Н.Энхбаяр ялаас мултрах боломжоо бүрдүүлж байна гэнэ

МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэг сунжирч, түүний бие дахин муудаад байна. Гэхдээ энэ удаа түүнийг хэн ч тоохгүй байна. Сонгуулийн өмнөхөн миний дарга, ард түмний ерөнхийлөгч энэ тэр гээд л баахан бужигнасан. Гэсэн ч энэ нь зүгээр л албан тушаалд хүрэх шоу байсан нь одоо нэгэнт ил болсон учраас түүнийг хэн ч тоохгүй байгаа биз. Ингээд эцэст нь экс төрийн тэргүүнд дөрвөн жилийн ял ногдуулахад тэрбээр энэ мэдээг сонсоод л эцэж, турсан бие нь гэнэт муудан, хорих ангиас эмнэлэг рүү шилжсэн. Гэхдээ эмнэлэгт ч түүнийг яг хориход байгаа мэтээр хандаж байгаа гэнэ билээ. Ямартай ч Н.Энхбаярын хувьд улс төрөөс нэгмөсөн ангижирах уу, эсвэл эргэн ирж заналт дайснуудаасаа өшөөгөө авах уу гэдэг хоёр сонголтын дунд амиа аврахаар тэмцэж байна.

Гэхдээ түүнд ял эдлэхгүй суллагдах боломж байна. Учир нь хүнд өвчнөөр өвчилсөн бол шүүх үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлж болно гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Ямартай ч одоогийн байдлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шилжээд байна. Түүнд Сүхбаатар дүүргийн шүүхээс оноосон ял нь хууль бус, хэлмэгдүүлэлтийн шинжтэй гэх үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт давж заалдах өргөдлөө өгөөд байсан билээ. Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын сүүлээр болох төлөвтэй байгаа гэнэ.

Э.Мөнх

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих