Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарыг допинг хэрэглэсэн гэжээ

Өнөө жилийн наадамд шөвгөрсөн 16 бөхөөс хоёр нь допинг хэрэглэсэн нь БНСУ-аас ирүүлсэн шинжилгээний хариунаас тогтоогдсон. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг эхний шинжилгээний хариуны дараа нийтэд зарлах боломжгүй байдаг. Харин “Б” сорьцоо шинжлүүлсний дараа юм уу, эсвэл “А” сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нийтэд нэрийг нь зарладаг дүрэмтэй. Одоогоор сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн холбоо шинжилгээний хариуг албан ёсоор танилцуулж, өнөөдүүл нь “Б” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан эсэх талаар мэдээлэл алга.

Өмнөх жилүүдэд наадмын барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгзэ авдаг ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг төвийнхөн хариуцан хийдэг байсан. Гэтэл өнөө жил чухам ямар газар хариуцаад буй нь тодорхой бус. Бие бие рүүгээ түлхэж, хэвлэл мэдээллийнхнийг төөрөгдүүлэх гэсэн өнгө аястай байна.

Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны дарга саяхан Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор шагнагдсан Ч.Насанбатаас сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд шинжилгээний хариуг танилцуулсан эсэх, Үндэсний допингийн эсрэг төв одоо үйл ажиллагаа явуулж байгаа юу гэсэн асуултуудад хариулт авах гэтэл “Энэ талаар юу ч ярихгүй. Ярилцлага өгөхгүй” хэмээгээд утсаа салгасан юм.

Олон улсын жишигт бол сэргээшийн шинжилгээний хариутай холбоотой процессыг зөв боловсноор нийтэд мэдэгддэг. Ингэхдээ дүрмийн дагуу тухайн тамирчны нэрийг хэлдэггүй.

Гэтэл манайд бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан гэх спортын мэргэжилтнүүд процессыг нь танилцуулах байтугай, тодруулга өгөхгүй гээд зугтаж байна.

Хэдий холбогдох хүмүүс нь ийм байдал гаргадаг ч бөх сонирхогч бөхчүүд, спортын сэтгүүлчдийн дунд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг таамагласан яриа их гардаг.

Зарим сайт дээр өнөө жилийн наадмаар улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарыг допинг хэрэглэсэн хэмээн биччихэж. Энэ нь албан ёсны эх сурвалжаас авсан мэдээлэл гэнэ.

Дээрх хоёр бөхөөс гадна улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Санчир, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг допинг хэрэглэсэн гэсэн мэдээлэл бас явж байна. Допингийн асуудлыг шийдэхгүй сунжруулах тусам допинг хэрэглэсэн байж магадгүй гэх бөхчүүдийн жагсаалт ийн нэмэгдсээр байдаг. Бөхчүүд наадмаар өөрийг нь давсан бөхчүүдийнхээ нэрийг сэвтээх гэж иймэрхүү мэдээлэл цацдаг тохиолдол ч бий. Иймээс холбогдох газар, байгууллагууд нь энэ асуудлыг дэвэргэхгүй, цаг тухайд нь түргэн шийдэхгүй бол допинг хэрэглэсэн гэх бөхийн тоо хоёроор тогтохгүй нь байна шүү.

Ц.ГАНСАРУУЛ

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60670


URL:

Сэтгэгдэл бичих