Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд хүн амьдрах аргагүй болжээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус сумын II багийн нутаг Ихэрийн зүүн салааны шороон орд 157 га газарт “Жи энд Юу гоулд” ХХК 2006 оноос эхлэн олборлолт явуулснаас болж Шар усан гол ширгэж, сумын төвийн ард иргэд усны гачаалд орсон талаар тэд хөндсөн юм. Хэрэг явдлын учир нь, сумын төвийн 230 өрх айл ундны усаа 30 км-ээс зөөвөрлөж, нэг литр усыг 5 төгрөгөөр, өвөлдөө нэг кг мөсийг 20 төгрөгөөр худалдан авч буй нь нэг литр усыг дунджаар 12 төгрөг 50 мөнгөөр авч хэрэглэж байгаа гэнэ.

Уурхай ажилласан 12 жилийн хугацаанд сумын төвийн иргэд зөвхөн ундны усандаа 621 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн тус компани Гурванбулаг сумын нутаг “Өвөр хөшөөт” хэмээх газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн дахин хөрсний хуулалт хийсний улмаас ард иргэд, уурхайнхны дунд зөрчил үүсч, дүн өвлийн хүйтэнд нутгийн зон олон амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьж, хөрсийг нь хуулсан газар 120 гаруй иргэн гэр барин жижүүрлэж, шат шатанд уламжилсны хүчинд энэ асуудал түр намжсан байна. Гэтэл “Жи энд Юу гоулд” компанийнхан энэ оны наймдугаар сарын 31-нээс эхлэн “Өвөр хөшөөт”-д хүч түрэмгийлэн орж, хөрсний хуулалт дахин хийж эхэллээ. Алт олборлохоор зэхэж буй энэ газарт ямар нөхцөл байдал үүсээд байгааг нутгийн иргэд ингэж тодорхойлжээ.
1. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай Монгол улсын хуулийн хавсралтаар батлагдсан алтны шороон ордын ашиглалтыг цуцлах 254-р жагсаалтанд хамрагдсан
2. Дээрх компани нь 2006 оноос манай сумын нутаг Ихэрийн аманд 157 га газар ашиглалт явуулснаас 145,8 га газарт нөхөн сэргээлт огт хийгээгүй.

3. Өвөр хөшөөтийн аманд түрэгийн үеийн түүх дурсгалын буган чулуун хөшөө байдаг ба үүнийг сумын ИТХ-ын тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан.
4. Мөн Өвөр хөшөөт нь тус сумын төвийн аж ахуйн нэгж, албан газар, иргэдийн ундны усаар хангах гүний худаг гаргах ганц цэг нь бөгөөд одоо худаг гаргах тендер зарлагдаад байгаа юм.
5. Шар усны гол нь Хар ус, Завхан голтой нийлж, Тайширын усан цахилгаан станцын усны нөөцийг бүрдүүлж улмаар Хяргас нуурт цутгадаг.
6. Өвөр хөшөөт нь сумын төвөөс 1,5 км-т оршдог учир уурхайн үйл ажиллагаа явагдахад хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учраад зогсохгүй орчмын 9 өвөлжөө, хаваржаа бүхий 27 өрхийн 12.000 малын бэлчээр үгүй болно.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 39.7-д “Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй” гэсэн заалт болон мөн хуулийн 56.1.5-д “Төрийн Захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан үндэслэлээр цуцална” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж байна гэсэн байна.

“Жи энд Юу гоулд” ХХК-ийн энэхүү бусармаг үйл ажиллагааг нутгийн ард иргэд эсэргүүцэж, эрх баригчдад ханджээ. Гэтэл тус компанийнхан ус нутгаа хамгаалсан иргэдийг элдвээр дарамталж, төрөл бүрийн зохиомол хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж, сэтгэл санаа хөрөнгө мөнгөөр хохироож, хууль бус аргаар өөрсдийнхөө хүсэл шуналыг гүйцээж байгаа гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар хэрэв “Жи энд Юу гоулд” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Өвөр хөшөөтөд алт олборлох аваас Гурванбулаг сумын төв орчмын газар бүхэлдээ бохирдож, Шар усан гол төдийгүй Хар усны гол, Түргэн, Билүүтийн гол ширгэж, сумын 2400 иргэн нутагтаа амьдрах ямар ч боломжгүй болно хэмээсэн юм.
 


Э.Мөнх

”Монголыэ мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих