“Татаасны улс төр”-өө гэж…

Тат, татах, танил тал татах, татаас гэдэг монгол үг тун хүчтэй гарч ирсэн нь Монголын улс төрийн нөлөөлөлтэй гэх. Юу үнэн тэр л үнэн буй за. Татна гэдэг нь ямар нэг хүчгүй юмыг гаргаж ирэх гэсэн санаа юм. Тэр хүчгүй юм нь хэн ч, юу ч байж мэдэх. Танил тал татах ч монголчуудад аль хэдийнэ танил болсон үг л дээ. Социализмын үеэс эхтэй гэх. Танилууд бие биенээ харж үзэхийг хэлээд байгаа хэрэг. Тэр нь яван явсаар “Танилын нүүр халуун” болтлоо өргөжжээ. Танд ямар нэг юм хэрэг боллоо гэхэд түүнийг мэддэг нэг нөхөр байна гэе. Танихгүй л бол тэр танд өгөхгүй. Ингээд та түүнийг таньдаг хүний эрэлд гарна. Түмэн олон дотор түүнийг таньдаг нэг нөхөр байж л таарна. Түүнийг оруулчихад л болох нь тэр дээ. Бүдүүвчилбэл ийм л юм. Тэгэн тэгсээр тэр нь “Танилтай бол талын чинээн” болж хөгжсөн ч байж болох л доо. Та бүр тал мэт уудам нөлөөтэй, хүчтэй болж байна гэсэн үг. Танилын тоо нэмэгдэхийн хэрээр таны ахин дэвших боломж нэмэгдэнэ. Манай улс төрийн намууд гишүүнчлэлийн хойноос үхэн хатан хөөцөлддөг нь ч ийм учиртай. Танил тал татах нь нэг хэсэг монгол үндэсний бөхөд маш хүчтэй байсан юм. Алдартнуудтай ойр, тэднийг таньдаг л бол Улсын цол энүүхэнд гэсэн үг л дээ.

Ганцхан жишээ татахад, Баян-Өлгийн Цэнгэл сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын харцага О.Бахыт гэж сайн бөх буй. Энэ хасаг эр ёстой л танилын нүүрээр улсын цолд хүрсэн бөлгөө. Өөрөө ч сайн бөх л дөө. Гэхдээ л танилгүй байсан бол харцага болоо ч уу, үгүй ч үү. Одоо л лав ойрын 20-иод жилд өлгийгөөс улсын цолтой бөх гарахгүй нь тодорхой болов. Бахыт харцага ХААДС-ийн оюутан байж Х.Баянмөнх аваргатай, чөлөөт бөхийн улсын шигшээд 10 орчим жил явж үеийнхэнтэйгээ сайхан үерхэж, танилцахгүй юү. Түүний л үр шим гарсан хэрэг. Яг ийм юм Монголын улс төрд нүүрлээд байна. Та танилтай бөгөөд аль нэг намын/мэдээж АН, МАН хоёрын бол бүр сайн/ гишүүн юм уу дэмжигч байж сая нэг юм ажилтай байх болно. Монголын улс төр хийгээд нийгэмд үйлчилдэг бичигдээгүй хууль энэ юм. Улс төрд амжилт гаргах, ахин дэвшихэд нэгд, танил тал, хоёрт, нутаг ус, гуравт, хэн нэгний нэр нүүр, дөрөвт, эцгийн өв хөрөнгө гээд өчнөөн юм буй. Үүнийг чинь л өнөө “Татаас…” гээд байгаа юм шүү дээ. Та аль нэг хэлбэрийн татаасгүй бол огт явахгүй шүү.

Танил талын тухай дээр хальт өгүүлсэн билээ. Одоо нутаг ус гээчийг бяцхан тодруулъя. Энэ бүр өнгөрсөн зууны дундаас гарч ирсэн одоо ч амь бөхтэй үзэгдэл байгаа юм. Увс аймгийн Давст сумын харьяат Юмжаагийн Цэдэнбал төр, засгийн толгойд гарснаар дөрвөдүүд энэ улсыг бараг нэгэн тавины турш “авч явсан” билээ. Чухам хаашаа гэдгийг нь түүх нэгэнт харуулсан тул давтаад яахав. Төрийн өндөр албан тушаалд увсынхан л очино шүү дээ. Түүнийг дагаад улс орны бүхий л салбарт тэр нутгийнхан ноёлдог болдог юм. “Төрийн толгойд Цэдэнбал данайгаад, Төв цэнгэлдэхэд Баянмөнх данайгаад, төв театрт Түмэндэмбэрэл данайгаад…” гэдэг чинь үүнийг илтгэнэм бус уу? Мэдээжийн хэрэг Х.Баянмөнх муу бөх, Түмэндэмбэрэл тааруу дуучин биш л дээ. Түүх нь тэгж таараад байгаа юм.  Тэр явдал Ардчиллаар үгүй болох болов уу гэсэн чинь үгүй юм аа. Улам хүчээ авдаг байгаа. Бүр аймаг, сум, багаараа “данайх” болов. Түүнийг нь хөөрөгдөхөөр үй олон “Нутгийн зөвлөл” бий боллоо. Монголчууд нэг талаас аймгаараа талцдаг боллоо гэсэг үг. Нөгөө талаас нь үзвэл бүр хагаралдан бутарна гээч. Жишээ нь, Баян-Өлгийн Нутгийн зөвлөл гэж байх. Тэр нь дотроо хасаг, урианхайн зөвлөлтэй. Аймгийн зөвлөл нь нэгжид хуваагдахаараа сумын нутгийн зөвлөл болчихно.

Ингэхээр Алтанцөгц, Буянт, Бугат, Булган, Цэнгэл гээд цөөхөн урианхай сум нэг зөвлөлтэй, нөгөөдүүл нь өөр зөвлөлтэй болчихож байгаа юм. Сумаараа талцсан иргэний бяцхан дайны голомт ингээд л уугиж эхэлнэ дээ. Тэгтэл тэр нь дотроо багийн зөвлөлийн зохион байгуулалттай болж орхино. Сумын наадмын түрүүг тавдугаар багийн урианхайчуудад алдахгүй. Өө, тэгж ярихгүй шүү. Зургаадугаар багийн хасгуудад алдаж огт болохгүй гээд л үзнэ шүү дээ. Наадмын эл хөгийн үзэгдэл нь сонгуульд бүр хүчтэй илэрнэ гээч. Хүний олноор гэгчээр орон нутгийн хийгээд УИХ-ын бүх сонгуулийн түрүүг хасгууд нь авчихна л даа. Бусад холимог ястан аймагт ч тохиолддог юм билээ. Үүнээс үүдээд өнөө монголчууд чинь ёстой тархай, бутархай болж орхидог заншилтай. Ямар сайндаа л Төрийн тэргүүнүүд нь аргаа барахдаа “Монголчууд эвтэй цагтаа хүчтэй” гэх афоризм гаргах вэ. Арга ядсан хүний л үг шүү дээ. Эцгийн хөрөнгө гэж нэг айхтар юм бас байна. Үүнд гайхамшигт жишээ хайх хэрэггүй. Монголын улс төр, улстөрчид дотор захаас аван буй. Тэр дундаа “ах” хоёр намынхан дотор бүр элбэг. С.Баярын хүүхдүүдэд санаа зовох зүйл үгүй. Батж.Батбаярын хүүд бүгд боломжтой гээд ярихад л хангалттай. Өөрийнх нь карьер дуусахаар орондоо хүүгээ сойдог нэг муу аргатай.

Тэр нь тэгээд зөвхөн хөрөнгө дээр суурилсан байдаг нь гарцаагүй юм. “Хөрөнгөтэй л бол Монгол Улс минийх” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх аа. За тэгээд, хөрөнгөтөн оронд байх л үзэгдэл юм биз дээ. Бас нэг том завхруулгыг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь ээ. Тэр бол “Олны танил” гэх тодотголтой болсон болоогүй бөхчүүд, жүжигчид. УИХ-д Гавьяат жүжигчин Б.Батзаяа нэр дэвшээд байхдаа ч яахав. Хүний эрхийн талаасаа болох ч бид түүгээр юу шийдүүлэх юм бэ? Хөзөр тоглож орон байр, эхнэр хүүхдээ орхихыг заалгах юм уу, хаашаа юм. Иймэрхүү “цагаан солиотой” хийрхэл өвчин бүр газар авчээ. Кёкүшюзан гэж хөгийн нөхөр байна. Улс төрөөс зууралдаад бүр салж өгөхгүй нь л дээ. Гишүүн болох гээд чадсангүй. Чадах ч үгүй ш дээ. Сүмогоор олсон “хэд”-ээрээ эхнэрээ л баясгаж байвал барав. Сайд болох гэж бас үзэв. Ичихэд яана даа. Бүр болохгүй болохоор нь Соёл, спортын яамны зөвлөх гэнэ үү, нэг юманд түр тавиад аргаллаа. Ингээд арчаагаа алдаад байвал ч дээ, АН хэцүүдэх л байх. Хэрэгтэй, хэрэггүй юмнуудаас хурдхан салах хэрэгтэй ш дээ.

Эцэст нь эцгийн нүүр гээчийг өгүүлсү. “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэж юутай үнэн үг вэ. Н.Энхбаярын нэрийг хүү нь гэх Э.Батшугар гэдэг мангар пацаан хэмжээгүй олон худалдаж идэх нь л дээ. “Төрийн албаны” хуульд уг нь “Төрийн албан хаагч цэргийн алба хаасан байх ёстой” гэх маягийн заалт байдаг юм шиг байна.

Даанч энэ хөвгүүнд үйлчлэхгүй нь л дээ. Хугацаат цэргийн албанд байтугай гэрээсээ гадуур ганц хонож үзсэн юм болов уу, тэр. Ер нь ядаж ямар нэг асуудлаар бие даагаад өргөдөл биччихэж бардаг болов уу, эл Э.Батшугар. Чингис хаан маань “Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байг” гэж нэгэнтээ хэлжээ. Тэр бол Э.Батшугартангуудад хэлсэн үг болов уу даа. Бөөр нь багалзуур хавьдаа ирчихээд байвал нээрээ юу болох вэ? Бүх зүйл байдаг, байдагтаа л байг гэсэн үг биш үү? Аав нь төрд байдаг юм гэхэд хүү нь хөвүүнээрээ л байг л дээ. Эр өсч, эсгий сунана аа. Тэр цагт харин хаана, хэн байхыг нь үгүйсгээгүй билээ. “Эцэг, хүү тэр” гэдэг шиг Монгол Улсын төд дэх Ерөнхийлөгч болсон ч яадаг юм.  “Болоогүй байна даа” л гэх гэсэн юм. Явж явж бүр ямар нэг яамны дэд сайд болох нь ээ. Төрийн яамыг толгойлолцоод мөн сайхан аа, тэр хүү. Бүр албан шаалтаар тавихдаа тулсан гэнэ шүү. Үүн шиг аймаар юм байх уу, та минь. Монголын төр тоглоомын газар болж таарах нь. Эцэг нь том бол, эцэг нь хөрөнгөтэй бол болдог байх нь. Нэртэйгээр нь үе залгамжилсан хаант засагтай болчихвол дээр ч юм уу? Хэл ам гарахгүй. Санаа амар байхгүй юү. Дараагийн Төрийн тэргүүн Батшугарын хүү, болоо юм биш үү? “Татаасны улс төр өө” гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
Г.МӨНХ .wikimon.


URL:

Сэтгэгдэл бичих