Гэрч Ц.Оюунгэрэл гэлбэлзэв

Сүүлийн үеийн улс төрийн хачир болсон мэдээгээр эрхэм гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын өрнүүлсэн зодоон тодроод байна.

Төрийн ордонд, тэр тусмаа төрийн түшээдийн дунд болсон учраас монголчууд сонирхоод байгаа хэрэг л дээ. Түүнээс биш аатай монгол эрчүүд хаа л бол хаа нударга зөрүүлж л байдаг. Ерөөс монгол эрчүүд хэлэх хэлэхгүй үгээр ам хэлээ билүүдэж байхаар “гараад үзчихдэг” шулуухан зантай. Гэхдээ ингэж үзчихээд араас нь олон долоон юм яриад байдаггүй. Энэ бол өнөөх жудагтай монгол эрчүүдийн зан.

Харин эл хоёр гишүүний гар зөрүүлсэн асуудал хувь эрчүүдийн бус хувьсгалын хэрэг болчих гээд байх шиг. У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын хооронд болсон явдал хэвлэлийнхний нүдэн дээр, телевизийн дурангийн өмнө ил тод болсон. Хаа хамаагүй нэгэнтэй ярьж байсан У.Хүрэлсүхийг Г.Баярсайхан өдөж шоронд байх ёстой энэ тэр гээд авч өгч. У.Хүрэлсүх ч гараад ярья гэж. Харин Г.Баярсайхан өөдөөс нь салаавч өгч. Энэ бүхнийг суудал зэрэгцээ гишүүд харж л байсан. Тэр дундаа Ц.Оюунгэрэл гишүүн хараад сууж байлаа. Энэ бол зураглаачдын камер, зурагчдын дуранд тод үлдсэн дүр зураг.

Иймээс асуудал шүүх цагдаа дээрээ тулвал хэн хэргийг эхлүүлсэн бэ гэх асуулт гарахад гэрчээр Ц.Оюунгэрэл гишүүн гарцаагүй татагдах болж байгаа юм. Иймээс “Г.Баярсайхан гишүүн эхэлж салаавч гаргасныг та батлах уу” гэж асуухад Ц.Оюунгэрэл ихээхэн сандарч “үгүй” гэх хариулт өглөө. Хараад сууж байсан зураг нь байсаар байтал Ц.Оюунгэрэл гишүүн “Би Г.Баярсайханыг салаавч гаргахыг хараагүй” гэж бултав. Улаан цайм бултах гэж үүнийг л хэлэх байх. Энэ зураг дээр хэн ч харсан ойлгомжтойгоор У.Хүрэлсүхийн өмнөөс Г.Баярсайхан салаавч гаргахыг цаана нь Ц.Оюунгэрэл гишүүн харж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Ийм байтал хатагтай Ц.Оюунгэрэл “би хараагүй” хэмээн сандран бултах нь цаанаа юу өгүүлнэ вэ.

alt

Арай асуудлыг улстөржүүлэх гэсэн хөгийн гаргалгаа баймааргүй юм. Алсын Америкт шударга ёсонд суралцаж ирсэн гэх тодотголыг өөрөө өөртөө өгсөн Ц.Оюунгэрэл гишүүн арай асуудлыг улстөржүүлэн гүтгэх гэдэгт гүнзгий суралцчихсан юм биш биз. Ямартай ч гишүүн хатагтай нүдээр үзсэнээ өнөөдөртөө батлахгүй санаатай нь тодров. Гэхдээ хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш цагт хувиршгүй төрх нь засагдах биз ээ.

Тэгээд ч эл асуудал шүүх цагдаад очиж хайнаа хагалахыг хүлээж байгаа эсэх нь таамаг төдий. Зүгээр л хүчний байгууллагад хандсан гээд байхаар нь илүү үгэнд дурлаад гишүүн хатагтайгаас асуусан хэрэг.

Нийтийн дунд “Г.Баярсайхан гомдоод У.Хүрэлсүхийг цагдаад өгч гэнэ. Үгүй ээ, У.Хүрэлсүх нь Г.Баярсайханыгаа өгчихсөн юм биш үү” гэх зэргээр нийгэмд сураг төдий яриа газар авсаар байна. Энэ талаар Г.Баярсайхан гишүүнээс асуухад “би цагдаа, шүүх гэж гүйгээгүй ээ. Олон нийтийн байгууллага энэ тэр миний өмнөөс явдаг газраар нь яваад эхэлчихсэн байна билээ” хэмээн гайхсан өнгөтэй хариулав. Ингэхээр Г.Баярсайхан эр улсын хоорондох асуудал гээд орхиж. Харин хар хүний өмнөөс шар хүн гэгчээр Ардчилсан намын хэсэг нөхөд улс төрийн тоглолт болгохоор гүйж яваа гэдэг ортой болж таарав. Ингэхээр эр улсын хоорондох асуудал эрээгүй улстөржилтийн бай болох нь тодорхой болж үүнийг гэрчлэх Ц.Оюунгэрэл гишүүн гэлбэлзэж гүйгээд байгаа бололтой.

Ардчилсан намын дарга нар арай Г.Баярсайхан гишүүнд сайтар заргалд гэсэн чиглэл өгч, намынхаа бүлгийн гишүүдэд ч энэ тал дээр анхаар гээд үүрэгдчихсэн юм биш биз. Хэрвээ тэгээгүй бол Ц.Оюунгэрэл хатагтай юунд учиргүй сандран үнэнээс бултаж гүйх билээ дээ. Мартахын мананд төөрөлдчихөөд байгаа Ц.Оюунгэрэл гишүүний “үгүй”-н цаанаа чухам юу нуугдана вэ.

М.Мөнхчимэг                           Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих