь эзэд болсон нутгийн удирдлагынхнаас нүүр буруулж байгаа. Сумын удирдлагын зүгээс үйл ажиллагаагаа зогсоох мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна.

Тэр ч бүү хэл анх уурхай нээхдээ хатуу хучилттай зам тавьж, сумын иргэдэд гахай, тахианы аж ахуйн нэгж байгуулж, газар тариалангийн ажил эхлүүлж, цэвэр усны үйлдвэр байгуулж, хоршоодод тээврийн машин хандивлана гэж сайхан амлаж байснаа ч умартах болсон гэнэ. За энэ ч яахав, олборлолт нь өргөжихийн хэрээр цаашид хийхээр сайхан сэтгэл өвөрлөсөн байж болох. Гэтэл харин өнөөдөр “Алтай хүдэр”-ийн тээврийн машинууд тоос босгон манаргаж, бэлчээрийн газрын талхлан сүйдэлснээс малчид төрөлх орон нутгаасаа дайжин дэрвэж, иргэд нь тоосноос үүдэлтэй харшил, эмгэгт нэрвэгдэх болсон байна.

Яндаж болшгүй их баялгийнхаа шимийг хүртэнэ гэсэн монголчуудын хувьд баялаг нь хараал болж, улаан тоос босгосон том оврын машинуудад хөрс шороо нь онгилогдож, хүн байтугай амьтан амьдрах аргагүй болох эмгэнэл нүүрлээд байгаа. Тэр жишгээр Цээл сумынхан өдгөө төмрийн хүдрийн баялаг хүртэх гэсэн ганц компанийн балгаар малаа бэлчээх газар үгүй болж, хүн ард нь тоосонцрын өвчинд нэрвэгдэж, Хонгорын хордлоготой ч зүйрлэм нөхцөл байдал үүсэхээр болоод байна.

Ингэхэд бид гадаадын хөрөнгө оруулагчдыг баялгийг нь шавхаж, эх орныг минь сүйрүүлэв хэмээн үзэн ядаж, өшин хорсдог. Гэтэл үндэсний компанийнхан ингэж орон нутгийнх нь баялгийг хүртэж байгаа мөртлөө байгаль орчныг нь сүйтгэж, орон нутгийнхныг нь хорлож болно гэж үү. Үнэхээр л Монгол хүн мөн юм бол хэвлий дэх баялгийг нь ухаж төнхөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлээр байгаль экологийг нь сүйтгэлгүй, наад зах нь л хатуу хучилттай зам тавьж, экологийн нөхөн сэргээлтийг нь хийх ёстой бус уу. Үгүй дээ л гэхэд нэгэнт л олборлолт хийж байгаа юм чинь газар, ус ашигласны татвараа орон нутагтаа төлж болдоггүй юм байх даа. Хэвлэлд бичсэнээр аатай баян болоод байгаа Базараа захирал гурван сая төгрөгийн татвараас зугатах нь бүү хэл, нутаг усандааа эзний ёсоор сэтгэл гаргаж, ядахдаа орон нутгийнханд амласнаа биелүүлэх сэтгэл, боломж баймаар сан даа.

А.ШАРХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих