Хоёр хүүхэд эндэж, есөн хүүхэд гэмт хэргийн золиос боллоо

Цаг бусаар амь насаа алдсан 12 настай Е-гийн үхлийн буруутнуудын нэг нь зуурмаг Шахагч помпыг жолоодож явсан Солонгос улсын иргэн юм. Тэрбээр тухайн үед зуурмаг шахагч помпоо буруу газар байрлуулсан аж. Ингэхдээ газрын байрлал, аюулгүй байдлыг сахихгүйн улмаас энэ хэрэг үүджээ.

Түүнчлэн солонгос иргэний барьж байсан зуурмаг шахагч помп “Орд гео” компанийн нэр дээр бүртгэлтэй юм байна. Мөн “Төгс гүрэн” хэмээх компани ямар ч зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байсан. Барилгын ажлаа “МҮДИ” гэдэг Солонгосын компаниар гүйцэтгүүлж байжээ.

Долоон настай хүүхэд дайрч, хөнөөсөн этгээдийг цагдан хориогүй гэв

Баянгол дүүргийн VII хороо 13 дугаар сургуулийн арын замд энэ сарын 4-нд 13.30 цагийн үед тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, долоон настай хүүхдийг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Энэ тухай Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулахад “Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт энэ хэргийг шалгаж эхэлсэн. Хэргийн газрыг орхин зугтаагүй тул жолоочийг цагдан хориогүй, батлан даалтад байгаа” гэв.

Түүнчлэн хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон жолооч Д-д Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ заалтад жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.

Авто машины ослоор таван хүүхэд гэмтэв

Шинэ долоо хоног эхлээд хоёр хоноход хоёр хүүхэд хичээлээ тарж яваад харамсалтайгаар нас барлаа. Үүний зэрэгцээ энэ сарын 5-нд авто ослоор таван хүүхэд бэртэж гэмтэв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VI хороонд зургаан настай Ж машинд мөргүүлж гэмтжээ. Мөн Сүхбаатар дүүргийн III хороонд есөн настай хоёр хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бага насны хүүхдүүд ийнхүү автомашины осолд өртөн нас барж, бэртэж гэмтэж буй нь жолооч нарын хариуцлагагүй байдалтай холбоотой гэнэ.

6-8 насны дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртжээ

Баянзүрх дүүргийн XIX хорооноос цагдаагийн байгууллагад “Манай 5-6 насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө” гэсэн дуудлага өчигдөр өгсөн байна. Энэ мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиж шалгажээ. Тус дүүрэгт амьдардаг 16 настай эрэгтэй Б нь гэрийнхээ хажуу талд байрлах амбаарт зургаан настай Н, Э, М болон найман настай Д нарыг “Хоол хийж өгье” хэмээн хуурч авчран зүй бусаар бэлгийн дур хүслээ хангасан байна. Насанд хүрээгүй 16 настай Б-г хэдэн удаа ийм үйлдэл хийсэн гэдгийг нь үргэлжлүүлэн шалгаж байна.

Л.Алтанхишиг

”Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих