Монголын үрс олон битгий болоосой

АН-ын эмэгтэй гишүүд цэцэрлэгийн хоолны мөнгийг төр 100 хувь биш талыг нь л гаргах учиртай гэж мэдэгдлээ.

Ингэснээр төсөвт тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болох юм гэнэ. Улмаар өдрийн 1100 төгрөгийн хоолны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд 2100 төгрөг төсөвлөх шаардлагатай гэж тайлбарлалаа. Мэдээж, үүний тулд цэцэрлэг 50 хувийн “төлбөр”-тэй болно. Мөн сурагчдын сурах бичгийг төлбөртэй болгосноор аав, ээж нь хүүхэддээ анхаарлаа хандуулж эхлэх юм байх. Иймээс төсвийн тодотголд энэ бүхнийг суулгаж өгөхийг бүлгийн бүсгүйчүүд гаргасан байна.

Аль ХХ зуунаас хойш эцэг, эхчүүд хоолны мөнгөнийх нь 50 хувийг даасаар ирсэнийг ч тэд тодотгохоо мартаагүй гэх. Гэвч энэ нь хөрсөнд буухдаа ямар үр дагавар авчирахыг эрхэм авхай нар тооцоолсон болов уу. Эрхэм түшээд имижээ арай л өөрөөр бүрдүүлээд эхлэх шиг. Зоосны нүхээр хүүхдийн ирээдүйг дурандах хэрэг байна уу, эрхэм гишүүд ээ. Аль эсвэл хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийн шархаа цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс олох үүргийг намын даргаасаа аваа юу. Хэрэв үгүй бол гаргасан саналаа дахин нэг харахад буруудахгүй л болов уу.

Тансаг “харш”-ид өсч, төлбөртэй цэцэрлэгт хүүхдээ хүмүүжүүлсэн тэдэнд цэцэрлэгийн хоолны тал мөнгө юман чинээ сонсогдохгүй л байгаа байх. Өнөөдрийн түвшинд цэцэрлэгийн хүүхдийнхээ төлбрөт сар бүр 7500 (өмнө нь өгч байснаар нь тооцвол) өгөөд байх гэр бүл хичнээн байгаа бол. Мэдээж, энэ мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой. Юмны үнэ хэд дахин өссөн юм хойно. Урьд нь төр хоолны 50 хувийг нь хариуцаж, үүндээ жилд зургаан тэрбум төгрөгийг төсвөөс гаргадаг байлаа. Харин бүх зардлыг 100 хувь дааснаар жилд 13 тэрбум төгрөгийг төсвөөс гаргах шаардлагатай болсон.

Гэхдээ ямаанд зориулж 30 тэрбум төгрөг төсөвлөдөг эрхмүүдэд энэ мөнгө өчүүхэн төдий. Харин энэхүү шийдвэрийн ачаар олон хүүхэд гэрийнхээ мухарт, хаалттай хаалга сахиж өнжихөө больсон юм. Хоолтой, хоолгүй гэрийн мухарт үлдээж байхаар төлбөргүй юм цэцэрлэгт өгчихье хэмээх болсноор хүүхдийн тоо ч эрс нэмэгдсэн. Тухайн үеийн боловсролын сайдын яриагаар дээрх шийдвэр гарсны дараагаар цэцэрлэгүүд ачааллаа дийлэхээ больж, хүүхдийн тоо хоёр дахин өссөн юм.

Цэцэрлэг нэмж барих шаардлагатай гэх амтай бүхэн ярьдаг ч амьдрал дээр ажил хэрэг болгосон нь цөөн. Сонгууль бүрийн сурталчилгаанд сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдөж, хашаанд нь шахуу бариад өгнө хэмээн амладаг ч харамсалтай нь, хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж эцэг, эхчүүд нойр хугаслан дугаарлаж, ар, өврийн хаалга харж, байдгаа барьж гүйх болсон. Гэсэн ч тэд улсын цэцэрлэгийг төлбөртэй болгоод өгч гэж ам ангай байсан удаагүй.

Харин жендерийн мэдрэмжтэй сонгуулийн буянаар хүүхдээ өглөө, оройгүй зөөх зовлонгоос ангижрах нь. Мэдээж, цэцэрлэг “төлбөртэй” болвол мөнгөтэй, мөнгөгүйгээрээ ялгарч, аавын алаг хүүхдийг алагчлах шаардлага бий болно. Төсвийн тодотголд ганц цэцэрлэгийн асуудал шийдвэх талаар үг унагаагүй тэдэнд баярласандаа нулимс дуслуулах жаахан хүүгээ гэрт нь цоожлоод ажилдаа гарах болно.

Мөнгөгүйн зовлон юм хойно, хэндээ ч гоморхох билээ. Жаахан хэдэн цаас хураахаараа дараа жил явуулна гэж хүүгээ аргадаад үлдээнэ. Цоожтой хаалга сахин үлдэх хүү хоолтой, хоолгүй байх нь УИХ-ын гишүүний сэтэртэй эрхэм хатагтай нарт ямар ч падлийгүй. Ингэж өдөр хоногийн аргацаасаар хүүгийн сургуульд орох нас нь ч болно биз. Хэрэв элдэв юм тохиолдчихгүй л бол. Гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд элдвийн хэрэг тарихыг алийг тэр гэхэв.

Ямартай ч Монголын үрс маш олон болтугай гэх шаардлагагүй болох нь. Хүүхэд олдох тусам цэцэрлэгээ нэмэгдүүлэхээсээ илүүтэй эдийн засгийн хөшүүргээр хуваарилалтыг нь хийх тул олонтойгоо нийгэмшээгүй, цоожтой хаалганы цаана хүүхэд насаа үдсэн олон олон үрс Монголын ирээдүйг гэрэлтүүлэх нь юу л бол.Уг нь парламентад байгаа бүсгүйчүүдээс сонгогчид нь өөр зүйл хүсч байлаа.

Бүсгүй хүний торгон мэдрэмжээр асуудалд хандана гэж итгэсэн. Харамсалтай нь, тэд олны нүдэнд өртөх имижээ бүрдүүлж эхлэв үү, эсвэл мөнгөтэй, мөнгөгүйгээр нь алагчлах нь хүйтэн сэтгэл өвөртлөх үү. Асуудалд эрэгтэйчүүдээсээ арай л өөр өнцгөөс хандлаа. Магадгүй тэдний гаргасан шийдвэрийн ачаар ачааллаа дийлэхгүй байгаа цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрөх байх. Бүр хоёр дахин ч цөөрч мэднэ. Баярлалаа, гишүүд ээ.

Л.НИНЖ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих